М.Дагва: Заяагдмал давуу талдаа дулдуйдаад хол явахгүй

Зочин М.ДАГВА Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх, QMC компанийн ерөнхий захирал 


Уншигч-сурвалжлагч Ч.ОТГОЧУЛУУ Уул уурхайн зөвлөх, шинжээч

-Юуны түрүүнд мэргэжлээ солих боломж олгосон “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа. Таныг ямар мэдлэг, туршлагатай болоод УУХҮ-ийн сайдын зөвлөхөөр ажиллаж буйг хүмүүс сонирхож байж магадгүй.

Хэн санал тавив, эсвэл таны өөрийн хүсэл байв уу гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-2016 онд Ц.Дашдорж сайд хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар урьсан. Засгийн газар солигдож, Д.Сумъяабазар сайд зөвлөхүүдээ томилохдоо намайг улираасан юм. Хүмүүс асуухаар нь өмнө даалгасан ажлыг нь муу хийсэн учраас сайн ажиллуулах гэж улираасан гэж хэлж инээлгээд явдаг юм.

Ордуудыг үр ашигтай ашиглах, компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах, уул уурхайн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, сайн туршлагыг солилцох, том төслүүдийг эхлүүлэх, эхэлснийг нь илүү эрчимжүүлэх чиглэлд голлон анхаарч байна.

-Энэ салбарын боловсрол, мэдлэгийг яаж олж авч, туршлага хэрхэн хуримтлуулав?

-1994 онд тухайн үеийн Техникийн их сургуульд уул уурхайн ашиглалтын технологийн инженерийн ангид элссэн. 1999 онд төгсөөд, ШУТИС-д эрдэм шинжилгээний ажилтан боллоо. Азийн хөгжлийн банкны зээлээр Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн технологийг нь шинэчилж, алхагч экскаватор суурилуулах төсөл хэрэгжүүлсэн юм.

Уг төсөлд экскаваторын үндсэн параметрүүдийг сонгох тооцоо хийх хүн хэрэгтэй болж, намайг эрдэм шинжилгээний ажилтнаар авч, ажиллуулсан. Авто тээврээр хөрсөө хуулдаг байсныг экскаватороор уурхай дотор нь овоолго хийх технологиор шинэчилсэн. Нэг технологиос нөгөөд шилжих ажил учраас мэргэжлийн хувьд маш сонирхолтой байсан. Уг төслийг дагалдуулж нүүрсний уурхайд ашигладаг орчин үеийн программ хангамж нэвтрүүлж байв.

Ер нь Монголын уул уурхайд нэлээд өөрчлөлт авчирсан төсөл байсан. Магистраа хамгаалаад, 2001 оноос багшилж, уул уурхайн инженерийн ангийн оюутнуудад уул уурхайн ашиглалтын гол хичээлүүдийг нь заах болсон. Тэр үеэс уул уурхайн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Төмрийн хүдрийн ордуудын ТЭЗҮ-ийг хийж, 2005 онд Оюутолгой IDP гээд анхны суурь техникийн бичиг баримтаа боловсруулан танилцуулж, Бороогийн ордыг ашиглалтад оруулж байсан үе л дээ. Барууны компаниуд Монгол руу орж ирэх, үндэсний аж ахуйн нэгжүүд томоохон төсөл хэрэгжүүлэхэд бид зөвлөх үйлчилгээ үзүүлж байлаа.

-Багшилж, дараа нь зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан гэхээр компани байгуулсан байх. Өөрийгөө хэр сайн ажил олгогч гэж боддог вэ?

-Анх ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд суурилаад Уул уурхайн судалгааны төв байгуулж, түүгээрээ дамжуулж зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Шавь нараас маань голлон бүрдсэн баг ажиллаж, зарим үед туслан гүйцэтгэгчидтэй хамтардаг байв.

Ажлын захиалга нэмэгдэж, харилцагчдын шаардлага өндөрсөх тусам компанийн бүтцээр ажиллах шаардлагатай болсон тул 2011 онд QMC компаниа байгуулсан. Манайхтай гэрээт 100-гаад хүн бүртгэлтэй байдаг бол 25-30 хүн тогтмол ажилладаг.

-Та боловсролын, бизнесийн салбарт ажиллачихлаа. Одоо төрд, бодлогын түвшинд ажиллаж байна. Ямар ялгаа ажиглагдаж байна вэ?

-Зөвлөх үйлчилгээ үзүүлж байхад ихэвчлэн хувийн компаниуд, эсвэл Монголд хөрөнгө оруулж буй “Centerra gold”, “Areva”, “Rio tinto” зэрэг гадаадын хөрөнгө оруулагчтай ажилладаг, тэдний асуудлуудыг яам, Засгийн газрын агентлагуудад ойлгуулах, дэмжлэг авах өнцгөөс хардаг.

Сайдын зөвлөхийн хувьд яамны зүгээс компаниудтай холбоотой асуудлууд руу орох тохиолдолд яалт ч үгүй өөр өнцгөөс харж байна. Жишээ дурдъя. Өнөөдөр Монголын төрийн өмчит компаниуд анхаарлын төвд байгаа. Төрийн өмчит уул уурхайн компаниудын олсон ашгийг нь улсын, нийгмийн зардалд зарцуулчихдаг тул өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өөртөө хөрөнгө оруулах боломж хязгаарлагдмал, үр ашиг муутай.

Монгол Улсад төрийн өмчит компани байх хэрэггүй гэж хэлэх хэмжээний хүн би биш. Тэгэхээр юугаар тусалж чадах вэ гэвэл төрийн өмчит компани гэж байх л юм бол өрсөлдөх чадвар, засаглалыг нь сайжруулах талаар зөвлөгөө өгөх боломжтой.

Энэ чиглэлээр Чилид очиж, төрийн өмчит “Codelco” компанитай холбоо тогтоож, унаж, босож явсан бүх түүхийг нь судлаад, засаглалаа сайжруулсан ямар сайн жишээ байна вэ, ашгаа төрдөө “хураалгаад” байгаа атлаа хэрхэн өөртөө хөрөнгө оруулаад байна, гол хувьцаа эзэмшигч болох төртэйгөө харилцаж ирсэн сургамж нь юу болох, ийм компаниуд өрсөлдөх чадвараа яаж сайжруулдаг талаар шийдвэр гаргах түвшний хүмүүст чадах хэрээрээ хэлж ярьдаг.

-Хандлага, ойлголтын зөрүү гарч буй юм байна, тийм үү?

-Хэн, хаана ажиллаж байгаагаас шалтгаалж зөрүү их гардаг юм байна. Аль аль талд нь ажиллаж үзсэний хувьд харьцуулж чадаж байгаа нь миний бага зэрэг давуу тал болов уу.

УУЛ УУРХАЙГ ОДООГИЙНХООС 4-5 ДАХИН ТОМРУУЛАХ ЁСТОЙ

-Би жилд 2-3 удаа олон улсын хуралд оролцдог. Чилиэс ирсэн сайд, хувийн хэвшлийн, төрийн өмчит компани, мэргэжлийн холбоодынх нь төлөөлөл илтгэл тавихдаа бүгд нэг зүйл ярьдаг. Нэг амтай, урьдчилаад тохирчихсон юм шиг.

Харин манай сайд нар өөр өөр зүйл хэлдэг. Нэг багийнхан ч өөр өөрийг ярих нь бий. Заримдаа хувийн хэвшлийнхэн нь төрөө шүүмжилдэг. Ер нь манайх муухай харагддаг л даа.

“Энэ хүн дараагийн сонгуулиа бодсон зүйл ярьж байна” гэж ойлгогдох нь ч бий. Эсвэл бэлтгэлгүй оччихдог, шүүмжилбэл мундаг харагдана гэж боддог ч юм шиг. Манайханд нэгдсэн ойлголт, залгамж чанар байхгүй юм шиг санагддаг.

-Миний хувьд энэ салбарт 18 жил ажиллаж байна. Монголын шийдвэр гаргагчдын уул уурхайн салбар дахь байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа, төрийн өмчит компанийн удирдлага солигдох бүрт яаж савлаж буйг харж ирсэн хүний хувьд санаа зовдог. Чилийн жишээг өөрийнхтэйгөө харьцуулахад ярьж байгаа асуудал, булаацалдаж буй эрх ашиг нь жижиг тусмаа хүмүүс санал нийлдэггүй бололтой юм.

Чили улс уул уурхайгаасаа маш их орлого олдог. Гэхдээ тус улсын гол зорилго нь уул уурхай биш болсон. Харин үүнд тулгуурлан өөр салбаруудыг илүү хүчирхэгжүүлэх, уул уурхайн хамаарлаа бууруулах нь чухал асуудал. Энэ л хамгийн чухал учраас хувийнх, төрийнх, ассоциац нь байна уу, бүгд л “Маш сайн өрсөлдөх чадвартай, хүчирхэг болох тусам биднээс авсан мөнгөөр манай улс эдийн засгаа солонгоруулах юм байна” гэдэг бодолтой болжээ.

Хоёрт, Чили улс дэлхийд уул уурхайн том тоглогч болох амбицтай. Австрали, Канад зөвхөн дотроо биш, олон улсад яаж тоглож байна вэ, бид ч бас чадна гэдэг. Амбиц нь том болж, түүндээ нэгдчихээр дотооддоо бие биеэсээ жижиг асуудал дээр ялгарах гэхээ больдог юм байна. Манай улс уул уурхайг одоогийнхоос 4-5 дахин томруулж байж улсынхаа асуудлыг шийдэх хэмжээнд хүрэх юм байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэх ёстой юм билээ.

Би сайдад зөвлөхдөө “Нийгэмд зөвхөн Тавантолгой, Оюутолгой байхад хангалттай гэдэг буруу ойлголт тогтох гээд байна. Гэтэл тийм биш. Одоо зургаан тэрбум долларын экспорт хийдэг уул уурхайн салбарыг 20 тэрбумынх болгочихвол дэлхийн хэмжээний болж хөгжинө. Хоёрдугаарт, тэндээс орж ирж байгаа мөнгө нь Монголыг 2030 онд хүрэхээр зорьж буй тогтвортой хөгжлийн зорилтод аваачна хэмээн бодож ажиллацгаая” гэж байгаа.

-Манай эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Тэгвэл уул уурхайн салбар “Тавантолгой”, “Оюутолгой” гэдэг хоёр том төслөөс хараат болчихлоо шүү дээ.

Зарим хүн “Монголд олон жижиг уурхай хэрэггүй, байгалиа сүйдлээд дууслаа. Цөөн, том мега төслүүдээ сайн хэрэгжүүлье” гэх. Чөлөөт зах зээл байнга хямралтай байдаг. Үүнд тэсвэртэй эдийн засаг хэрэгтэй. 2-3 том төсөлтэй байснаар бид эрүүл эдийн засагтай болох юм уу, эсвэл энэ буруу ойлголт уу?

-Наадмаар Отгочулуу гэдэг аварга 10 түрүүлчихвэл ард түмэн уйдаж эхэлдэг. Харин Дагва гэдэг залуу гараад ирвэл Отгочулууг бушуухан хаяад, шинэ аварга төрөөсэй гэж хүсдэг юм байна. Хандлага нь ард түмнийг 10 жил баясгасан Отгочулуугийн хөдөлмөрийг шууд үгүйсгээд, дараагийн аварга бушуухан гараад ирээсэй гэж байгаа байхгүй юу.

Одоогоор эдийн засгийн аварга нь уул уурхай. Магадгүй аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэдэг ч юм уу, аль нэг салбар шинэ залуу бөх шиг гарч ирэх байх. Гэхдээ начин, харцага, заан, арслан, аварга болоод, дараа нь завсаргүй гурав түрүүлтэл миний бодлоор 20, 30 жил хэрэгтэй.

Бөхөөр бол дөрөв, таван жилийн дотор болоод өнгөрдөг үйл явц аж үйлдвэрийн салбарын хувьд 20, 30, 40, 50 жил явагдана. Гурав, дөрвөн жилийн өмнө уул уурхайг шууд үгүйсгэж, эсгий шаахайны экспортоор дэлхийд гарах тухай ярьсан шүү дээ. Тэр концепц бол алдаатай.

Уул уурхайг одоогийн байгаагаас нь дөрөв, тав дахин том болгох ёстой гэж дээр дурдсан. Хоёр Оюутолгой, гурван Тавантолгойтой байхад болчих юм биш үү гэвэл өрөөсгөл. Одоо нүүрс хоёр, зэс бас хоёр тэрбум орчим ам.долларын салбар болсон. Алт хагас тэрбум, нефть, төмрийн хүдэр тус бүр гурав, дөрвөн зуун сая ам.долларынх. Бусад “жижиг юм”-нуудаа хамж шимбэл 100-200 сая гээд, өнөөх зургаан тэрбум долларын уул уурхай чинь ийм бүтэцтэй.

Тэрбум долларын салбар өөрөө өөрийгөө цааш нь хөгжүүлээд явчихдаг. Одоо уул уурхай тэрбум долларын хоёр салбартай байгаа бол дахиад ийм хэмжээний хоёр салбар гаргаад ирэх боломж манайд байна. Жонш, алтны салбарыг хөгжүүлбэл тус бүр тэрбум долларт хүрэх боломжтой. Жонш, алтны орд хэчнээн том байгаад Оюутолгой шиг байдаггүй.

Тэгэхээр дундаж ордуудыг нийлүүлээд тэрбумаас дээш экспорт хийдэг болгох хэрэгтэй. Уул уурхай дотроо төрөлжинө гэсэн үг. Одоо бол жоншны ордууд жалга ухсан, хариуцлагагүй, нинжа маягийн байгаагаас нь арай өөр түвшинд аваачих бодлого хэрэгжүүлж, дундаж 40, 50 уурхайтай, тэдгээр нь жоншны баяжмал үйлдвэрлэх түвшний хөгжилд хүргэх юм.

Улс бодлогоор хайлуурын хүчил, фторт хөнгөн цагааны гэдэг ч юм уу үйлдвэрлэлийг дэмжчихвэл жоншны үр ашгийг бараг долоо, найм дахин өсгөдөг юм билээ. Ингэвэл жоншны салбар тэрбум долларт эргэлдэнэ.

Алтны тухайд Гацуурт, Бороогийнх шиг 10-аад орд олох хэрэгтэй. Гэтэл ийм бодлого алга. Хайгуул 20 жилээр түрүүлж явах ёстой гэж ярьдаг ч ойлгоогүй л байсан юм билээ. Алтны үндсэн ордуудын бүсийг тогтоогоод, үнэхээр ирээдүйтэй, 10 орчим орд олдохуйц бүс нутагт хайгуулыг төвлөрүүлэх ёстой. Зүгээр нэг санамсаргүй, энд тэнд хайх биш.

Бүсүүдийг нь онилж, хайгуул хийх шаардлагатай. Бороо, Гацуурт шиг 10 ордтой болбол тэрбум гаруй долларын экспорт хийдэг болно. Зэсийн үнэ хямдрангуут нүүрснийх дагаж буурахад магадгүй алтны ханш хэсэг хугацаанд доошлохгүй. Жоншны үнэ бас унахгүй байж болно.

Хэрэв ийм дөрвөн том салбар гараад ирвэл таваарын ханш өсөж, буурдаг мөчлөг тохиоход бэлтгэлтэй байна. Ашигт малтмалын мөчлөг хоорондоо бага зэрэг зөрөх учраас тэр. Ингэвэл манай улс 2014, 2015 оных шиг хямралд орохгүй. Нэгнийх нь унахад нөгөөгийнх нь нөхөөд, зөөлөвч болно.

ДАРААГИЙН ФРИЙДЛАНД ИРЭХИЙГ ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БОЛОХГҮЙ

-Цөөн том ордтой байх бус, аль нэгнийх нь нөөц дууссаны дараа залгаад аваад явах ордын хайгуул хийх ёстой юм байна гэж ойлголоо. Зэсийн салбар эдийн засагт маш том хувь эзэлж байна. Үнийн хэлбэлзлээс хамаараад нийт экспортын 40-50 хувийг бүрдүүлж буй. Одоо бараг ГШХО-ын 90 орчим хувь нь ногдож байна.

Уул уурхай зэсээс хараат болчихлоо. Азаар Чилид ажил хаяж, Индонезид үндсэрхэг үзэлдээ хэт автаад нийлүүлэлтийн шок үүссэн учраас зэсийн үнэ өндөр байна. “Оюутолгой” хэл амнаас айгаад хоёрдугаар үе шатаа дуусгаад Монголоос гарвал яах вэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн гол нөөц 20, 30 жилийн дараа дуусна гэж байгаа.

30 жилийн дараа “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн засагт үзүүлж буй нөлөө гэнэт арилъя гэж бодъё л доо. Тэр үед шок үүсэх магадлал бий. Түүнийг л одооноос арилгахын тулд зэсийн салбар уналаа гэхэд орлуулаад явчих дараагийн ордуудаа олох хэрэгтэй байх нь ээ?

-Уул уурхай нэг салбараас хамаарна гэдэг нь бид улам л эрсдэлд ойрхон болж буй хэрэг. Учир нь урд хөрш зэсийн үнийг унагах бодлого баримталж байна. Уулын буга хараад унасан бухаа хаях бодол байх ёсгүй. Зэсийн салбарыг улам хөгжүүлэх хэрэгтэй.

Зэсийн уурхайг илрүүлснээс хойш бараг 20 жилийн дараа “юм”-нд хүрдэг. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц дуусна гэвэл дараагийн, түүнийг нөхөх хэмжээний ордыг олох ажлыг хийж л байх учиртай.

-Бид хойч үедээ нэлээд хүндхэн, тодорхойгүй ирээдүй үлдээх гээд байна шүү дээ.

-Монголд зэс порфирын том ордууд илрэх ирээдүйтэй гэдэг PR-ыг Роберт Фрийдланд гэж хүн хийгээд өгчихсөн. Одоо хүртэл Монголд зэсийн орд илрүүлэх сонирхол байсаар л байгаа. Зэсийн хайгуулыг өмнийн говьд хийж л байгаа. Алтны тухайд Фрийдланд шиг хүн ирж, маркетинг хийхийг хүлээх ёстой юм уу, эсвэл монголчууд өөрсдөө хийж, хайгуулын бүүм бий болгох уу гэдэг асуудал байна.

Фрийдланд Монголд ирж байсан үе бол дэлхий зэсийг өөр нүдээр харж, зэс sexy байсан үе юм билээ. Одоо бол зэс, бас алт “од” байхаа болиод зай хураагуурын түүхий эдийн эрдсүүд (газрын ховор элемент) дэлхийд “моод”-нд орж, араас нь “хөөцөлдөж” байгаа. “Моод”-ноос гарч байгаа ашигт малтмалтай улс дараагийн аврагч (маркетинг хийх хүн) ирж шууруулахыг хүлээх нь буруу гэж хараад, бид өөрсдөө сурталчилгаа хийх ёстой.

Ганц компанийн рекламаар хөрөнгө оруулалт татдаг цаг өнгөрчээ. Улс орнууд хөрөнгө оруулалтын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа учраас зөвхөн ганц ордод дулдуйдаж сурталчилгаа хийх, ганц татвараа хоёр, гурван хувиар бууруулах тактикаар хол явахгүй.

Хөрөнгө оруулалт татах өрсөлдөөнийг 40, 50 жилээр харж байгаа учраас жишээлэхэд, чиличүүд нэг бодлоготой болсон. Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны хуралд оролцоход аргентинчууд мөн адил гэдэг нь анзаарагдсан. Тэд өрсөлдөөнийг олон жилээр харж, орж байна лээ.

-Монголд долларын ханш өсөөд байгаа болохоос дэлхий даяар ерөнхийдөө уналтад орчихлоо. Долларын ханш унахад алтны үнэ өсдөг. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Экспортын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёр “хөл”-тэй болчихоод байгаа тухай ярилаа.

Зарим мэргэжилтэн “Нүүрс үнс болж байна” гэж байхад нөгөө хэсэг нь “Хэрэглээнээс хэзээ ч гарахгүй, дахин боловсруулах боломжтой, хөрвөх чадвартай” хэмээн ярьдаг.

Бас “Дэлхийн дулаарал нүүрстэй холбоотой тул хэрэглээг нь багасгах ёстой” гэдэг. Нүүрсний ирээдүйг та хэрхэн харж байна. Энэ салбар манай эдийн засагт хэрэгтэй юм уу, үгүй юм уу. Тийм бол яаж сайжруулах ёстой вэ?

-Өнөөдөр нүүрсийг бүс нутгийн хэмжээнд, улс хоорондын бизнесийн түвшинд гаргаад иржээ. Нүүрсний бизнесийг олон улсын түвшинд хийх нь Монголын нэгэн үеийнхний өмнө тулгарч буй зорилго. Энэ бол том, хүнд зорилго. Коксжих нүүрсний бизнест бид Хятадын хойд талын хоёр, гурван муж, аймгийн түвшинд тоглож байна.

Тэгэхдээ Хятадын ченжүүдийн зохиосон дүрмээр голдуу тоглодог. Үнэ нь дэлхийн зах зээлийнхээс нэлээд доогуур тогтоогддог ийм л бизнестэй. Хоёрт, манайд байгаа өгөгдөл юу вэ гэвэл коксжих нүүрсний дэлхийд үнэлэгдэх нэг ордтой. Түүнийхээ эргэн тойрны 1000 км-ийн радиуст, гуя дагаж хүзүү гэдэг шиг “хачир” болгоод зарчихаж болохуйц олон ордтой. Тэдгээр нь бас зохих хэмжээнд экспорт хийгээд эхэлчихсэн. Бидэнд өнөөдөр ийм нөхцөл байна.

Манай улс зөвхөн Тавантолгой гэлгүйгээр сул коксжих нүүрсэнд давхар ач холбогдол өгөх ёстой. Дайвар бүтээгдэхүүн гэдэг шиг дайвар коксжих нүүрсний ордуудаа анхаарвал зохилтой. Манайхан ордыг сорчилж ашиглах тухай их ярьдаг. Тэгвэл сор болсон ганц ордоо ашиглах бус, дагуулаад эргэлтэд оруулах боломжтой ордуудыг хамтад нь ашиглах бодлого баримтлах нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн жил Монголын нүүрсний экспортын 50 хувь нь Гашуунсухайтын, үлдэх хувь нь Шивээхүрэнгийн боомтоор гарсан. Хэрэв өнөөдөр бид Тавантолгойг хөдөлгөөд, төр, хувийн хэвшлийн компаниуд нийлээд, магадгүй жилд 40-50 сая тонн нүүрс экспортлоод эхэлбэл дээрх баланс алдагдана. Гашуунсухайтын боомтоор 50 сая тонн нүүрс экспортлоод, бусад боомтоор 10-хан саяыг гаргаж болохгүй.

Тавантолгойгоос жилд 10-15 сая тонн коксжих нүүрс гаргаж байгаа бол сул коксжих нь бас ийм хэмжээнийх байгаа. Дайвар бүтээгдэхүүнээ зарж чадаж байна шүү дээ. Тавантолгойн ордоос 50, 60 сая тонн коксжих нүүрс гаргах гээд байгаа юм бол дайвар нь бас тийм хэмжээнд байх бодлого баримтлах ёстой. Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавибал Нарийнсухайтаас Шивээхүрэн рүү мөн яг нэг цаг үед төмөр зам тавих ёстой гэж хардаг.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ БИДНЭЭС АЛСАРНА

-Олон нийтэд ойлголтын зөрүү их байдаг юм шиг санагддаг. Нүүрсний нөөцөөр Монгол дэлхийд хамгийн их баялагтай нь биш. Монголтой, Монголгүй дэлхий эргэдгээрээ эргэнэ. Хятад улс манайхаас хэдэн зуу дахин их нөөцтэй. Зах зээлд яаж л бол яаж тоглоно.

-Хятад хүсвэл манайхаас нүүрс авахгүй байсан ч болно.

-Хятад улсад олон эх үүсвэрээс хямд үнээр нүүрс авъя гэдэг импортын бодлого бий. Заримдаа Австралийн импорттой өрсөлдүүлье гэдэг ч юм уу. Иймэрхүү зорилгоор манайхаас аваад байх шиг байгаа юм.

Манай улстөрчид “Монголын баялаггүй бол дэлхий эргэхгүй. Монгол нөөц баялгаараа дэлхийд тэргүүлдэг” гэсэн буруу ойлголттой болчихсон, тэр нь эргээд хортой нөлөө үзүүлээд байгаа юм биш үү?

-Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлуулахын тулд 200 шахам хуудастай номыг УИХ-ын гишүүдэд бэлдэж өгсөн. Түүнд нүүрсний зах зээлийн талаар дурдсан. Дэлхийн коксжих нүүрсний нийт импорт жилд 250 гаруй сая тоннд хүрдэг.

Бид коксжих нүүрсний экспортоо 100 сая болгоё гэвэл дэлхийн нийт нийлүүлэлтийн 50 хувийг эзлэх гээд ч байгаа юм уу. Экспорт хийж буй бүх улстай дайсагнасан, том өрсөлдөөнд орох, геополитик, гадаад бодлогын хувьд хүчирхэг улс мөн үү, биш үү зэрэг асуудал гарч ирнэ. Судалгаанаас харахад 2025 он гэхэд коксжих нүүрсний хамгийн том импортлогч нь Хятад биш, Энэтхэг болох юм билээ.

Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний зах зээл биднээс алсарна гэсэн үг. Ер нь бараг ихэнх юм бидний эсрэг байхад манайхаас өөр улсад нөөц байхгүй юм шиг, дэлхий биднийг тойрч эргэж байгаа юм шигээр цамаан загнаж, гэдийгээд суувал буруу. Уул уурхайг бид 1990-ээд оноос туршлага муутай эхлүүлээд байгаль орчин, нийгмийн асуудал дээр маш олон алдаа гаргачихсан.

Тэдгээр нь хуримтлагдсаар Монголын нийгэмд уул уурхайг дэмждэггүй хөрс бий болгочихсон. Тийм хөрсөн доороос гарч ирж байгаа улстөрчид уул уурхайг дэмжээд явахад хэцүү байх л даа. Хийх ёстой маш том ажил бол энэ салбарыг өөрөөр авч явж болдог юм шүү гэдгийг олон нийт, улстөрчдөд харуулах сорилт юм.

-50-60 сая тонн боловсруулсан нүүрс экспортлох зорилт тавьж болох юм гэж ойлголоо. Хятадын коксжих нүүрсний зах зээлийн жилийн багтаамж 60-80 сая тоннд хэлбэлздэг гэж уншиж байсан санагдаж байна. Ер нь цаашид Хятадын коксжих нүүрсний импорт 90 сая тонн орчимд хэлбэлзэж, үүнээс буурч ч магадгүй.

Технологи сайжирч, нүүрснээс татгалзах хөдөлгөөн ч хаа сайгүй бий болчихлоо. Монгол Улс 50 сая тонн коксжих нүүрс гаргавал эдийн засагч хүний хувьд хэлэхэд үнийг навс унагана шүү дээ. Тэгэхээр бид өөрсдийгөө хорлочих юм биш үү. Том тоо хэлээд, түүнийхээ төлөө баахан хөрөнгө оруулчихдаг. Гэтэл хавханд орчихно шүү дээ. Зэсийн үнэ хямдрахад үйлдвэрлэгчид олборлолтоо хумидаг.

Нийлүүлэлтээ зориуд хумьж, үнийг нь нэмдэг. Харин Монгол Улс эсрэгээр, үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөчихдөг. Яагаад гэвэл төсөв “зогсчих” гээд байгаа учраас. Зэсэн дээр гаргаж байсан алдаагаа нүүрсэн дээр давтчих юм биш үү. “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологи хоцрогдчихсон, өөртөө хөрөнгө оруулалт хийж чадахгүй, улстөрчдийн хэл амны бай болоод л “явж” байна.

Уул уурхайг дэлхийн зах зээлтэй уялдуулж байж олон улсын тавцанд гардаг. Гэтэл буруу ойлголтоос ашиг олдог улстөрчид Монголд уул уурхайн салбарыг удирдаж байгаа. Бэлээхэн сургамж байсаар атал яагаад 50-60 сая тонн коксжих нүүрс гаргана гээд, түүнийгээ зарлаад, анхнаасаа сул тал үүсгээд байгаа юм бэ гэж зарим судлаач шүүмжлэлтэй хандах байх. Энэ байр суурьтай Та санал нийлэх үү?

-Таны хэлж байгаа чинь гарцаа байхгүй нэг том эрсдэл. Тавантолгойг хөдөлгөснөөр олж болох орлого гээд олон гоё зүйл ярьж байгаа. Гишүүдэд бэлдэж өгсөн номын ар талд учирч болох эрсдэл гээд хэдэн хуудас бий. Ийм ийм эрсдэл байна, үүний эсрэг яах ёстой юм бэ гэдгийг тусгасан. Хүмүүс сансрын, том тоо ярих нь бий. “Энэ орд чинь зуун тавь, жаран тэрбум долларын үнэ цэнэтэй” гэж байгаа юм.

Тавантолгойгоос жилд 200 сая тонн нүүрс олборлоод, угаагаад, зараад 40 жилийн дотор шууд цөлмөөд дуусгавал үнэхээр өнөөгийн үнэ цэнэ нь зуун дөч, тавин тэрбум доллар юм билээ. Гэхдээ үүнийг худалдаж авах зах зээл нь ч байхгүй. Тэгэхээр байж болох бодит түвшинд бууж ирэх хэрэгтэй. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 30 орчим сая тонн нүүрс угаахаар хорогдол гараад, хорин дөрөв, таван сая тонн бүтээгдэхүүн борлуулах байх.

“Энержи ресурс” 15 сая тонныг угаахад борлуулах нүүрс нь арав гаруй сая тонн болно. Ингээд Тавантолгойгоос угаагаад гарч байгаа коксжих нүүрсний хэмжээ 30-40, магадгүй 50 сая тонн дотор байх нь миний ойлгож байгаагаар хамгийн боломжийн, бодит хэмжээ. Таны хэлж буй айдас байгаа юу гэвэл тийм. Гэхдээ айгаад суугаад байвал юу ч бүтэхгүй.

Магадгүй угаагаад зарж байгаа нүүрснийхээ 60-70 хувийг нь хятадуудад зарах байх. Дахиад бусад зах зээл рүү гарахаас өөр аргагүй. Хүссэн, хүсээгүй Хятадаас Энэтхэг рүү нүүрсний эрэлтийн хүндийн төв шилжинэ. Чаддаг бол Тяньжин, Владивостокийн боомт нь ч байна уу хүргэх нь зүйтэй. Энэтхэг рүү ядаж дөрөв, таван саяыг зардаг, Япон, Солонгос руу бас ийм хэмжээнийхийг нийлүүлдэг ч юм уу.

Европ руу нүүрс зарна гэхээр хүмүүс шоолоод байдаг юм билээ. Ер нь бол тарифын хөнгөлөлтийг ашиглаад жилд нэг, хоёр сая тонныг гаргаад, бид нэг хэрэглэгчээс хараат биш шүү гэдгээ чадан ядан харуулаад, тэмцэж л амьдрах ёстой юм билээ ш дээ, нүүрсний экспорт дээр бол. Азийн таван улсад (Хятад, Япон, БНСУ, Тайвань, Энэтхэг) дэлхийн нийт коксжих нүүрсний импортын 80 хувь нь ногддог юм билээ.

-Энэ тавын зах зээлд зөвхөн Монгол Улс нүүрс нийлүүлэхгүй. Австрали гээд “аварга”, бас Индонез байна. Сүүлийн үед ОХУ ороод ирлээ. Америк зарж болж л байвал нүүрсээ борлуулъя гэсэн бодлоготой.

Нийлүүлэгчдийн өрсөлдөөн дунд бид зах зээлд эзлэх хувиа яаж хадгалж үлдэх ёстой вэ. Манайд төмөр зам, нэгдсэн ойлголт байхгүй байна л даа.

-Монголын улс төр яаж ч савлахаас үл хамаараад эрт, орой хэзээ ч бай, төмөр зам тавих юм байна. Хамгийн гол асуудал бол өрсөлдөх чадвар. Айл үнээ унагаж байхад, бид адилхан мөртлөө ашигтай ажиллаж чадах уу гэдэг л асуудал. Өмнө нь айл үнээ унагахад бид алдагдалтайгаар зарсаар л байсан, төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд.

Төмөр зам, угаах үйлдвэр гээд дэд бүтцийн байгууламжууд өрсөлдөх чадварыг сайжруулна. Ер нь өнөөг хүртэл Монголын нүүрсний өрсөлдөх чадвар нь газрын гадарга дээр ил байгаа нүүрсийг маш хямдаар олборлож зарж байсан, монгол хүний цалин бага, гол зах зээлтэйгээ ойрхон гэсэн хүчин зүйлс дээр тулгуурлаж ирлээ.

Зөвхөн ийм заяагдмал давуу талуудтайгаа цааш явж чадахгүй ээ. Үүсмэл давуу талыг бий болгох ёстой гэж үзэж байгаа. Хамгийн эхэнд төмөр замаа барих, хоёрдугаарт, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, зардлыг нь бууруулах хэрэгтэй. Өнөөдөр Тавантолгойд болсон, болоогүй техниктэй гэрээт олон компани байгаа. “Эрдэнэс Тавантолгой” тэднийг дарамталж байгаад ашигтай, ашиггүйн завсарт нүүрсээ хямдхан олборлуулдаг.

Нөгөөдүүл нь “Зүгээр сууж байхын оронд хэдэн хүнээ ажилтай байлгая” гээд ажиллаж байна. Төр нь ч, “Эрдэнэс Тавантолгой” нь ч, тэнд гэрээгээр ажиллаж буй бүх компани ашиггүй байгаа гэхэд буруудахгүй. Уг нь win-win (бүгд ялах) байх ёстой. Одоо бол win нь Тавантолгойгоос нүүрс хямдхан аваад, цааш зарж байгаа ченжүүд л байх шиг байгаа юм.

Хоёрт нь, шийдвэр гаргаж байгаа цөөн хүн тонн тутмаас ганц, хоёр цент халаасандаа хийж чадаж байвал тэнд л win байх шиг. Бусад бүх тал ашиггүй болчихоод байгаа. Тэнд ажиллаж байгаа оператор компаниудыг 15-20, “Эрдэнэс Тавантолгой”-г 20, 30 хувийн ашигтай ажилладаг болгох хэрэгтэй.

Төмөр зам, авто замын компаниуд долоо, найм, арван хувийн ч юм уу ашигтай байх ёстой. Эдгээр нь улсын төсөвт татвар төлж, төсөв магадгүй одоогийнхоосоо гурав, дөрөв дахин томорч, сургууль, цэцэрлэгээ бариад, Улаанбаатарын утааны асуудлаа шийдээд, ард түмэн хожих гинжин хэлхээгээр явах шаардлагатай.

-Энэ гинжин хэлхээ бие биеэсээ хамаарсан, нэг газраа ажиллахгүй бол тэр чигээрээ ажиллахгүй болох эмзэг гэж санагдаж байна л даа. Гинжин хэлхээг түүчээлэгч нь төрийн өмчит компани байх юм уу, хувийн өмчийн компани байх юм уу. Үүн дээр Монгол Улсад нэгдсэн ойлголт байна уу?

-Анх “Бороо гоулд”, “Оюутолгой”-д зөвлөгөө өгч байхад эдгээрийг Монголын компаниудтай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байж. Одоогоос 10 жилийн өмнөх Дагва Монголд ер нь дандаа хувийн компаниуд байгаасай, болж өгвөл гадаадын, хариуцлагатай компаниудын салбар ажиллаасай гэсэн мөрөөдөлтэй байлаа.

Өнөөдөр улс төр, ашиг сонирхлын тэнцвэрийг нь харсан ч зайлшгүй нэг зүйл тодорхой байгаа нь Монголд хувийн өмчийн, төрийн өмчит, олон улсын компаниуд цаашдаа ажиллах юм байна. Дээр нь хоёр хөршийн сонирхлоор тэдний хөрөнгө оруулалттай компаниуд байх юм байна.

Тэгэхээр Монголд ийм таван төрлийн уул уурхайн компани лав л миний амьдарч байх хугацаанд байх юм байна гэж Дагва гэдэг хүн сүүлдээ хүлээн зөвшөөрсөн.

Эднийг бүгдийг нь байгаль орчин, нийгэмд ээлтэй, хамгийн их татвар төлдөг байлгах зохицуулалт нь юу юм бэ гэдэгт анхаарч ажиллахгүй бол шууд л зөвхөн энэ хоёр нь л байна гээд яриад явахад миний дуу хоолой хүрэхгүй юм байна, хүрлээ ч өөрийнхөө байгаа хугацаанд өөрчлөлт авчирч чадахгүй гэж бодоод, одоо байгааг нь сайжруулахад тусалъя гэдэг болсон.

-Тавантолгойг хөдөлгөнө гэхээр төмөр зам, цахилгаан станц, эсвэл баяжуулах үйлдвэр барих гээд ч байгаа юм шиг. Ингэж цогцоор нь бүтээн байгуулж, гадаад зах зээлд гарвал хөдөлж байна гэж үзэх гээд байгаа юм уу.

Хөдөлгөнө гэдгийг юу гэж ойлгох ёстой вэ. Одоо бол нүүрсээ автомашинаар л зөөгөөд байна шүү дээ.

-Тавантолгой ер нь энэ олон жил янз янзаар л ойлгогдож ирж. Тухай тухайн үед Тавантолгойг яаж хөдөлгөх гэж байсан, ямар сонирхол байсан, түүнтэйгээ нийцүүлсэн PR хийгээд л байсан. Түүгээрээ л нийгмийн тархийг угаагаад байсан юм байна. Тэгсээр байгаад Тавантолгойн тухай янз бүрийн ойлголт ард түмэнд ч, шийдвэр гаргагчдад ч суучихсан.

Нэг болохоор үнэхээр үнэ цэнэтэй, бараг дэлхийд өөр байхгүй орд ч юм шиг, эсвэл зүгээр л нэг аж ахуйн нэгж ч юм шиг. Тавантолгойг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн талаас нь авч үзвэл өмнийн бүсийн хөгжилд нөлөөлөхүйц, Монгол зөвхөн Улаанбаатар төвтэй улс биш, бараг нийслэлтэй дүйцэхүйц хоёр том хоттой өмнөд, хойноо хүн ам нь 50, 50 хувь байх, ийм том хөгжлийн суурь нь болохоор ч юм шиг.

Ер нь янз янзын өнцгөөр харвал болохоор л юм байна. Тэр хөгжил рүү нь Тавантолгойг хөтлөхийн тулд шат дараалсан ажлууд хийх ёстой. Тавантолгойг хөдөлгөх чиглэлд бидний энэ удаад хийж байгаа алхам нь зөгнөлт кинон дээр гардаг шиг супер хотыг өмнийн говьд шууд байгуулах уу гэвэл үгүй. Харин тэр чиглэлд хамгийн эхний алхмаа хийж, энэ ордыг ашигтай ажиллуулах нөхцөл бүрдүүлж, шаардлагатай гол дэд бүтцүүдийг нь л байгуулах гээд байгаа хэрэг.

Хамгийн эхэнд шийдэх зүйл нь уурхайн хүчин чадлыг нь одоогийнх шиг үлгэн салган 10 сая биш, 30 сая тоннд хүртэл нэмэгдүүлнэ. Нүүрсийг нь угааж, баяжуулаад дэлхийд зардаг брэнд бүтээгдэхүүн болгоно. Одоо Тавантолгойгоос бүтээгдэхүүн гараад байгаа мөртлөө хэний бүтээгдэхүүн юм бүү мэд болчихоод байгаа. Бид энэ ажлыг хийснээр Тавантолгой гэдэг Монголын брэнд бүтээгдэхүүн гарч ирнэ.

Гуравдугаарт, үүнийг ашигтайгаар тээвэрлэх тээврийн бүх дэд бүтцийг нь шийднэ. Авто зам, төмөр зам гээд. Монголын гадаргын усыг замд нь тосож авч, усан санд хуримтлуулахгүйгээр гадагшаа урсгачихаж байгаа. Уг нь усан сангуудад хуримтлуулаад газар тариаланд ашигламаар байна гэдэг. Үүнийг хийх анхны түүчээ төсөл байх ёстой.

Өөрөөр хэлбэл, томоохон голуудын үерийн усыг хуримтлуулж авах төслүүдийн мотивац нь болох анхны төсөл байх ёстой. Тэр нь “Тавантолгой”. “Эрдэнэс Тавантолгой”-гоос “Усыг чинь бид худалдаад авчихъя” гэж шууд баталгаа гаргаж чадна. Эсвэл IPO-гоос “500 сая доллар өгчихье” гэж чадах байхгүй юу. Анхны ачааг нь “Тавантолгой” үүрнэ.

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсан байдаг. Түүнд компаниудын засаглалыг сайжруулна, ил тод байлгана, аль болох гадаргын ус ашиглана хэмээн тусгасантай нийцэх юм байна гэж ойлголоо.

-Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах нь зовлонтой үйл явц. Ерөнхий сайд солигдох бүрт дагаад төрийн өмчит компанийн захирал өөрчлөгддөг. Гэтэл Чилид Ерөнхийлөгч нь солигдоход “Codelco”-д нь өмнөх дөрвөн жил ажилласан гүйцэтгэх захирал нь үргэлжлүүлээд үүргээ гүйцэтгэж л байна шүү дээ.

Сүүлийн 10 гаруй жилийн статистикийг харахад Монголд Ерөнхий сайд хоёр жил тутам солигдсон байна. Ийм байхад компанийн, ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”-н захирал солигдсоор ирснийг өөрчлөх үйл явц зовлонтой, магадгүй 20, 30 жил шаардлагатай болох гээд байгаа юм.

Гэтэл бид “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийчихвэл дараа жилийн өдийд магадгүй засаглалын асуудал нь шийдэгдчихнэ. IPO хийгээд, олон улсын биржид гарах нь засаглал сайжруулах том хурдасгуур болно.

-“Эрдэнэс Тавантолгой”-н 70 хувийг засаг авч үлдээд, 30 хувийг нь гадаадын биржид зарах юм байна. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монголд удахгүй сонгууль болно. Гүйцэтгэх захирал нь солигдох юм байна” гэж болгоомжлох байх.

IPO гаргаснаар засаглал нь сайжирна гэлээ. Эсрэгээрээ засаглал нь түрүүлж сайжрах ёстой биш үү. Улс төр нь яаж ч өөрчлөгдлөө гэхэд тэр хүн компанийнхаа ажлыг хийгээд, хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаална гэсэн баталгаа бий юү?

-Одоогоор байхгүй. IPO хийнэ гэдэг бол дөрвөн шатны ажил. Компаниар бол IPO хийх шийдвэрийг ТУЗ гаргах нь нэг дэх шат. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани учраас УИХ-аар тогтоол гаргуулах учиртай болсон хэрэг. Хоёрт, олон улсын жишгээр IPO-гийн бэлтгэлийг 1-2 жил хангадаг.

Гуравдугаарт, хувьцаагаа арилжих биржтэйгээ хамтарч ажиллаад, IPO хийх ажил байна. Дөрөв дэх нь IPO-гийн дараах амьдрал гэж нэг юм байна. Тэр нь хөрөнгө оруулагчдаа үргээчихэлгүй, хувьцааны ханшаа унагаачихгүй байх хариуцлагатай үе шат.

Боломж бүрдвэл 2019 оны эхний хагас жилд багтаад “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийчихмээр байна. Тэр болтол бэлтгэл хийх хэсэг хугацаа бий. Үүний хүрээнд хийх хэд хэдэн том ажил байгаагийн нэг, том ажил нь засаглалыг нь сайжруулах. Энэ хугацаанд засаглалаа сайжруулж чадахгүй бол IPO хийж чадахгүйд хүрнэ.

“Codelco” төрийн өмчит компани мөртлөө сонгуулиар эрх барьж байсан нам нь солигдож, өөр Ерөнхийлөгчтэй болсон ч удирдлагыг нь үлдээж болдог тогтолцоотой юм байна. Түүнийг нь судлаад, улстөрчдөөр зөвшөөрүүлж чадвал IPO-гоо амжилттай гаргаж чадна.

Чадахгүй бол ирэх жил “Бидний хийсэн засаглалын реформ хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц байж чадсангүй ээ” гэж хэлэх байх даа.

-УИХ-ын чуулганаар мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөж чадсан уу. Эсвэл улстөрчдийн бие биеэсээ хариугаа авах, ямар ч хамаагүй боловч эрх мэдлээ булаацалддаг ч юм уу, ийм шалтгааны улмаас хандах хандлага давамгайлсан уу, хөндлөнгөөс ажиглахад?

-Бүгд л байх шиг байна. Ерөнхийдөө бүх л төрлийн уур амьсгал ажиглагдсан ч “Хэдий болтол ингэж байх вэ. Явуулах гээд үзье” гэдэг суурь хангалттай байсан.

Тэмдэглэсэн Ц.БОЛОРМАА

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай