Б.Нацагдорж: "Яг түүн шиг" шоу тайзны амьдралд минь хөтлөх гүүр болж байна

Ням гариг бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа шоу нэвтрүүлэг бол "Яг түүн шиг". Endemol Shine Group-ийн тус шоуг "Боловсрол телевиз" албан ёсны эрхтэйгээр хүргэж эхлээд гурван хаврыг үдлээ. Жил бүр цар хүрээ нь өргөжин тэлж, өрсөлдөөн нь улам ширүүсч буй энэхүү нэвтрүүлгийн хамгийн супер оролцогчдын нэг бол яах аргагүй Наки буюу хөгжмийн зохиолч Б.Нацагдорж мөн. Анхны дугаараасаа өөрийгөө хэн болохоо таниулж, шаггүй өрсөлдөгч гэдгээ харуулаад авсан түүнтэй ярилцлаа.

-Та “Яг түүн шиг-3” шоуны анхны дугаарын ялагч болсон. Нэвтрүүлэгт оролцох урилгаа хүлээж аваад юу гэж бодогдсон бэ. Өөртөө хэр итгэлтэй байв?

-“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцох саналаа авчихаад маш их баярлаж байсан. Яг л надад хэрэгтэй, алдаж болохгүй боломж мэт санагдсан. Өмнөх дугааруудыг нь үзчихээд хэрвээ орохгүй бол харамсах шиг санагдсан учраас шууд зөвшөөрсөн.

-Анхны дугаарын ялагч болоход ойр дотныхон болоод үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэхүү нэвтрүүлэг гарсан цагаасаа хойш миний хамгийн том танилцуулга болсон гэхэд хэлсдэхгүй. Зарим хүн намайг үнэхээр л эмэгтэй хүн гэж бодсон байна лээ. Тэгэж бодогдтол нь хичээж чадсандаа маш их баяртай байгаа. Гэрийхэн маань хүртэл гайхширсан байсан. Ер нь намайг ийм хэмжээнд хүртэл дуулж, бүжиглэнэ гэж хэний ч санаанд ороогүй юм шиг байгаа юм.

-Эмэгтэй хүн гэж санагдтал нь дуурайна гэхээр нэлээд хүч хөдөлмөр зарцуулсан байх. Ер нь эмэгтэй хүн болох хэр хэцүү санагдав?

-Үнэхээр хэцүү юм билээ. Эмэгтэй хүн цаанаа л нэг онцгой. Учир нь нүдний харц, биеэ авч явж байгаа байдал нь хүртэл учиртай. Би чинь өөрөө хэнэггүй, эв хавгүй хүн шүү дээ. Гэтэл бүсгүй хүний гар хуруугаа хөдөлгөж байгаа нь хүртэл нэг л уян налархай. Тэрийг дуурайна гэдэг мужаан хийдэг хүнээр уяхан, туяхан хөдөлгөөн хийлгээд байгаа юм шиг л санагдсан даа.

-Эмэгтэй хүнийг дуурайхын тулд багагүй золиос шаардсан гэж байсан. Эхний тоглолтоосоо л сахлаа хуссан байх аа?

-Тийм шүү. Уг нь би сахалдаа маш их хайртай юм л даа. Багаасаа ургуулж ирсэн болохоор ч тэр үү сахалгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Тэгсэн нэвтрүүлгийн багийн зүгээс сахлаа хус гэсэн шаардлага тавьсан. Бараг эхнэрээсээ сал гэж байгаа юм шиг л хүнд туссан даа (инээв). Тэр ч байтугай биеийнхээ бусад илүүдэл үсийг ваксдуулах хэрэгтэй гэхэд нь ямар зүйлд орох гээд байгаа билээ ч гэж бодогдсон шүү. Ингээд бодохоор эмэгтэй хүн гоё сайхан байхын тулд их золиос гаргадаг юм байна даа гэж бодогдсон.

-Та өөрөө уран бүтээлчдийн арын албанд зүтгэдэг нэгэн. Гэхдээ үзэгчдийн танил болсон олон сайхан эрхмүүдтэй хамтарч ажиллаж байсан таныг үзэгчдийн өмнө дуулна гэж хэний ч санаанд буугаагүй байх?

-Тийм ээ. Анх оролцохоор болсон гэдгийг минь дуулаад олон ч хүн гайхаж байсан. Гэхдээ гайхширснаас илүүтэйгээр дэмжиж байсан нь намайг зоригжуулсан. Анх тайзан дээр гарахдаа би үнэхээр их сандарсан. Би өөрөө их ичимхий төрлийн хүн л дээ. Дуугаа дуулж дууссаны дараа Цоомоо ах “ваав л даа” гэж ирээд богинохон ярилцлага авдаг хэсэг дээр үзэгчид намайг анзаарсан бол үгээ ч зөв тод хэлж чадахгүй, гацаад л, сандраад байгааг мэдэрсэн байх. Зүгээр л компьютерийн ард уран бүтээлчдийг хэрхэн сайхан дуулуулах вэ, яаж хүмүүст хүргэх вэ гэдэг дээр анхаардаг байсан хүн өөрөө дуулна гэдэг бас амаргүй даваа байна лээ.

-Яг түүн шиг шоуны нэг, хоёрдугаар улирлын дугааруудыг хэр шимтэж үздэг байсан бэ?

-Нэвтрүүлэг гарсан цагаас нь хойш үздэг байсан. Заримдаа би хүний оронд байсан бол ч гэж бодох үе надад байсан.

-Тэгвэл мөрөөдөл чинь биелсэн байх нь ээ.

-Тийм шүү. Яг л дутагдаад байсан зүйлийг минь өгөх шиг л болсон.

-Анх үзэгчид таныг хараад “Энэ хүн хэн бэ?” хэмээн гайхаж байсан бол одоо таныг Монголын үзэгчид бүгд мэддэг боллоо. Энэ танд хэр их мэдрэгдэж байна?

-Гадуур явахад хүмүүс таниад л байх шиг байдаг (инээв).

-Та есөн дугаарын туршид есөн алдартныг дуурайлаа. Хэнийг нь дуурайхад хамгийн хэцүү байв. Голчлон дуучныхаа юун дээр анхаардаг вэ?

-Бейонсег дуурайх хамгийн хэцүү байлаа. Оригнал дуучныг нь монголчууд маш сайн мэддэг болохоор монгол дуучдыг дуурайх бас хэцүү байсан.

Ер нь хэн ч байсан тухайн дуучныхаа дуу хоолойны өнгийг судалдаг. Хоолойныхоо ямар байрлалаар дуулж байгаа вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулдаг. Тодруулбал, дуучин хүн цээжний байрлалаар, багалзуураар гээд олон арга барилаар дуулдаг. Тэр болгоныг судалж, өөртөө шингээж авахыг оролддог. Үүний дараа үйл хөдлөлийг нь хардаг. Гарын тавилт, хөлийн алхаа гишгээ, тухайн дууг дуулахдаа урагшаа хэд алхаж байна гэдгийг нь хүртэл анзаарахыг хичээдэг.

Харин миний  хийж чадахгүй байгаа зүйл бол нүүрний хувирал буюу жүжиглэлт. Сүүлийн үед үүн дээрээ их анхаарч, олон хүнээс зөвлөгөө авч байгаа ч би өөрөө мэргэжлийнх биш болохоор хүндрэл бэрхшээлүүд багагүй тулгарч байгаа.

/Дугаарын баззер болгон дээр гардаг бэлтгэл сургуулилалт маань намайг тайзны амьдралд хөтлөх шат болж байгаа/

-Гэхдээ хөгжмийн зохиолч хүний давуу тал гэж бий биз дээ. Дуучидтай хамтарч ажилладаг учраас дууны тал дээр хамгийн адилхан дуулж байгаа оролцогчдын нэг шүү дээ.

-Дуу хоолойг нь их адилхан болгож байна гэсэн магтаалууд ирж байгаа болохоор урамшаад л байгаа шүү дээ. Сул тал гэж байхад давуу тал ч мөн бий гэдгийг харуулж байгаа хэрэг байх.

-Шоу нэвтрүүлгийн сайн болж байна гэх нэгэн байхад шүүмжлэх нэгэн ч байна. Харин таны хувьд шоуны тухайд ямар дүгнэлт өгмөөр байна вэ?

-“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлж, илүү их үзэгчдийг хамарч чадаж байна. Нөгөө талаасаа шоуны үр өгөөж маш их. Нэвтрүүлэг дууссаны дараа уран бүтээлчид бие биетэйгээ хамтарч ажиллах боломжууд их гардаг юм билээ. Товчоор хэлбэл, тэдний дунд нэгэн том гүүр босгож өгсөн гэхэд болно. Мөн Наки гэдэг хүнийг Монголын үзэгчдэд цоо шинээр харуулж, танилцуулж өгч байна. Би өөрөө дуучин болох хүсэлтэй. Энэхүү хүсэлд маань хүртэл нэг алхам ойртуулж өгч байна. Өөрөөр хэлбэл, дугаарын баззер болгон дээр гардаг бэлтгэл сургуулилалт маань намайг тайзны амьдралд хөтлөх шат болж байгаа.

-Тэгвэл бусад оролцогчдоо анх хараад ямар бодол төрсөн бэ?

-Үнэнийг хэлэхэд анх айх мэдрэмж төрсөн. Тэгээд энэ жилийн шоу ч маш өрсөлдөөнтэй бөгөөд сонирхолтой болох нь дээ гэж бодогдсон.

-Хэнийг хамгийн том өрсөлдөгчөө гэж харсан бэ?

-Үнэхээр хүнийг тааж мэдэх боломжгүй юм билээ. Нэг оролцогч эхний дугаар дээрээ бага зэрэг тааруухан үнэлгээ авсан бол дараагийн дугаарт өөрийгөө жинхэнэ хурцлаад, гайхалтай мундаг болоод ороод ирсэн байх жишээний. Тэгэхээр энэ хүн мундаг, тэр нь тааруу гэсэн зүйл байхгүй, бүгд л мундаг. Оногдсон дүрдээ тултал нь хувирч чаддаг. Харин анхнаасаа л мундаг байсан гэвэл мэдээж О.Тэмүүжин, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрээ гурав юм.

-Үзэгчид таныг шоуны хамгийн шударга оролцогчдын нэгээр өргөмжилсөн байсан. Өөрийн гурван оноогоо өөрийн өрсөлдөгчдөө өгч, ялагч болох боломжоо алддаг. Оноо өгөх агшинд танд юу бодогддог вэ?

-Би хувийнхаа амьдралд ч зөв, шударга байх зарчим баримтлахыг эрмэлздэг. Ер нь энэхүү оноо өгдөг журам нь хүний дотоод мөн чанар руу нэлээд өнгийлгөдөг юм шиг санагдсан. Тийм болохоор тухайн үедээ үнэхээр л тэр хүн бусдаас мундаг, заавал түрүүлэх ёстой юм шиг санагдсан учраас л оноогоо өгдөг. Тэрнээс биш би тэр хүнд оноогоо өгөхгүй бол би түрүүлэх юм байна гэсэн бодол огт орж ирдэггүй.

-Тэмцээний шүүлтийг хэрхэн оновчтой хэмээн дүгнэж байна вэ. Сошиал ертөнцөөр шүүлтийг шударга бус байна хэмээн дүгнэж байгаа хүмүүс ч байна.

-Мэдээжийн хэрэг шүүгчдийн шүүлтийг хүндэтгэж байгаа. Шүүгч хүний үнэлэмж, үзэл бодлоос гадна шоу гэдэг утгаараа нэвтрүүлгийг илүү сонирхолтой болгох гэсэн олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Иймд үзэгчид өөрсдийнхөө шүүлтийг хийж байгаа учир би шүүгчдийн оноог ийм, тийм хэмээн дүгнэх учиргүй. Тийм эрх ч байхгүй. Өөрийнхөө үзүүлбэрийг сайн үзүүлээд өндөр оноо авах нь л надад чухал.

-Ер нь та багадаа дуулж, бүжиглэх хэр авьяастай хүүхэд байв. Ямар ч авьяас, сонирхолгүй хүн шууд дуулаад, бүжиглэнэ гэж байхгүй нь лавтай?

-Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд ч явдаг байсан юм. Харин дуучин хүн өөрөө дуугаа зохиодог байх хэрэгтэй гэж бодоод хөгжмийн зохиолч болсон доо. Нөгөө талаас дуулах хүсэлтэй, нөгөө талаас хөгжим зохиох авьяастай хүмүүстэй хамтарч ажиллах хүсэлтэй уран бүтээлчид их байдаг юм билээ. Иймэрхүү санал ч их ирдэг, би ч татгалзаж чаддаггүй.

-Таны гэр бүлийнхнээ их нуудаг юм билээ. Ярилцлагадаа тэр бүр яриад байдаггүй.

-Анх оюутан байхдаа “Universe best songs” тэмцээний үеэр эхнэртэйгээ танилцаж байлаа. Эхнэр маань Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй эгэл жирийн, даруухан монгол бүсгүй бий. Эхнэрээ олонд танилцуулаад байхыг хүсдэггүй. Далай шүр, сувдаа нуудаг шиг би эхнэрээ нуухыг хүсдэг. Миний шүр сувд бол миний гэр бүл. Надад байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл минь юм шүү дээ.

Ер нь би урлагийн карьераа биш гэр бүлийг нэг номерт сонгосон. СУИС-ийн ангийн нөхөд маань урлагийн карьер гээд алдар нэр хөөгөөд явсан бол би эсрэгээрээ гэр бүлийн карьер хөөсөн. Үүний хүчинд гурван хөөрхөн охинтой болсон сайхан л амьдарч байна. Олон сайхан цэцэгсийн анхилуун үнэрт согтож амьдардаг хүн дээ, би.

/Миний шүр сувд бол миний гэр бүл/

-Охидууд нь дүрд хувирсан байгаа аавыгаа хараад таньж байна уу?

-Бейонсе болон зарим дүрд хувилсан байхыг хараад таниагүй. Бага нь бол бүр хэн байгааг ч мэдэхгүй байсан. Ер нь сахалгүй бол бараг танихгүй дээ. Гэхдээ заримыг нь хараад таньчихаад “Манай аав хамгийн супер аав” гэж хэлэхийг нь сонсох үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлдэг шүү.

-Урлагийн амьдрал цаг наргүй гэлцдэг. Иймд гэр бүл орхигдох гээд байдаг талтай. Та энэ хоёрын тэнцвэрийг хэрхэн яаж хадгалж байна вэ?

-Долоо хоногийн таван өдөр яалт ч үгүй ажиллахаас өөр аргагүй. Харин амралтын өдрүүдийг аль болох гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг.

-Танд өөрийн бие даасан уран бүтээлээ хийх бодол бий юү?

-Би энэ жилийн намраас өөрийнхөө бие даасан цомгийг гаргах бодолтой байгаа. Уг нь хавар гаргах төлөвлөгөөтэй байсан ч “Оддын академи”, “Яг түүн шиг” шоу ар араасаа гараад эхэлсэн учир үүний хажуугаар амжуулах боломжгүй, тийм цаг зав ч гарахгүй юм билээ. Учир нь долоо хоногт л нэг хүнийг тултал нь дуурайх даалгавартай учир өөр зүйлд ухаан бодлоо зарцуулах эрхгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай