Панам улс оффшорынхоо баримтаар бус СУВГААРАА алдартай

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид дундаа орж, шүтэн бишрэгчдийг хуйлруулах шиг л болж байна. Энэ удаагийн ДАШТ-нд 32 баг оролцож байгаагаас Исланд, Панамын багууд анх удаа оролцож, тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Ялангуяа Панамын шигшээ баг хөлбөмбөгийн хорхойтнуудын “хайр”-ыг татаад байгаа ба сүүлд Английн багтай учраа таарч гоолын харьцаа 6:0 болсон ч панамчуудыг ганц ч гэсэн гоол оруулаасай гэсэн фанат өчнөөн гарч ирэв. Тэдний ч хүслээр болж Панамын баг дэлхийн аваргын түүхэнд анхныхаа гоолыг оруулсанд Английн фанатууд ч бөөн баяр болов. Ялангуяа манай цахим сүлжээнд “Панамчууд гоол оруулаасай. Нэг л дотно санагддаг юм шүү” гэсэн постууд ар араасаа хөврөв. Энэ нь манайхны дунд нэг хэсэгтээ л хэрүүл алим болсон оффшор буюу Панамын баримтуудтай холбоотой биз ээ. Тэгвэл дэлхий нийт Атлантын далайг Номхон далайтай холбох усан сувгаар нь Панам улсыг илүүтэй мэднэ. Ийн нуршихын учир нь Панамын суваг гэж юу болох талаар танин мэдэхүйн сонирхолтой баримтуудыг сонирхуулахыг хүслээ.

Панамын суваг нь Панамын хүзүүвчийг сэтлэн Атлантын далайг (Карибын тэнгисээр дамжин) Номхон далайтай (Панамын булангаар дамжин) холбох усан суваг юм. Хүн төрөлхтний бүтээн байгуулсан аварга байгууламжуудын нэг бол яах аргагүй Панамын суваг билээ. Сувгийн урт 81.6 километр. Энэ нь бүтэн тив тойрох шаардлагагүй болгож, усан замыг товчилдгоороо дэлхийн усан тээвэрт ихээхэн ач тустай хэмээн үнэлэгддэг. Энэ сувгийг байгуулаагүй байхад усан тээврийнхэн Америк тивийг бүтэн тойрдог байсан бол олон мянган хүний хөлс, цус, амь насыг золин байж суваг байгуулснаар бүтэн тивийг тойрох шаардлагагүй болжээ. Тухайлбал, суваг нээлтээ хийснээс хойш олон улсын усан тээврийн нэг гол зам болсон бөгөөд жилд дунджаар 14 мянган усан онгоц 205 сая тонн ачааг түүгээр тээвэрлэгддэг байна. 2002 оны байдлаар нийтдээ 800 мянган усан онгоц уг сувгаар дамжин өнгөрчээ.

Анх Атлант болон Номхон далайг усан замаар холбох санааг 1500-аад оны үед Испанийн I Чарльз хаан бодож олсон түүхтэй. Харин Панамын сувгийг байгуулах төслийг 1880 онд францууд эхлүүлсэн юм. Барилгын ажлыг Суэцийн сувгийг барьсан Египетийн барилгачин Фердинанд де Лессепсээр удирдуулсан байдаг.

Төсөл үргэлжлэх хугацаанд зогсолтгүй бороо орсны улмаас хөрсний нуранги үүсч олон мянган ажилчин нас барсан учир бүтээн байгуулалтын ажил хэсэгтээ саатсан гэдэг. Энэ үед Фердинанд де Лессепс далайг холбосон суваг барих ажлыг хэцүү хэмээн үзэж, сувгийн хаалт хийх ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн ч 1888 онд төслийн санхүүжилт зогсжээ.

Харамсалтай нь ийнхүү түүний амжилтгүй болж, америкууд уг төслийг үргэлжлүүлэн, 1904 оны тавдугаар сарын 04-нд эхлүүлж, 1914 онд сувгийн нээлтийг хийсэн байна. 1902 оны сүүлээр Францын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтэд энэ барилгын ажлыг худалдан авах саналыг дэвшүүлжээ. Ингэснээр баригдаж гүйцээгүй сувгийн ажил 40 сая ам.доллараар борлогджээ. Тухайн үед ахлах инженер хийж байсан Жон Уоллас урьдчилж тооцоолоогүй асуудлуудтай тулгарсан юм. Тэр юу вэ гэхээр Францын тоног төхөөрөмж маш их хуучирч, засуулах хэрэгтэй байсны дээр ажилчдын дунд тахал, холер өвчин дэгджээ. Ийм бэрхшээл дор барилгын ажил урагш явсаар, жил орчмын дараа Жон Уоллас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний дараа 1905 оны долдугаар сард төмөр замын мэргэжилтэн Жон Стивенс ажлыг нь хүлээн авчээ. Гэтэл 1906 оны арваннэгдүгээр сард Теодер Рузвельт бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд үүнээс хэдхэн сарын дараа гэв гэнэт Жон Стивенс огцорчээ. Иймд Теодер Рузвельт Жорж Вашингтон Гёталс гэгчийг шинэ ахлахаар тавьсан бөгөөд түүнд шаардлагатай бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг даалгаж байжээ.

Ийнхүү дөрвөн инженерийн гар сольсон Панамын суваг нь 1914 оны наймдугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийжээ. Нийтдээ 350 гаруй сая ам.долларын хөрөнгөөр бүтсэн Панамын суваг нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүтээн байгуулалт юм. Бүхэл бүтэн 3.4 сая куб метр бетон сувгийн хаалтын байгууламжид зарцуулагдсан бол 240 сая орчим куб метр чулуу болон шороо ухагджээ. Мөн 1903-1914 онд нийт 54 мянган ажилтан ажилласан бол 5600 нь барилгын явцад нас барсан гэх мэдээлэл бий.

Панамын сувгийн урт нь 81.6 км бөгөөд түүний 65.2 км нь хуурай газар дээгүүр өнгөрч, 16.4 км нь Панамын болон Лимоны тохойн ёроолоор тавигдсан байдаг. Атлантын уулархаг хэсэг нь Чагрес голын хөвөөгөөр өнгөрөх бөгөөд тэнд Гатун хэмээх хиймэл нуур байгуулжээ. Ингэснээр суваг нь XX зууны дэлхийн худалдааны салбарт чухал орон зайг эзэлж байсан юм.

Гэвч сүүлийн үед өртөг өндөр болсных нь улмаас (хөлөг онгоцны уртаас хамаарч 1300-2500 ам.долларын төлбөртэй) олон хөлөг онгоц өөр усан замыг сонгох болж. Иймд Панамын эрх баригчид энэ нөхцөл байдлыг залруулахын тулд сувгийг өргөтгөсөн байна. Ингээд 2015 онд Панамын сувгийн өнгөрүүлэх хүчин чадал жилд 18 мянган 800 хөлөг онгоц болж нэмэгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай