Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хүчирхийллээс хамгаалах чадваргүй байна.

TODAYХүүхэдтэй холбоотой асуудал буюу Хүүхдийн эрхийн тухай хуулийн талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ХНХЯ-ны Хүүхэд, гэр бүл, ахмад настан, залуучууд хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, эцэг эхийн төлөөлөл Р.Молор нартай ярилцлаа.


С:1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хууль хэд хэдэн удаа шинэчлэгдэн батлагдсан. Үүний дараа 2016 оны хоёрдугаар сард дахин шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Н.Б: Энэ хууль нь тунхаглалын болон материаллаг шинж чанартай хууль байсан. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг Хүүхдийн эрхийн тухай хууль болгон шинэчлэн найруулж, УИХ-аар баталсан. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын бүтэц тогтолцоо, чиг үүрэг болон хүүхдийн эрхийг хангах талаарх тогтолцоо бичүүлэх асуудлыг тусгаж өгсөн. Харин Хүүхдийн хамгааллын тухай хууль бол цоо шинээр боловсруулагдаж, батлагдаад хэрэгжиж эхэлж байна.

Энэхүү хуулиар хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдийг бүх төрлийн хүчирхийллээс болон урьдчилан сэргийлэх, хамгааллын үйлчилгээний үйл явцыг хуульчилж өгснөөрөө онцлог болсон. Монгол Улс энэ хуулийг баталсан дэлхийн 49 дэх, харин Азийн нэг дэх орон болж чадсан. “Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас:Эцэг эх, багш, насанд хүрэгсэд ээ, та бүхэн хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийлэл биш хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлээрэй”

С: Эцэг эхчүүдийн төлөөлөл хэр их мэдээлэлтэй байгаа вэ?

Р.М: Хууль батлагдсан даруйд сонин хэвлэлийн нүүрэнд гарсан мэдээлэл төдий байхаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй.

-Энэ нь нэг талаасаа эрсдэл бий болоход ойрхон байна гэж үзэж байна. Хүүхэд бол эрсдэлд өртөх хамгийн өндөр магадлалтай нийгмийн давхарга шүү дээ.

О.А: Хүүхэд явж байгаа газартаа л хамгаалагдаж байх ёстой. Энэ бол ганц үндсэн зарчим. Өөрөөр хэлбэл, таны эргэн тойронд хүүхэд байдаг эсвэл хүүхэдтэй харьцдаг бол хүүхдийн эрхийн хамгааллын төлөө үүрэг хүлээнэ гэдгээ л ухамсарласан байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй байж хэн нэгнийг буруутгах эрх эцэг эхчүүдэд байхгүй. Учир нь эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдийн төлөө төр ямар орчин бүрдүүлж өгсөн, ямар үүрэг хүлээж байгаа вэ гэдгээ мэддэг байх нь маш чухал.

Жишээлбэл, өнгөрсөн жил гэр бүлийн орчинд хүүхэд хүчирхийлүүлсэнтэй холбоотой нийт 360 хэрэг дээр анализ хийхэд үндсэндээ 80 хувь нь эцэг эхээс шууд шалтгаалж байсан. Ээж аав өөрөө хүүхэд хүчирхийлсэн субъект мөн. Хоёрдугаарт, өөрөө хүчирхийллийн орчинд байгаа гэдэгтээ үнэлэлт дүгнэлт өгөөгүйтэй холбоотой зөрчлүүд байгаа. Бид ийм төрлийн 120 орчим тохиолдол дээр монголын төрөөс хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралд оролцсон. Энэ нь хүүхдээ өөрөө хамгаалах чадваргүй байна гэсэн үг. Иймээс Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийн үндсэн зарчмыг ойлгож ухаарах нь хамгийн чухал болоод байна. Энгийн нэгэн жишээ хэлье.

Өрхийн эмч хүүхэд хамгааллын асуудал дээр гуравхан үүрэг хүлээдэг. Нэгдүгээрт, хүүхдэд үзлэг хийж байх явцдаа хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгана. Хоёрдугаарт, хэрэв тийм шинж тэмдэг илэрсэн бол цагдаа, түргэн гээд хүүхдийн эрхийг хамгаалах газруудад мэдээлэх үүрэгтэй. Гуравдугаарт, тухайн хүүхдийн нууцыг хадгална. Тэгэхэд өнгөрсөн жил гарсан томоохон хэргүүд зөвхөн эдгээр үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа хүмүүсээс үүдэж гарсан. Хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, хүүхдийг хамарсан болон хэвлэл мэдээллийн салбарт, гэр бүлийн орчинд гэсэн таван орчинд хамгаална гэсэн заалт бий.

Дахин хэлэхэд, хүүхэд хаана байна, тэндээ хамгаалагдах ёстой. Тэгэхээр ийм зөрчил манай хөрш айлд явагдаад байх шиг байна, хүүхэд нь хоёр хоног хараа хяналтгүй явчихлаа, ээж нь архи уугаад тоохгүй байна, та нар ирээч гэж мэдээлэхгүй л бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Харин мэдээлэх үүргийг хуулиар заагаад өгчихсөн. Хүн болгоны өмнө хэн нэгэн заавал үүрэг хүлээж байгаа шүү гэдгийг л ойлгох нь хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгоход хамгийн чухал эд эс юм.

“Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас: Иргэн бүр хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүрэгтэй”

Р.М: Эрх үүрэг ярьж байгаа нөхцөлд нөгөө талд нь үүрэг хариуцлага гэдэг зүйл заавал байх ёстой. Ингэж байж жингийн хоёр туухай тэнцвэржинэ. Нийгэм маань их залуужиж байна. Мөн залуу гэр бүлүүд салж сарних эсвэл амьдралын нугачаанд бүдрэх асуудал тулгарах үед хүүхдэд тавих хараа хяналт сулрах хандлагатай байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Н.Б: Хамгаалах эрхийг нь зохицуулж өгсөн зүйл заалт бий. Зөрчлийн тухай хуульд эцэг эх болон олон нийтийн байгууллагаас хүүхдийн эрхийг зөрчиж байгаа зөрчлүүдийг хянан шийдвэрлэх болон шаардлагатай тохиолдолд зөрчлийн хуулиар шийдвэрлээд явж байгаа. Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхийг хангах тал дээр төрийн байгууллагын бүтцийг ямар байх талаар зааж өгсөн.

Энэ дагуу 2016 онд байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгуудад энэ асуудлыг хариуцсан хэлтсүүд ажиллаж, мэдээллийн дата бааз үүсгэгдээд явж байгаа. Үүнээс гадна хүүхдийн эрхийг хангах чиглэлээр иргэд, олон нийтийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар хүүхдийн элчийг сонгон ажиллуулж байгаа. Улсын хэмжээнд 32 байцаагч хүүхдийн эрхийн зөрчилд хяналт тавьж ажиллаж байна.

Мөн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх ажлыг Засгийн газрын зүгээс анхаарч байгаа. 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд төрийн байгууллагууд ажиллаж байна. Хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий тусламжийн 108 утсыг 2018 оны Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Жилд дунджаар 400 гаруй мянган дуудлага ирж, эрсдэлт нөхцөлд орсон хүүхдэд харъяа дүүргийнхээ хэлтсүүдээрээ дамжуулан тусалж байна.

С:Хуулиндаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай байна гэж заасан. Байцаагчид нь ямар үүрэгтэй вэ?

О.А: Зөрчлийн тухай хуулийн 16 зөрчлийг шалган шийд вэрлэх үүрэг хүлээж байгаа. Гэхдээ хүүхдийн эр-хийг тус 16 зөрчлөөр хязгаарлах боломжгүй нь нэгэнт амьдрал дээр тодорхой болсон. Гэртээ хүүхдийн хажууд архи, согтууруулах ундааг хэрэглэж байсан бол 50 нэгжээр торгоно. Энэ процесс амьдрал дээр хэрэгжээд явахаар хэр итгэл үнэмшилтэй вэ гэдэг асуудал урган гарч ирсэн.

“Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас: Хүүхдийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодийн болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно”Багануур дүүрэгт гарсан нэгэн хэргийг авч үзье. Өрх толгойлсон эх хүүхэд болон хөдөлмөр эрхэлдэггүй дүүтэйгээ хамт амьдарч байж. Ээж нь өглөө ажилдаа явахаар хүүхэд нь хичээлээ тараад ахтайгаа хамт өдрийг өнгөрүүлдэг.

Гэвч ах нь тэр хавийнхаа хүмүүсийг цуглуулж архи уудаг. Тэгээд хөрш айлаас нь хүүхдийн эрх зөрчигдөж байна хэмээн мэдээлэхээр улсын байцаагч газар дээр нь очоод, торгууль тавихад хэн төлөх вэ. Мэдээж ээж л төлж таарна. Ингэхээр зөрчил арилгуулахаасаа илүүтэйгээр тухайн айлд дарамт болж байгаа юм. Иймэрхүү зөрчлүүд маш олон гардаг. Мөн зарим зөрчлийг илрүүлэхээр шалган шийдвэрлэх эрхгүй болчихдог. Хуулинд нь зааж өгөөгүй хэрэг.

Иймд цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Хамгийн сүүлд ХНХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай зөвшилцөөд, санхүүгийн дэмжлэг авахаар болсон. Ингээд одоо батлагдах Зөрчлийн тухай хуульд хүүхэд тэвчихүйн хөдөлмөр эрхэлж байвал шалган торгууль тавьдаг эрхийг нь улсын байцаагч нарт олгоё, боловсролын салбарт ажилладаг нийгмийн ажилтан, сургуулийн захирал өөрөө салбарынхаа хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй болгоё гэсэн концепц явж байгаа. Нэг баримт хэлэхэд Зөрчлийн хуулиар улсын хэмжээнд бараг 1 сая хүн торгуулсан. Гэмт хэрэг болохоос нь өмнө урьдчилж илрүүлээд таслан зогсоож байгаа гэсэн үг.

Гэтэл асуудал Хүүхэд хамгааллын хууль дээр байж байгаад гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль руу шилжээд, хамтарсан баг гэдэг нэг ойлголт гарч ирсэн. Хорооны засаг даргаар ахлуулсан цагдаа, эмч, сургууль болон хорооны нийгмийн ажилтнаас бүрдсэн зөвлөл гэж бий. Тус зөвлөл нь хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй гэр бүлүүдийн нөхцөл байдлыг үнэлээд, эрсдэлтэй байгаа хүүхдэд үйлчилгээ үзүүлж, хамгаалах шаардлагатай бол хамгаалалтад авдаг. 609 хамтарсан багийн үйлчилгээ үзүүлсэн тоо нэгтгэсэн байдлаар 2400-д хүрсэн. Энэ хэмжээний хүүхдийг хамгаалсан гэсэн үг. Уг тоо энэ оны сүүлээр 24 мянга болно.

Учир нь хамтарсан багийн үзүүлсэн үйлчилгээг татаад үзэхээр найм дахин нэмэгдэж байна гэсэн санааг хэлээд байгаа юм. Зөрчил гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр хамгааллын үйлчилгээ найм дахин нэмэгдэж, гэмт хэрэг буурлаа. Урьд нь өөрийн хүүхдийн эрх зөрчигдөхөд ээж утасддаг байсан бол өөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирэхэд хөрш айл, ангийн багш, нийгмийн ажилтан мэдээлдэг утасны дуудлага нэмэгддэг. Энэ нь хүчирхийллийг үл тэвчих хандлагыг бий болгож байгаа. Өмнө нь нэг ээж хүүхдээ алгадахад сурган хүмүүжүүлж байна гэж андуурдаг байсан бол одоо хүүхдээ зодож байна гэж үзээд утасддаг болж байгаа хэрэг.

“Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас: Хүүхэд бид хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй”

Р.М: Энэ хуулиар би хүүхдээ болохгүй хэрэг хийвэл цохиж шийтгэх эрхгүй болж байна гэсэн үг үү?

Н.Б: Уламжлалтай холбоотой уг хэвшмэл ойлголтыг өөрчлөх “Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга” аянуудыг явуулж эхэлж байна.

Р.М: Мэдээжийн хэрэг хүүхдээ аль болох зодохгүйг хичээдэг. Гэтэл цахим орчинд “Миний төлөө амьдарч байгаа юм шиг зан авир гаргадаг хүүхэд байна. Яах ёстой вэ, туслаач” гэх асуулт тавигдахад дийлэнх нь хүүхдийн чих нь юм сонсохоо байсан бол хонгонд нь ойлгуулах нь зүйтэй гэсэн зөвлөгөөнүүд явдаг.

О.А: Монголын уламжлалт ном зохиолоос хүүхдээ зодож шийтгэнэ гэсэн нэг ч өгүүлбэрийг олж уншиж чадахгүй. Энэ бол зүгээр л буруу хандлага. Өдөрт ердөө хоёрхон цагийг л хүүхдэд зарцуулахад хангалттай гэж үздэг. Ингэж чадвал хүүхдээ зодох шаардлага гарахгүй. Та цаг гаргаагүй учир хүүхдээ зодож байгаа юм. Тэгэхээр хүүхдээ сонсох, хамтарч шийдвэр гаргах ёстой.

С: 108 утсанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл хэр их ирдэг вэ?

О.А: Жилдээ 400 мянга, сард 15 орчим мянган дуудлага ирдэг. Тэдгээр дуудлагын 70-аад хувь нь танин мэдэхүйн шинж чанартай байдаг. Харин бидний хэлж заншсан “халуун” дуудлага 5-8 хувийг эзэлдэг. 108-ын хамгаалах байрныхан газар дээр нь очоод хүчирхийллийг таслан зогсоогоод авч явдаг. Халуун дуудлагын 60 орчим хувь нь хүүхэд өөрөө мэдээлдэг. Үүнд 108 руу утасдаж чаддаггүй хүүхэд байвал яах вэ гэсэн асуудал гарч ирнэ.

Ер нь ажиглаад үзэхэд тавдугаар ангиас хойш насныхан 108 руу ярьдаг юм билээ. Үүнээс доош насныхан мэдээлж чадахгүй байна. Иймд сурган хүмүүжүүлэгчид, багш, хөршийн үүрэг энэ хэрээр нэмэгдэж байгаа. Бид Дэлхийн зөн байгууллагатай хамтран хүүхэд бүртгэдэг гар утасны аппликейшн зохион бүтээсэн. Үүн дотроо хүүхдийг нас насных нь онцлогт тохирсон эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх талаар бичсэн боловч утсан дээр нь татуулах гээд барсангүй. Бүр сошиал орчинд ч суртал ухуулга хийгээд амжилт олоогүй. Арга ядахдаа “Мобиком” корпорацитай хамтран 1 сая хэрэглэгч рүү хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг хүсвэл та энэхүү аппликейшныг татаж аваарай гэсэн мессеж илгээхэд ердөө 16-хан мянган хүн л татаж авсан. Энэ бол эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх асуудлыг хэрхэн анхаардгийн сонгодог жишээ юм.

Р.М: Хуулинд хүүхдийн боловсролын асуудлыг хэрхэн тусгаж өгсөн бэ?

О.А: Үе тэнгийн сурагч багш болгохоор монголын бүх сумаас 650 хүүхдийг сонгон бэлтгэж байгаа. Тэд нутагтаа очоод “Бид ийм эрхтэй юм билээ, мөн ийм үүрэг хүлээнэ” гэдгээ бусдадаа танин мэдүүлнэ.

С: Хууль хэрэгжихэд саад тотгор болж байгаа зүйл бий юү?

О.А: Хуулийн эрх зүйн орчин маш сайн бүрдсэн. Харин хамгийн их тулгарч байгаа бэрхшээл бол иргэд, олон нийтийн оролцоо юм. Дээрээс нь худал хуурмаг мэдээлэл их тарааж байна. Улсын зөвлөгөөн дээр нэгэн залуу “Нэг хүүхэд 108 дугаарын утас руу залгаж, дуудлага өгсний дараа хамгаалалтынхан аавыг нь бариад явчихсан чинь хүүхэд нь долоо хоног хоолгүй ганцаараа байсан” гэсэн.

Иймэрхүү иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн худал ташаа мэдээлэлүүд цахим орчинд идэвхтэй түгэж байна. Амьдрал дээр хэзээ ч ийм хэрэг болохгүй. Цагдаа хүүхдийн хамгааллын мэргэжилтэнтэй хамт газар дээр нь үнэлэлт дүгнэлт хийгээд, хэрвээ аавыг нь аваад явчихвал хүүхэд гэртээ харгалзах хүнгүй болох учраас хүүхэд хамгааллын байранд аваачдаг. Иймд иргэд, олон нийт зөв мэдээлэлтэй болох нь хамгийн чухал ойлголт юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай