Ц.Даржаа: Мао дарга бидэнд 20 тонн ус явуулсан байж билээ

-Бидний аялал Монгол, Хятадын спортын салбар дахь хамтын ажиллагааны эхлэл болсон-

Одоогоос 64 жилийн өмнө БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Ц.Дамбийгаар ахлуулсан 12 хүн Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Улаанбаатар руу 3000 гаруй км замыг унадаг дугуйгаар туулсан билээ.

Монгол, Хятадын спортын салбар дахь хамтын ажиллагааны эхлэл болсон эл аялалд оролцсон тэднээс ганцхан дугуйчин өдгөө амьд сэрүүн байна. Тэр бол Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, дугуй, тэшүүрийн спортын нэрт тамирчин Цэвгээгийн Даржаа гуай юм.

Өдгөө 79 настай тэрбээр Гавьяат тамирчин Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав, Ж.Өлзий-Орших, Инсбрук, Токиогийн олимпод хурд сорьсон Л.Буудай тэргүүтэй дугуй, тэшүүрийн олон шилдгийн гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэн, Монголын дугуйн холбоог байгуулсан билээ. Монголын анхны дугуйчин, тэшүүрчдийн нэг түүнтэй ярилцлаа.

-Та бүхнийг Бээжин рүү дугуйгаар аялуулах аяллыг хэн санаачилсан юм бэ. Дугуйчдыг ямар шалгуураар сонгож байв?

-Түүхэн аяллыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооноос санаачилсан. Монгол, Хятад улс эртний хамтын ажиллагаатай. Дээр үеэс бие биенээ тулж, дэмжсээр ирсэн хөршүүд. Түүхэн хуудас сөхвөл Мао Зэдун БНХАУ-ын тусгаар тогтнолыг 1949 оны аравдугаар сарын 1-нд дэлхий даяар зарлан, тунхагласан түүхтэй.

Эл явдлаас тав хоногийн дараа Монгол Улс Хятадын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ерөнхий сайд асан Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар 1652 оны аравдугаар сарын 4-нд Монгол, Хятадын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан. Хоёр орны хооронд байгуулсан анхны хэлэлцээр тэр. Харин спортын салбарт хамтрах болсон нь бидний аяллаас эхтэй. Их дуулиантай үйл явдал болсон доо.

Аялалд хамрагдахаар төрөл бүрийн мэргэжилтэй 270 гаруй хүн өргөдөл бичсэн юм билээ. Тэдний дунд Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла, Монголд амьдарч байсан гадаадын хүн ч байсан гэдэг. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн сонгон шалгаруулалтад нас, спортоор гаргасан амжилт, хэлний мэдлэг, боловсрол, нийгмийн гарлаас авхуулаад олон зүйлийг чухалчилсан.

Тэдгээрийг харгалзаж байгаад төрөл бүрийн мэргэжилтэй 12 хүнийг сонгосон юм. Тухай үед би дугуй, тэшүүрийн улсын хошой аварга болчихсон, жинхэнэ цахилж явлаа. Тодорхой амжилт гаргачихсан, хань ижилтэй болоогүй, татлаа түтлээгүй байсан нь намайг сонгоход нөлөөлсөн болов уу. Аав, ээж хоёр минь Төв аймгийн Замтын булагт мал малладаг байв. Санаа нь зовох байх гэж бодоод дугуйгаар Бээжин рүү явах болсноо хэлээгүй.

Аяллын маршрут, чиглэл, төлөвлөгөөг бүгдээрээ зөвлөж байгаад гаргасан. Улсаас бүх техник хэрэгслийг бэлтгэн, зардлыг даасан юм. Ц.Дамбийгаар ахлуулсан бид нэлээд хэд хоног бэлтгэл хийгээд МАХН-ын Төв хорооны тусгай төлөөлөгч С.Лувсанлхүндэвийн хамт 13-уулаа 1954 оны дөрөвдүгээр сарын 15-нд аяллаа эхэлсэн.

Биднийг Сүхбаатарын талбайгаас үдэхэд хэчнээн олон хүн цугласан гэж санана. Хүмүүс биднийг бүчин, цагдаа нарын гаргасан “зам”-аар явж байлаа. Монголчууд маань биднийг дагаж явсаар одоогийн Амгалангийн гүүр хүртэл гаргаж өгсөн.

-Хэдийгээр дөрөвдүгээр сард аялсан ч тийм ч дулаахан байгаагүй юм билээ. Эхний өдөр хэдэн км зам туулсан бэ?

-Бид эртний Торгоны зам дагуу үхэр, тэмээн тэрэгний жимээр явсан. Замаа олохгүй төөрч будилсан нь зөндөө. Цаг агаарын нөхцөл байдал, зам харгуйгаас шалтгаалан өдөрт харилцан адилгүй зам туулсан. Өдөр нь явж чадаагүй замаа шөнө нөхөж байлаа. Тэгэхгүй бол төлөвлөснийхөө дагуу явж, товлосон өдрөө Бээжинд очиж амжихгүй. Эхний өдөр 50 гаруй км зам туулан, Буурлын даваанд хоносон.

Лав харанхуй болж, юу ч харагдахаа байтал явсан юм даг. Хуурай идэх юм идэж хоночихоод өглөө сэртэл майхан дээрээс юм дараад байх юм. Гайхаад хартал нэвсийтэл цас дарчихаж. Тэгж байтал Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны дарга Жигмэддорж гуай машинаар давхиж ирлээ. “Унадаг дугуйны дугуй далдартал цас орж. Та хэд минь дажгүй хонов уу” гэж инээхэд манайхны нэг нь “Энэ их цастай талыг яаж туулна аа. Ер нь Бээжин орно гэхэд бармааргүй санагдаж байна” хэмээгээд зад загнуулсан.

Бид дугуйгаа мөрөндөө үүрээд цааш алхлаа. Дамбий даргын гаргасан замын дагуу бие биенийхээ хөлний мөрөн дээр гишгээд л алхаж билээ. Зах хязгаар нь харагдахгүй өргөн талд, өвдөг татсан цасан дундуур алхаж явахад юм, юм бодогдсон. Би лав “Аяллын эхний өдөр ийм байдаг. 1500 гаруй км зам туулахад юу эс тохиолдох вэ. Больдог ч юм бил үү” гэж. Түүнийгээ бусдадаа хэлж зүрхлээгүй. Нөхдийнхөө сэтгэл санааг үймүүлээд яах вэ гэж болгоомжилсон хэрэг.

-Аяллын явцад хамгийн бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйл юу байсан бол?

-Цангах. Хүн даарвал дулаахан хувцас өмсчихнө, халууцвал нимгэлчихнэ. Гэтэл цангавал ус уухаас өөрөөр яах ч аргагүй. Замдаа нэлээд ядарч, цангахын туйл болсоор Дундговь аймагт очсон. Хурдхан ус уух сан гэж хэчнээн их яарсан гэж санана.

Шуурга, салхи, бороог сөрсөөр арайхийж очингуутаа л “Ус байна уу” гэсэн. Гэтэл “Ус байхгүй. Тэмээгээр өглөө усанд явсан. Удахгүй ирнэ” гэж хэлэхэд ёстой барайсан, цаг хугацаа зогсчих шиг болсон. Тэнд амны цангаа тайлах ч ус байгаагүй. Өнөөх усанд явсан хүнийг хэдхэн цаг хүлээнэ гэдэг хэдэн зуун жил шиг санагдсан.

Жаахан амарч байтал “Ус ирлээ. Аялагчдаа уугаарай” гэж гэрийн гаднаас хэн нэгэн биднийг дуудахад ямар сайхан сонсогдсон гээч. Тэр хүний хоолой миний санаанаас ер гардаггүй юм. Аан нээрэн, цангахаас дутахгүй нэг том бэрхшээл байсан шүү. Сая гэнэт саналаа.

-Юу юм бэ. Та тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Говийн шуурга. Гэв гэнэт шуураад, элсээр нүүр нүдгүй балбах нь аймаар. Амьсгалах сөхөө өгөхгүй тийм хүчтэй шуурдаг юм билээ. Амьсгал боогдон, үхэх гээд байсан шүү. Толгой дээгүүрээ дээл нөмрөн, доошоо харж хэвтэхээс өөр аргагүй. Ойролцоогоор 20 гаруй минут үргэлжлэх шуурганд арайхийж тэсэж үлдчихээд элсэнд булагдсан дугуйгаа босгоод л алхдаг байлаа.

Дугуйны араанд элс шигээд жийж явахад бүр ч хүндрэлтэй. Шажигнуулаад л жирийлгэдэг байлаа. Бид өдөрт 11 төгрөг, 30 мөнгөний төсөвтэй. Монголчууд төдийгүй хятадууд үнэхээр их дэмжсэн. Хятадын хилийн дээс алхсаны дараа бидэнтэй Их жүрэм гэдэг нэртэй өвөрмонгол орчуулагч нэгдсэн.

Монгол, хятадаар ус, цас шиг ярьдаг, “Адуучны дуулал” киноны гол дүрд тоглосон, бас Сталины дүрийг бүтээсэн хүн л дээ. Ангаж, цангаж явааг дуулаад ч тэгсэн юм уу, Мао Зэдун бидэнд 20 тонн ус илгээсэн. Тэрнийх нь буянд цангахын зовлонг дахиж амсаагүй. Тэгж явсаар биднийг дөрөвдүгээр сарын 2-нд Бээжинд очиход хятадууд “Монгол, Монгол” гэж уухайлсаар “Хөдөлмөрчдийн зуны ордон”-д угтсан.

Тэнд гурван хөрш гүрний удирдагч болох Малинков, Цэдэнбал, Мао Зэдун нарын томоо гэгчийн хөргийг байрлуулсан байлаа. “Энх тайван” зочид буудалд байрласан бид очсоныхоо маргааш нь Майн баярын ёслолд оролцон, Тяньаньмэнийн талбайд жагссан. Тэгж нэг дор анх удаа олон хүн харж билээ. Сүхбаатарын талбайд цуглан, биднийг үдсэн хүмүүстэй жишихийн аргагүй.

Тэнд цугласан олны тэргүүнд биднийг жагсаасан нь ямар том хүндлэл байв аа. Хятадын коммунист намын дуулал эгшиглэн, Мао Зэдун гараа даллан, мэндэлснээр нээсэн. Дамбий дарга Төрийнхөө далбааг мандуулан, бид араас нь цэцэг барин алхсан мөч хамгийн сайхан. Бас болоогүй бидэнд томоо гэгчийн улаан урилга өгч, индэрт урьсан. Би Мао Зэдуны яг арын сандал дээр суусан шүү.

-Та түүнтэй уулзсан уу?

-Уулзаагүй. Жагсаалд алхаж явахад бидэнд гараараа даллан, баяр хүргэсэн. Үг хэлэхдээ бидний тухай зөндөө зүйл ярьсан. Мао Зэдун “Монгол, Хятадын ард түмний болон улс төр, спортын эвдэршгүй найрамдал мандтугай” гэж хэлсэн. Гоё утгатай үг шүү.

Хятадын түүх, дурсгалын олон гоё газрыг бидэнд үзүүллээ. Монгол, Хятадын хооронд спортын хамтын ажиллагааны эхлэлийг тавих зорилгодоо хүрсэн биднийг тавдугаар сарын 18-нд Хөдөлмөрчдийн соёлын ордонд үдсэн юм.

-Та тэр бүхнийг сайн санаж байгааг бодоход сэтгэлд тань тод үлдсэн бололтой?

-Хүмүүс надад тэгж хэлдэг л юм. Насаараа спортоор хичээллэн, дугуй, тэшүүрийг хөгжүүлэхийн төлөө зүтгэсний өгөөж болов уу. Бээжин рүү дугуйгаар аялсан хүмүүсээс амьд үлдсэн цорын ганц хүн нь, би. Түүхэн аялалд оролцсон хүмүүсийн нэг Н.Тарваа саяхан нас барлаа.

Бид хоёр боломж л олдвол уулзан, аяллынхаа тухай дурсамж дэлгэдэг сэн. Тэгэхгүй бол мартчих гээд байдаг гэмтэй. Н.Тарваа “Хүн 20 жилийн доторх үйл явдлыг санадаг гэнэ. 60 гаруй жилийн өмнөх юмыг хоёулаа алдалгүй санаж дийлэх болов уу” гээд инээдэг сэн.

-Хоорондоо төсгүй дугуй, тэшүүрийн спортоор хичээллэн, хоёулангаар нь олон алдартныг бэлтгэсэн тань сонирхол татаж байна. Таныг тамирчин байхад дээрх хоёр спортын хөгжил, техник, хэрэгсэл хэр элбэг байв?

-Бараг 20 нас хүрэхдээ спортоор хичээллэсэн. Монголын анхны дугуйчин, тэшүүрчин гэдгээрээ бахархдаг. Хэн нэгнээр дасгалжуулан, тэг, ингэ гээд заалгасан юм байхгүй ээ.

Бэлтгэл хамт хийдэг байсан тамирчин, өрсөлдөгчид миний багш. Бэлтгэлийн орчин нөхцөл, техник хэрэгслийг өнөөгийнхтэй жишиж, харьцуулахын аргагүй. Бүдүүлэг байсаан. Би дугуй, тэшүүрийн УАШТ-д нийт 20 гаруй удаа түрүүлсэн.

1955 онд болсон оюутны ДАШТ-ий 197 км-ийн уралдаанд VI, 100 тойргийн өрсөлдөөнд VII байрт шалгарч байлаа. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв миний тухай “Модон дугуйтай тэрэг хөлөглөсөн монголчуудын сураг тасрахад төмөр дугуй унасан хүн гарч ирлээ” гэж шүлэглэсэн удаатай.

-Та ер нь хэдэн шавьтай вэ?

-Би тэд гэж тодорхой хэлэх дургүй. Тоо нь гүйцчихвэл яана. Ер нь дугуй, тэшүүрийн анхдагчид, дээхнэ үеийн тамирчид бүгд миний шавь. Өөрийгөө худлаа магтаж, дөвийлгөж байгаа юм биш шүү. Үнэн юмыг яалтай билээ. Сүүлийн үед шавийн шавь нар л төрж байна даа.

-Дээхнэ үед тамирчдын амжилтыг хэрхэн шагнаж, урамшуулдаг байв?

-Одооны тамирчид томоохон тэмцээнд түрүүлэхэд их хэмжээний мөнгөн шагнал, төрийн өндөр цол хүртэж байна. Бидний үед ийм байгаагүй. Ганцхан жишээ хэлье. Монголд анх удаа зохион байгуулсан дугуйн олон улсын тэмцээнд би түрүүлж байлаа. 1954 онд болсон тэмцээн л дээ. Тухайн үед Биеийн тамир, спортын хорооны даргаар Ж.Лхагвасүрэн жанжин ажиллаж байв.

Ёстой эх оронч, шударга, сайхан хүн дээ. Тэмцээний өмнө тэрбээр бидэнд “Хятад олон мянган дугуйчинтай. Тэднээс олон дахин шигшин байж тамирчдаа сонгож, тэмцээнд оролцуулдаг юм байна. Улаанбаатарт болох тэмцээнд Хятадын гурван лут амьтан өрсөлдөнө гэнэ. Нутгийнхаа дэвжээнд түрүү алдаж болохгүй. Монгол тамирчин алтан медаль хүртвэл бүгдийг чинь шагнана. Даржааг сайн дэмжээрэй. Хэрэв дугуй нь эвдэрвэл шууд өөрийнхийгөө өгнө шүү” гэж үүрэгдэв.

Багаараа махийтал зүтгэн, нэг нэгнээ гэсэн сэтгэлээр уралдсаны хүчинд би түрүүлсэн. Цугласан олон “Тэрбум хүнтэй Хятадын тамирчдын өмнө морь унаж өссөн монгол хүү орлоо” гээд бөөн баяр. Тэгж түрүүлэхэд намайг дотоод үйлдвэрийн модон чемодан, альбом, сайшаалын бичгээр шагнасан. Улсынхаа даалгаврыг биелүүлж, Монголдоо түрүү алдсангүй гээд мөн ч их баярлаж билээ.

-64 жилийн тэртээх аяллыг сэргээх гэж байгаа гэж дуулсан. Үнэн үү?

-Үнээн. Хятадын Засгийн газраас бидний аяллыг ирэх есдүгээр сард сэргээн, Монголын 1000, Хятадаас 4000 дугуйчин хамруулахаар зорьж байгаа юм билээ. Мэдээж бэлгэдэл болгон 12 дугуйчинг онцолно гэсэн.

Энэ тухай надад дуулган, нэлээд хэдэн удаа зөвлөсөн. Миний сэтгэл их хөдөлж байна. БТСГ-ын дарга Шаравжамж тэргүүтэй удирдлагатай уулзан, дэмжихийг хүссэн.

Одоохондоо тоймтой ажил хийгээгүй л байна. Төсөв, санхүүгийн хүндрэл байгаа юм байлгүй. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал бичихээр төлөвлөсөн. Хэрвээ энэ аяллыг дахин сэргээж, Бээжинд хамт очсон 11 нөхрийн минь дурсгалыг хүндэтгэвэл сайхан л байна. Монголын төр, засаг нааштай хариу өгч, дөмөгхөн дэмжээсэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай