Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг “өнхрүүлсээр” байх уу

Өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг долоон чиглэлээр 42 заалт бүхий төсөл боловсруулаад байгаа юм байна. Анх удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга, улсын хэмжээнд өрнүүлсэн хэлэлцүүлгийн үеэр хамгийн их давтагдсан саналуудад тулгуурлан боловсруулсан уг төсөл төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, засаглал хоорондын тэнцвэрийг хангах, бүх шатанд хариуцлага сахилга, хяналтыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зэрэгт үндсэндээ чиглэж буйг ажлын хэсгийнхэн онцолж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын товчлуур дарахыг хориглох, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг 30 болгож нэмэх, ээлжит чуулган хуралдах өдрийн тоог нэмэгдүүлэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх, тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж болох зэрэг заалт тусгаад буй аж.

Мөн УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж, гүйцэтгэх засаглал бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, парламент төсөв хэлэлцэж, батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэхийг хориглох, УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох, “давхар дээл”-тэй сайдын тоог хязгаарлахтай холбоотой заалтууд ч тусгалаа олоод байгаа гэнэ.

Түүнчлэн шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ шүүх нь засаглал болохын хувьд аль ч институцээс хараат бус, бие даасан байлгах заалтууд уг төсөлд тусгасан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчид нь өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосноос гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгахаар оруулсныг ажлын хэсгийнхэн онцлов.

Мөн төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх, албан тушаалд дэвшүүлэхдээ ил тод, шударга байдлыг хангаж чадахуйц зарчим баримтлахыг Үндсэн хуулиар баталгаажуулахаар зааж өгчээ. Түүнчлэн улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох гэнэ.

Улсын чанартай хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аймгийн төвүүдийг орон нутгийн харьяалалтай хот болгохоор тусгасан байна. Сум, дүүрэг, орон нутгийн харьяалалтай хотын ИТХ-ын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж, зөвхөн иргэн өөрийн нэрийг дэвшүүлж өрсөлдөх, аймаг, нийслэл, хот (улсын чанартай), баг хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилох бол сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд сонгохоор зохицуулжээ. Түүнчлэн Засаг даргыг огцруулах нөхцөлийг төсөлд тодорхой зааж өгсөн аж. Энэ нь эхний ээлжинд нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн нийт заалтын 35 хувиас хэтрүүлэлгүй боловсруулсан хэрэг.

Сүүлийн гурван удаагийн парламент дамжин яригдаж буй тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй, эсэх талаар бид бараг л маргахаа больсон. Харин юуг нэмж, яаж өөрчлөх вэ гэсэн хүлээлт нэгэнт бий болж, тэр хэрээр түүнийг тойрон улстөржих хүн нэмэгдсээр. “Их бие”-ийг нь босгосон уг төслийг цаашид хэр их саад бэрхшээл хүлээж байгаа бол.

ЦАГ ХУГАЦААНЫ ХАЙЧ

Ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ҮАБЗ, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авахаар төслөө илгээгээд байгаа аж. Ингэхдээ уг төслийг УИХ-ын нэр бүхий 67 гишүүн дэмжиж, хууль санаачлагчаар гарын үсгээ зураад буй гэнэ. АН-ын гишүүдээс бусад нь гарын үсгээ зурсан эл төсөлд дээрх эрх бүхий субъектүүд хуульд заасны дагуу саналаа ирүүлсний дараа ажлын хэсэг төслийг дахин авч үзэж, нягталж боловсруулан эцсийн байдлаар өргөн барихад бэлтгэх юм.

Ажлын хэсэг саналаа дээрх байгууллагууд руу өнгөрсөн сарын 22-нд илгээсэн бөгөөд тэд 30 хоногт багтаан хууль санаачлагчид хариу хүргүүлэх учиртай. Шаардлагатай бол хууль санаачлагчтай тохиролцон хугацааг хойшлуулж болох ч дээрх байгууллагууд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын сүүлч гэхэд ажлын хэсгийнхэн төслөө эцсийн байдлаар эргэн харж, байгууллагуудаас санал өгвөл тэрийг нь тусгаад, УИХ-д өргөн барихад бэлэн болгох бололтой.

Харин ажлын хэсэг төслөө бэлэн болгов уу, үгүй юү УИХ-д өргөн барих нь юу л бол. Учир нь парламент төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх тухай заалт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бий. Тэгээд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад буй. Тус ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үүнийг ирэх оны төсөв батлахын өмнө, эсвэл дараа нь хэлэлцэх төлөвтэй байгаа талаар ярьсан.

Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхлэх бол ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах хуулийн хугацаатай. Жил бүрийн намар ээлжит чуулган нээлтээ хийсэн эхний өдрөөс дараа жилийн төсвийг хэлэлцэж эхэлдэг ч хуулийн хугацаатай уралдан байж, шөнө дүлээр баталдаг жишиг нэгэнт тогтсон нь нууц биш. Тэгээд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал өөр асуудал хэлэлцэхгүй байхаар хуульчилсан тул 2019 оны төсвийг баталсны дараа л хууль тогтоогчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг барьж авбал зол биз. Ёстой л ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр “Урьдчилан хэлэх боломжгүй” юм.

ХҮНЭЭС ШАЛТГААЛАХ ТЭЭГ

Юутай ч ажлын хэсгийн зүгээс “Энэ ондоо багтаан хэлэлцэнэ” гэж байгаа ч хэлснээр нь болох бас амаргүй. Учир нь өнгөрөгч хавар, намрын ээлжит чуулганаар багтаан хэлэлцэнэ гэдгийг ажил хариуцсан хүмүүс нь хэлж байсан ч өнөөдөртэй золгоод буй нь энэ. Өнгөрсөн оны зургадугаар сард баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолоор ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн оны аравдугаар сарын 1 гэхэд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон билээ.

УИХ-д өргөн мэдүүлсний дараа хуульчилсан гурван удаагийн хэлэлцүүлгээс гадна ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэвэл цаг хугацаа хийгээд хөрөнгө хүч нэлээд шаардана. Хамгийн гол нь энэ он эрх барьж буй хийгээд сөрөг хүчний дүрд “тоглож” буй, цаашлаад парламентын гаднах хүчнүүдийн хувьд байж болох хамгийн эрүүл, бодит шаардлага, санаачилга гаргах үе билээ. Хэдийгээр УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө л Үндсэн хуульд гар хүрэхийг хориглосон ч бодит байдал өөр. 2019 он гарав уу, үгүй юү сонгуулийн солиорол газар авна. Ийм үед “Эцэг хууль”-иараа оролдсоноос огт гар хүрээгүй нь ч дээр байж мэднэ.

Хэдийгээр АН-ынхан төсөлд гарын үсгээ зураагүй байгаа ч ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “АН-ын гишүүд идэвхтэй байгаа. Намар зарим асуудлаар тохиролцох, зөвшилцөх хэрэг гарах байх” хэмээсэн. Сөрөг хүчин буруу харсан ч үнэмлэхүй олонх гарын үсэг зураад байгаа шигээ нэгдмэл байж чадвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хатуу босго тэдэнд асуудал биш. Харин дураа хүрвэл нэгдэж, дургүйгээ хүрвэл салчихдаг эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нээнтэг болох вий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай