“Дим сам” болон дотоодод арилжсан бондын төлбөрийг барагдуулав

Засгийн газар энэ онд 2.6 их наяд төгрөгийн үндсэн, хүүгийн 1.2 их наяд төгрөгийн төлбөр төлөх учиртай. Үүнээс хамгийн өндөр ачаалалтай нь өнгөрсөн зургадугаар сар байсан бөгөөд энэ хугацаанд төлөх ёстой 750 гаруй тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хугацаанд нь барагдуулсныг Сангийн яам баасан гарагт мэдээлэв.

Үүнийг задалбал гадаад, хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 28.6, 2012 онд олон улсын зах зээлд гаргасан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын хүүгийн төлбөрт 61.8, 2015 онд арилжсан нэг тэрбум юанийн “Дим сам” бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг төлсөн байна. Тэгвэл дотоод өрийн тухайд 2013-2017 онд төсвийн алдагдлыг нөхөн, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд 293.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

“Дим сам” бондыг 7.5 хувийн хүүтэй арилжиж байсан бол өнгөрсөн сард эргэн төлсөн, дотоодод гаргасан бондуудынх 9.625-15.5 хувийн хүүтэй байв. Өнгөрсөн жилийн эцэст Засгийн газрын өр 22.7 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр дээрх тоо 21.1 их наяд болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай