Хелен МИРРЕН: Боломжтой бол үргэлж хэн нэгнийг баярлуулж, гайхшируул

Английн жүжигчин, “Оскар”-ын шагналт Даме Хелен Миррен өдгөө 73 настай. Кино урлаг бол нас “голдог” хатуу хоол. Гэхдээ энэ эмэгтэй өдгөө ч хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсаар. Түүний эцэг В.П.Миронов орос, ээж нь англи хүн байжээ. Хелен 2010 онд Москвад очиж, аавынхаа хамаатан саднуудтай албан ёсоор танилцсан гэдэг.

Охидын дунд сургууль төгсөж, Лондоны театрын коллеж дүүргэсэн тэрбээр уран бүтээлийн гараагаа 1960-аад онд У.Шекспирийн жүжгээр эхэлжээ. Харин дэлгэцийн урлагт анхны дүрээ 1979 онд бүтээсэн аж. Түүнийг шүүүмжлэгчид “Сэхээтний тачаангуй бэлгэ тэмдэг” хэмээдэг нь ихэмсэг оршихуйтай нь холбоотой.

2013 онд Хелен Миррен Их Британийн театрын урлагийн дээд шагнал “Лоренс Оливье” хүртсэн. 1997 онд Америкийн найруулагч Тэйлор Хэкфордтой гэрлэсэн бөгөөд тэд хүүхэдгүй аж. Ийм нэгэн мундаг жүжигчнийг “Esquire” онцолжээ.

  • Ер нь жүжигчид бүгд л бадарчилж, тэнүүчилдэг. Тийм байхаас ч аргагүй.
  • Шекспирийн жүжигт тоглоход яагаад ч юм бэ гайхалтай ертөнцөд очих шиг болдог. Тэгээд жинхэнэ боловсрол, мэдлэгтэй хүн болсон мэт санагддаг. Бүр дүрийнхээ үг, хэллэг, ярианы илэрхийлж байгаа утгыг бүрэн ойлгохгүйд хүрэх нь ч бий. Шекспир өнгөрсөн бүх цаг үеэс хамгийн харгис, хатуу шүүлтэртэй үед амьдарч, уран бүтээлээ туурвисан хүн. Нэг л эвгүй, буруу үг амнаасаа унагавал шууд бөндгөртэй нь ярьдаг байсан тийм үе. Гэхдээ л тэрбээр айхтар хяналт, хязгаар, хаалтын дундаас эрх чөлөөг олж авч чадсан нь үнэхээр биширмээр.

  • Улстөрчдийн ямар ч үг сэтгэлийг минь хөндөж, хөдөлгөдөггүй.
  • Балмад, танхай, хэнэггүй харагдах гэж хичээдэг охид, бүсгүйчүүдэд би дургүй. Яагаад сайн биш, муу болох гэж хичээдгийг нь ер ойлгохгүй юм.
  • Би үхлийн тухай бодохгүйг хичээдэг. Ер нь нас ахих тусам энэ сэдвээр ярих сэжүүр, шалтгаан улам багасдаг.

  • Цаг хугацаа гэнэт л илүү хурдлаад байх шиг. Та бүхэнд тэгж анзаарагддаг уу?
  • Нөхрийнхөө найруулсан кинонд дүр бүтээх амаргүй. Харин зургийн ажил дууссаны дараа тэр хүнийхээ өвөрт хэвтэх сайхан л даа.
  • Тейлор Хэкфорд бид хоёр гэрлэхээсээ өмнө олон жил хамт амьдарсан. Бараг 11 жил “үерхсэн” юм байна. Хуримын тухай сонсоод би “Дажгүй санаа” гэж бодсон. Гэхдээ хурим бол хосуудын харилцааг өөрчлөх чухал зүйл биш гэж боддог.
  • Нүцгэн бие бол хамгийн шилдэг наймаа. Яг үнэндээ хүмүүс сүмийн зураг биш, шалдан хүүхний хөхийг л харахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ миний хувьд камерын өмнө нүцгэлэх биш, хувцсаа өмсөх нь дээр.
  • Би одоо Лондонд амьдарч байна. Хөгшин моддын навчсын сэрчигнэх чимээ чагнасан шигээ суух сайхан. Үүнээс илүү сайхан гэж байх уу.

  • Шүүгээнд минь элдэв брэндийнх биш, захаас авсан хувцас, хөргөгчинд минь оргилуун дарс байхад л сэтгэл ханачихдаг хүн дээ, би.
  • Боломжтой бол үргэлж хэн нэгнийг баярлуулж, гайхшируул. Ялангуяа өөрөөгөө.
  • Би ер бусын зүйлд итгэдэг. Дагина байдаг гэж одоо хэр нь итгэсээр байгаа. Харин бурхан байдагт итгэдэггүй.
  • Амьдралд суралцах нь амьдралын хамгийн нарийн төвөгтэй нь. Хүмүүс залуу насандаа бодлогогүй, болчимгүй, болгоомжгүй, тэнэг явдаг, тэгсэн ч буруу гэдгээ мэддэггүй шүү дээ. Тийм л байх учиртай юм байна, энэ амьдрал гэдэг чинь.
  • Хүний амьдралын хамгийн эгзэгтэй, хүнд үе нь 20 нас гэж боддог. Хэн ч харсан сайхан, гялалзаж байгаагаа өөрөө харин мэдэхгүй, ойлгохгүй. Тийм сайхан үе дахиад олдохгүй гэдгийг мэдэхгүй туучна. Чухамхүү энэ л үедээ хүн хамгийн эмзэг, ямар ч хамгаалалтгүй, шийдэмгий бус, үргэлж эргэлзэж тээнэгэлздэг. Амьдралыг ойлгохгүй болохоор яаж урагшлахаа ч мэдэхгүйд хүрдэг шүү дээ.
  • Он цагийг “алах” сайхан арга гэж байхгүй. Угаас цаг хугацааг “үгүй” хийх нь гэмт хэрэг.
  • Зарим хүнд гайхалтай үхэл тохиох юм. Зүрх нь гэнэтхэн хаагдаж, хорвоогоос явах нь зовохгүйгээр амар амгаланг олж байгаа хэрэг. Хэрэв би тайзнаа үхэх ёстой бол буйдангийн ард, эсвэл харанхуй мухарт л байгаасай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай