Нээлттэй сонсгол тойрон өрнөх халуун зуны улс төр

УИХ-ын чуулган завсарлаж, амралт, зугаалга, найр, наадмын улирал эхэлж байгаа ч энэ зун улс төр амсхийх завгүй байх шинжтэй. Энэ бужигнаан нь ойр зуурын толхилцоон, нам хоорондын талцал төдий биш, нэлээд том зорилготой, бас ч муугүй төлөвлөгөөтэй гэдэг нь гадаад, дотоодын хэвлэлд гарч буй мэдээлэл, өрнөж буй үйл явдлуудаас ойрын өдрүүдэд улам тодорхой болов. “60 тэрбум”-ын асуудлаас хөвөрч, улам гүнзгийрэх нь ойлгомжтой болсон энэ зуны улс төр чухам юунд хүрч дуусах нь тодорхойгүй бөгөөд сонирхолтой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах санаачилга гаргаж, 19 гишүүний гарын үсэг цуглуулан УИХ-ын даргад өргөн бариад буй.

Үүнтэй нь зэрэгцээд, “60 тэрбум”-ын тухай аудио бичлэг хийсэн Доржзодов ардын баатрын дүрээр дахин гарч ирж, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын суудалд залраад буй Г.Баасан “Монголд оффшорчдыг шийтгэж чадахгүй байна. “60 тэрбум”-ын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш гэдгийг тогтоосон. Гэтэл “60 тэрбум”-ыг толгойлсон хүн УИХ-ыг удирдаад сууж байна” хэмээн мэдэгдэв. Тэр ч бүү хэл “Вашингтон пост” энэ асуудалд зай талбай харамласангүй.

Гишүүн Д.Оюун-Эрдэнэ нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагаа УИХ-ын даргад гардуулсан өдөр Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, “Жилийн өмнөөс сүр дуулиантайгаар ярьж эхэлсэн “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы хуралдааныг завсарлуулах хэрэгтэй. Энэ сарын 26-нд “Вашингтон пост” сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалж буй талаар буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийн тухай маш дэлгэрэнгүй нийтэлсэн байна.

Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дэлхий нийтэд яригдаад эхэллээ. “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж, УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан талаар сонссон. Энэ асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай гэж та бүхнээс хүсэж байна” гэсэн. Энэ бүхэн санамсаргүй давхцал биш болов уу. Дуу дуугаа авалцан ар араасаа хөвөрсөн энэ үйл явдлууд Монголын улс төрийг хөдөлгөөнд оруулж, тийм ч амар тогтохооргүй давлагаа үүсгээд байна.

Д.Оюун-Эрдэнэ албан бичгээ гардуулж, Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлсэн өдрийн орой УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэж байсан бүх асуудлаас завсарлага авч, шөнө дүл болтол хуралдсан. 4-5 цаг үргэлжилсэн уг хурал асуудлаа тогоондоо шийдэхийг зорьсон гэхээсээ илүү 32, 33-ын бүлгийнхний нэгнээ давах гэсэн хэрүүлийн шинжтэй болсон гэх. Хаалттай хурал ширүүхэн болсон талаарх мэдээллийг “санамсаргүйгээр” задлахдаа 32, 33-ынхан зөрүүтэй зүйл ярьж байгаа.


...Манай нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхардаг. Хэн нэг нь хоригдлоо гэхэд бие нь өвдөж, хорихоос гараад, улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ жишиг үргэлжилбэл хууль, шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл суларна. Хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэх болно...


32-ынхон буюу УИХ-ын дарга М.Энхболдын талынхан “Энэ бүхэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “явуулснаас” үүдсэн хонзон төдий зүйл” хэмээн итгүүлэхийг оролдож, “60 тэрбум”-тай холбогдох материалыг хуурамчаар үйлдсэнээ шүүхэд хүлээн зөвшөөрсөн хүний баримтыг үзүүлэх боломжтой гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн” гэцгээсэн. Харин 33-ынхан буюу У.Хүрэлсүхийн талынхан “Намын дарга бүлгийн хуралд оролцохдоо “Намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өг. Шударга ёс тогтооход хамгийн их саад болж буй газар нь АТГ болоод байна. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Намын Онц их хурал зарлана” гэх мэтийн зүйл ярьсан гэсэн мэдээллийг тараасан.

Мөн 32-ын бүлгийнхэн нээлттэй сонсголоос хэрхэн “бултах” тухай ярилцсан гэсэн мэдээлэл гарлаа. Харин энэ талаар УИХ-ын чуулганы танхимд албан ёсоор яригдаж, ил болоод буй зүйл гэвэл, УИХ-ын дарга М.Энхболд “Нэр бүхий 19 гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг шийднэ.

Чуулган завсарласан ч байнгын хорооны үйл ажиллагаа цаашид үргэлжлэх учраас нээлттэй сонсголоо зохион байгуулаад явах нь зүйтэй байх” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “19 гишүүн гарын үсэг зурсан нийтийн сонсгол зохион байгуулах бичиг УИХ-ын даргаас авсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч мөн энэ асуудалтай холбоотойгоор нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн.

Улсын ерөнхий прокуророос уг бичигт санал авахад “Тухайлан шалгаж байгаа хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй” гэсэн учраас бид Ерөнхийлөгчид “Боломжгүй” гэсэн хариу өгсөн. Гэтэл одоо УИХ-ын 19 гишүүн дахин хандаж байна. Ерөнхийлөгчид “Болохгүй” гэчихээд 19 гишүүнд “Болно” гэж болохгүй. Ийм хүнд байдалд байна” хэмээгээд буй. Гэхдээ эцсийн шийдвэрийг байнгын хорооны хуралдаанаар гаргах билээ. Энэ бол 32-ын бүлгийнхнээс нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж буй талд өгөхөөр бэлтгэж байгаа хариу гэж харж болох юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь дэмжсэн тохиолдолд нийтийн сонсгол хийх хуультай. Нээлттэй сонсголын тухай хуулийн 8.2.2-т “УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хүсэлт гаргасан тохиолдолд УИХ ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” гэж заасан.

19 гишүүн гарын үсэг зурчихаад байхад нээлттэй сонсгол явуулахгүй бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан хэрэг гэж үзэж, ҮХЦ-д хандана. Мөн эсэргүүцлийн өөр хэлбэрийг сонгоно. Төрийн ордноос гарч эсэргүүцлээ илэрхийлэхэд битгий хүргээч ээ гэж Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт уриалъя. Асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Үнэхээр буруугүй юм бол АТГ, тагнуул, прокурорын байгууллага “60 тэрбум”-ын хэргийг хаасан шалтгаанаа ил тод ярих хэрэгтэй. Тэгээд үнэхээр буруугүй бол тэр нь нотлогдоно биз.

Хяналтын сонсгол гэдэг нь тухайн хэргийн нууц материалыг ил болгохгүйгээр олон нийтэд тайлбар хийх үйл явц юм. Олон нийтийн эргэлзээг тайлах зорилгоор л Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан. Дэлхийн бусад оронд ч ийм хууль байдаг. Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдаанд хуулийг өөрөөр тайлбарлаж байна билээ. Хууль зүйн байнгын хороо иймэрхүү асуудлыг аргацааж өнгөрөөхөө болих хэрэгтэй. Манай нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхардаг.

Хэн нэг нь хоригдлоо гэхэд бие нь өвдөж, хорихоос гараад, улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ жишиг үргэлжилбэл хууль, шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл суларна. Хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэх болно. Тэгэхээр энэ асуудалд цэг тавихгүйгээр, хуулиар хаацайлсан байдлаар хандаж болохгүй. Энэ асуудлаар би Хууль зүйн байнгын хорооны даргатай уулзана. “60 тэрбум”-ын асуудлаар би тултал нь явж мухарлана. Аль шатанд хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж, дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсэж байна.

Энэ талаар мэдээлэл өгөхөөр маш олон хүн холбогдож байгаа. Зарим хүнтэй нь уулзаж, ирүүлсэн материалыг нь хүлээн авсан. Үүнийгээ Ерөнхий прокурорт шилжүүлнэ. Хэргийг нээх нь үү, эсвэл хаах нь уу харъя” гэсэн.

Нээлттэй сонсгол явуулах, эсэхийг Хууль зүйн байнгын хороо ойрын үед шийдвэрлэнэ. Эндээс ямар хариу гарахаас энэ зуны улс төр хэрхэн өрнөх нь бүр илүү тодрох биз. Нээлттэй сонсгол хийсэн ч, үгүй ч УИХ-ын даргын эсрэг өргөн фронтоор дайрах ажиллагаа үргэлжлэхийг Д.Оюун-Эрдэнийн үгнээс харж болохоор байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай