Д.Алтанцэцэг: Химийн өндөр үнэтэй эм, бэлдмэлийг даатгалаас санхүүжүүлэх хэрэгтэй

Манай улсад өнгөрсөн онд хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогджээ. Хорт хавдрыг анагаах аргын нэг болох хими эмчилгээнд хамрагдагсдын тоо жилээс жилд нэмэгдэж буй.

Ийм эмчилгээний талаар Хавдар судлалын үндэсний төвийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Д.Алтанцэцэгтэй ярилцаа.

-Химийн эмчилгээг бүх л төрлийн хорт хавдрын үед хэрэглэдэг үү. Энэ эмчилгээний онцлог юу вэ?

-Химийн эмчилгээ нь төрөл бүрийн найрлагатай эмийн бодисыг ашиглан хорт хавдрын эсийг устгах, эсвэл өсөлт, үржлийг нь зогсоох зорилготой бөгөөд судсаар, тарих, уулгах, хэвлий, цээж, нугасны хөндийд хийх зэрэг аргаар хэрэглэдэг. Эл эмчилгээг бүх хавдрын үед хийх нь харьцангуй ойлголт. Хавдрын үе шатаас хамаардаг.

Хорт хавдартай байлаа ч эрт үедээ оношлогдвол хими эмчилгээ хийдэггүй үе шат гэж бий. Эрхтэн болгоны хавдрын үе шатад тохирсон эмчилгээний заалт стандарт байдаг. Зарим үед хавдрын хэмжээ том тохиолдолд мэс засал хийх боломж тааруу.

Энэ үед хими эмчилгээгээр хавдрын хэмжээг багасган, хагалгаа хийх боломж бүрдүүлж өгдөг. Мөн мэс засалд оруулах боломжгүй, хавдар маш томорсон тохиолдолд хөнгөвчлөх буюу зовиур багасгах зорилгоор хийдэг.

-Танай тасагт эмчлүүлж буй өвчтөний тоо нэмэгдсэн гэсэн. Эм, тариа хүрэлцээтэй байна уу?

-Химийн эмчилгээ хийлгэх заалттай хүмүүс л манай тасагт ирдэг. Эмчилгээний эсрэг заалт гараагүй тохиолдолд эмчилгээг эхэлдэг юм. Манай тасаг 20 ортой ч долоо хоногт 40 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Өдрийн эмчилгээний 15 ор бий. Өдөрт 30 хүнд үйлчлэх хүчин чадалтай ч 40-өөс дээш өвчтөн хандаж байна.

Өнгөрсөн онд манай тасгаар 5500 гаруй хүн эмчлүүлсэн. Дөрөвдүгээр сард 400 орчим хүн эмчлүүлсэн бол тавдугаар сард 500 гаруй болж нэмэгдлээ. Энэ хэрээр эм, тарианы хүрэлцээ багасах, өвчтөнүүд хэвтэх, эмчилгээнд орох дарааллаа хүлээх гээд бэрхшээл гардаг. Химийн эмчилгээний тэмдэглэл нь хүн бүрт харилцан адилгүй. Ходоодны хавдартай хүнд гэхэд эмчилгээний маш олон төрлийн тэмдэглэл бий.

Эмчилгээг хэдэн цаг, өдөр хийх, нэг, эсвэл олон эмийн хослол сонгох уу гэдгийг эмч нь биеийн байдал, хавдрын үе шатаас нь хамаарч сонгодог. Тухайн эмчилгээнд зориулах эм, тариа өөр өөр үнэтэй. Хэдэн зуун мянгаас хэдэн арван сая төгрөгөөр яригдана.

Тухайлбал, хөх, ходоодны хавдрын үед хэрэглэдэг herceptin буюу бай эм хоёр саяас дээш төгрөг. Ганц удаагийн тарилга гэхэд 1000 ам.доллар байх жишээтэй. Хамгийн багадаа зургаан удаа ийм эм хэрэглэнэ гэхэд тухайн өвчтөн маш их мөнгө зарцуулахаар байна.

-Бай эмийн талаар тодруулахгүй юу?

-Эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр өвөрмөц хавдрын эсийг сонгомлоор таньж, нөлөөлдөг химийн эмүүдийг бай эм гэж ерөнхийд нь нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, химийн эм бэлдмэлийг хэрэглэхэд эрүүл эрхтэн заавал өртдөг.

Харин бай эмүүд нь эрүүл эрхтнийг хордуулахгүйгээр, хавдрын эсэд нөлөөлдөг. Бай эм нэвтэрснээр хавдрыг генийн түвшинд оношилж, хувь хүн бүрт тохирсон эмчилгээ хийх боломжтой болсон.

-Өртөг ихтэй эм, тарианы хэдэн хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг бол. Танайд эмчлүүлж буй өвчтөн үнэгүй хэрэглэдэг биз дээ?

-Улсаас баталсан эмийн төсөв гэж бий. Үүнд зөвхөн химийн эм бус, бусад мэс заслын ороох, боох материал, лабораторийн урвалж, халдваргүйтгэлийн бодис зэрэг эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай зүйл бүгд багтдаг. Төсвөө жилийн хугацаанд жигд хуваарилан, эмчилгээ, үйлчилгээг таслахгүй явуулах шаардлагатай ч эмчлүүлэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй, дутах тохиолдол гардаг.

Өвчтөнүүдээ санхүүгийн дарамтад оруулахгүй, эмчилгээ үйлчилгээнд доголдол гаргахгүйн тулд сар бүр нэмэлтээр эм, тариа авч байна. Эрүүл мэндийн тухай хуульд хавдар, сүрьеэ зэрэг өвчнийг эмчлэх зардлыг төр даахаар тусгасан. Гэвч хязгаарлагдмал төсөвтэй учраас бүгдийг нь төр даах боломжгүй. Уушги, ходоод, элэг, бүдүүн, шулуун гэдэс, хөхний хавдрын үед хэрэглэдэг орчин үеийн бай эмийн зөвхөн нэг удаагийн тун л гэхэд хэдэн сая төгрөгт хүрдэг.

Нэг хүнд олон удаа хийх шаардлагатай учир улсын төсвөөс хангах боломжгүй. Харин эрүүл мэндийн даатгалд хамруулчихвал өвчтөн хөнгөлөлттэй үнээр эм авах боломж бүрдэх юм. Өндөр хөгжилтэй орнуудад химийн өндөр үнэтэй эм, бэлдмэлийг даатгалаас нь санхүүжүүлдэг. Харин энэ жил нэлээд сайн тооцоо судалгаа хийсний үр дүнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт чухал шаардлагатай зарим нэг бай эмийг оруулж чадсан.

Эл эмчилгээг хийлгэх шаардлагатай олон хүн байгаа ч нөөц хязгаарлагдмал. Хэрэв тухайн өвчтөн гаднаас уг эм бэлдмэлийг авчирсан тохиолдолд эмчилгээг саадгүй, үнэ төлбөргүй хийж өгдөг.

-Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байна гэдэг. Хими эмчилгээг аль насныхан голдуу хийлгэж байна вэ?

-Нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг ч манай оронд залуу хүмүүс ч өвчилж байна. Элэгний хавдрын өвчлөл нь аль ч хүйснийхэнд тэргүүлэх байр эзэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, эрчүүдэд элэг, ходоод, улаан хоолой, уушгины хорт хавдар тэргүүлэх байр эзэлж байна.

Химийн эмчилгээ хийлгэхэд наснаас илүүтэй хавдрын үе шат хамаарна.

-Та саяхан олон улсын хавдрын эмч нарын хуралд оролцсон юм билээ. Эмчилгээний шинэ арга, технологийн талаар суралцав уу?

-АНУ-ын Чикаго хотод жил бүр болдог Америкийн хавдар судлалын нийгэмлэгийн хуралд оролцсон. 54 дэх удаагийн тус хуралд 100 гаруй орны 39 мянга гаруй эмч, судлаач, дадлагажигч эмч, хавдраар өвдсөн өвчтөн, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож, судалгааны үр дүнгээ танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

Мөн хамгийн шилдэг эрдэмтэн, судлаачдын нотолгоонд тулгуурласан хорт хавдрын эмчилгээ, оношилгооны чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хэлэлцүүлж, шилдгүүдээ шалгаруулсан. Энэ хуралд хүссэн хүн бүр судалгаагаа хэлэлцүүлж чаддаггүй бөгөөд өндөр шалгуур хангасан илтгэл, илтгэгч нар л сонгогддог юм.

Эл хуралд манай улсаас анх удаа хими эмчилгээний дөрвөн эмч, нэг эмзүйч оролцлоо. Хэдийгээр бид хавдрын оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг өдөр тутамд уншиж буй ч олон улсын нэр хүндтэй туршлагатай судлаач, эмч нараас шинэ мэдээлэл сонсоно гэдэг их завшаан. Энэ жилийн хурлын онцлог нь хорт хавдрын эмчилгээний шинэ төрөл болох бай эм болон иммун эмчилгээний үр дүнгийн талаар танилцуулсан.

Энэ нь тухайн хүний хавдрыг генийн түвшинд оношлохоос гадна үүсгэж буй шалтгааны эсрэг хувь хүнд нь тохирсон эмчилгээ учраас биологийн эмчилгээ гэж нэрлэх нь бий. Бидний хувьд бай эмчилгээ нь шинэ зүйл биш. Харин иммун эмчилгээг манай улсад хийж эхлээгүй.

Энэ эмчилгээг хийхийн тулд өндөр хүчин чадалтай молекул, генетикийн лабораториос гадна асар их хөрөнгө шаардлагатай. Бай эм болон иммун эмчилгээ аль аль нь маш өндөр өртөгтэй тул улсын төсөв дааж чадахгүй.

-Манай улсад молекул, генетекийн лаборатори байгаа юу?

-Манай төвд 2014 онд молекул, генетикийн лаборатори байгуулж, “Молекул, генетик оношилгооны дэвшилт технологийг хавдрын оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд хавдрыг генийн түвшинд оношилж, хувь хүнд тохирсон хими эмчилгээ хийж эхэлсэн.

Гэвч өндөр өртөгтэй учраас төслийн хүрээнд хорт хавдартай 300 гаруй хүнд ийм шинжилгээ хийж, өвчтөн тус бүрт тохируулан эмчилж байна. Цаашдаа зөвхөн хавдартай хүнд бус, эрүүл хүнд ч ийм шинжилгээ хийх юм.

Уг шинжилгээгээр тухайн хүн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй, эсэхийг илрүүлэх боломжтой болно.

-Тэдгээр хүний эмчилгээний үр дүн нь сайн гарах нь, тийм үү?

-Америкийн хавдар судлалын нийгэмлэгийн хуралд хэлэлцүүлсэн судалгаанаас үзэхэд ийм эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн амьдрах хугацаа уртсаж, эмчилгээний үр дүн өндөр байгаа.

-Иммун эмчилгээ нь бай эмчилгээнээс ямар ялгаатай юм бэ. Манайд нэвтрүүлэх боломжтой юу?

-Ерөнхийдөө молекул, генетикийн лабораторийн хүчин чадалд тулгуурлана. Иммун эмчилгээ нь тухайн өвчтөний дархлааны системийн өөрчлөлтийг нарийвчлан судалж, хавдар үүсгэж буй шалтгааны эсрэг “ажилладаг” юм. Бүр илүү нарийвчилсан эмчилгээ гэсэн үг.

-Хими эмчилгээний сөрөг нөлөө юу вэ. Үс унах, хууч өвчин сэдэрдэг гэх юм.

-Ихэвчлэн судсаар хийдэг эмчилгээ учраас бүх л эрхтэн системээр дамжина. Цусны судас очихгүй эрхтэн гэж байхгүй. Тиймээс гаж нөлөө, хүндрэл гарч болно. Наад зах нь хоолонд дургүй болох, огих, бөөлжих, ядрах, дотор муухайрах, гүйлгэх, өтгөн хатах, үс унах зэрэг олон гаж нөлөө илэрч болно.

Тиймээс хордлогын эсрэг, дотор муухайрахыг засах, гаж нөлөөг багасгах эмчилгээ давхар хийдэг. Эмчилгээний стандартад хатгалтын тоог цөөрүүлэх буюу аль болох тарилгыг бага хэрэглэж, эм уулгахыг зөвлөдөг. Харин химийн эмчилгээ эсрэгээрээ олон төрлийн тарилгыг судсаар хийж байна.

-Сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй юм байна. Ийм эмчилгээ хийлгэж буй хүмүүст зөвлөгөө өгөхгүй юү?

-Энэ маш чухал. Зөвхөн өвчтөн төдийгүй тэдний ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт энэ өвчнийг даван туулахад сэтгэл зүйн хатуужил, итгэл үнэмшил их хэрэгтэй. Бид хүн бүртэй өвчнийх нь талаар тулж ярилцдаг ч эмчийн хэлснээс илүү хэн нэгний дам ярианд итгэдэг.

Нэг хэвэнд цутгачихсан биш учраас хүн бүр онцлогтой. Ижил оноштой, хавдар нь адилхан үе шатанд байлаа ч химийн тариа хүлээн авч буй байдал нь харилцан адилгүй. Нэгэнд нь гаж нөлөө үзүүлэхэд нөгөөд нь шинж тэмдэг илэрдэггүй. Хавдрыг хэдий чинээ эрт оношилно төдий чинээ эмчилгээний үр дүн өндөр, амьдрах хугацаа нь уртасдаг. Гэтэл манай улсад хавдартай хүмүүсийн 80 орчим хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандаж байна.

Тэр хэрээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлнө, төгс эмчлэгдэх боломж буурна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрт оношлуулж чадвал хавдар бүрэн эдгэрдэг. БНСУ ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг ч нас баралтын тоогоороо хойгуур жагсдаг. Энэ нь эрт үед нь оношилж, бүрэн эдгээж чадаж байна гэсэн үг.

Гэтэл манайхан ямар нэг зовиур илрэхгүй бол эмчид ханддаггүй. Зовиур илэрнэ гэдэг хавдар хожуу үедээ орсны шинж. Энэ үед цусаар болон тунгалгийн булчирхайн замаар хавдрын эс өөр эрхтэнд үсэрхийлэх аюултай. Уушгины хавдраар өвдлөө гэхэд уг хүний тархинд энэ хавдрын эс илрэх жишээтэй.

Манай улс ходоодны хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх бүхий л үзлэгт хамрагдан, зовиур илрэхийг хүлээх бус, эмнэлэгт хандаж, эрүүл, эсэхээ мэдэх, өвчнөө эрт оношлуулбал бүрэн эдгэх боломжтой шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай