Н.Түвшинбаяр аварга есөн саяар авсан бүтээл

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр уран зураг сонирхдог болжээ. Тэрбээр “Norphei art gallery”-д үзэсгэлэнгээ гаргасан зураач, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш Ө.Гандуламын бүтээлүүд дундаас “Ойд” хэмээх дээрх бүтээлийг есөн сая төгрөгөөр худалдаж авсан байна.

Аварга галерейд орж ирээд хөлөө амраахдаа энэ зургийн өөдөөс харан сууж таарчээ. Зургийг хэсэг ширтэж суухад аяндаа тайвширч, алжаал тайлагдах шиг болоход нь үзэсгэлэн зохион байгуулагчдад хандан “Ойн гүнд байгаа юм шиг мэдрэмж төрлөө, ямар сайхан бүтээл вэ” гээд зургийн үнийг, мөн зураачийн талаар асууж, ихэд таалагдаж байгаа талаараа дуулгаад гарчээ.

Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа эргэж ирээд өнөөх туурвилыг өөрийн болгосон аж. Харин зургаа галерейгаас гаргаж авах гэсээр бараг 20 хоносон гэнэ. Өөрийнх нь машинд багтахгүй байсан болохоор том тэрэг хөлөглөж ирэх гэсээр байтал уджээ.

Зураач, багш Ө.Гандулам нь Санкт-Петербург хот дахь И.Е.Репиний академид суралцаж байгаад, Москва дахь В.И.Суриковын нэрэмжит академийг төгссөн уран зургийн мастер юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай