Э.Цэрэнбаатар: Бид "Монгол арга барил"-аар тоглон амжилт гаргаж байна

Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр манай сагсчид Азидаа чансаагаараа тэргүүлдэг боллоо. Үүний баталгаа бол  Филиппин улсын нийслэл Манила хотод болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарч, ААШТ-ний алт, мөнгөн медаль, "Challenger" тэмцээний гурван удаагийн хүрэл медаль тус тус хүртсэнээс харж болно. Тамирчдын амжилт “Тэд үнэхээр ингэж тоглож чаддаг хэрэг үү, Монголд бид ялагдчихлаа гэж үү” хэмээн оросуудыг уулга алдахад хүргэсэн. Тэгвэл бид эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчдын төлөөлөл 14 дугаартай Э.Цэрэнбаатартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.  Тэрээр хувийн чансаагаараа олон улсын тоглогчдоос шилдэг 50-д бичигдэж байгаа билээ.

-Юуны түрүүнд Филиппин улсад болсон ДАШТ-нд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай таараагүй байсан бол байр эзлэх боломж байсан байх.  Өрсөлдөгчид хэр чанга байв?

-Бид Орос, Канад, Бразил, Филиппин, Сербийн багийн тамирчидтай тоглолоо. Сагсан бөмбөгийн агуу түүхтэй,  үндэснийхээ спорт болгосон оронтой ч өрсөлдсөн. Сербийн багтай бид өмнө нь хоёр удаа тоглож байсан. Тус баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байна лээ. Чансааны эхэнд бичигддэг бусад багтай бид тоглоод, хожиж байсан туршлага бий. Энэ удаад тактикийн алдаа гаргаад хожигдлоо. Хэрэв өөр багтай таарсан бол шөвгийн дөрөвт үлдэх боломж байсан гэдэгт итгэлтэй байна.

-Нутгийн эзэн орон Филлипин 3x3 сагсан бөмбөгийг үндэсний спорт болгон хөгжүүлсэн. Тэр хэрээрээ тус улсын хөгжөөн дэмжигчид их байгаа харагдсан. Эсрэг багийг дэмжих хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал та нарын сэтгэл зүйд нөлөөлж чадсан уу?

-Бид байнгын бэлтгэл сургуулилалттай, зэрэглэл өндөртэй тэмцээнд хэд хэдэн орчихсон учраас сэтгэл зүйн хувьд асуудал байгаагүй. Энэ тэмцээнд илүү хүчтэй, комбинацтай нь л хождог. Ганцхан алдаанаас болж сүүлийн мөчид хожигдчих тохиолдол ч байна. Манай дасгалжуулагч тэмцээнд орохоос өмнө ямар комбинацаар тоглохыг зааж өгдөг. Бид нар Азийн багтай хүчний тоглолт хийдэг. Филлипиний баг үндэсний спортоороо сул тоглоно гэж байхгүй. Гэхдээ хожчих байх гэсэн итгэл найдвараа алдахгүй тоглосоор ялж чадсан.

-3x3 сагсан бөмбөгийн онцлог юу вэ?

-Богино хугацаанд жижиг талбайд тоглодог учраас байнгын анхаарал сэрэмж шаарддаг. Тогтсон байр гэж байхгүй учраас тоглогч бүх талын чадвартай байж, богино хугацаанд тоглолтыг гартаа авах чадвартай байх ёстой. Хамгийн гол нь хурд, шилжилт сайтай байж, бүх талын үүргийг биелүүлэх чадвартай байх ёстой.

- “Бид монголчуудад хожигдчихлоо гэж үү” гэх гарчигтай мэдээ ОХУ-ын сайтуудаар нийтлэгдсэн байсан. Тэднийг гайхшруулж чаджээ?

-ОХУ-тай бид өмнө нь хоёр тоглосон. "Challenger" тэмцээнд яг тэр бүрэлдэхүүнээрээ бид нарт хоёр удаа хожигдож байсан. Тийм болохоор нэг их гайхаад баймааргүй юм. Уг нь Оросууд өөрсдөө хүчирхэг хүмүүс шүү дээ. Оросын тамирчид дэлхийн аваргад арай хүчтэй орж ирэх болов уу гэж өндөр хүлээлт үүсгээд байлаа. Гэхдээ бид хожсон.

-Та нарт бусад орноос ялгарах өөрсдийн гэсэн тоглолтын хэв маяг тогтож байна уу?  

-Бидний хувилбар комбинацийг дасгалжуулагч маань боловсруулж өгдөг. Ер нь бол тогтсон 10 комбинацтай. Тэр нь дотроо 40 задардаг. “Монгол тоглолтын стил” гэдэг зүйлийг бид гаргаж ирээд байгаа. Манай дасгалжуулагч С.Тулгад Хятад, Японоос урилга явуулж, хамтарч ажиллан туршлага солилцох санал ирүүлээд байгаа. Гэхдээ манай багш болон багийнханд маань өмнөө тавьсан зорилго байгаа учир явахгүй.

-2020 оны Токиогийн олимпод сагсан бөмбөгийн 3x3 төрөл багтах болсон сайхан завшаан тохиожээ.  Тэнд тоглох боломж олдоно биз дээ?

-Энэхүү олимпод улс орнуудаас наймхан багт л орох эрх өгч байгаа. Ямар ямар орны баг орохыг 2019 онд зарлана. Манай баг чансаагаараа Азидаа нэгт явж байгаа учраас энэ түвшингээ бариад явбал орох нь тодорхой. Гэхдээ чансаагаа хадгалахын тулд бидэнд орох ёстой өндөр зэрэглэлийн олон тэмцээн байна. Шар, ногоон, улаан, хар гээд өнгөнүүд тэмцээний зэрэглэлийг тодорхойлдог бөгөөд эдгээрээсээ оноо цуглуулаад явдаг. Ирэх долдугаар сард хэд хэдэн хар зэрэглэлийн тэмцээн Японд болно. Энэхүү тэмцээн нь Жүдогоор ярих юм бол “Их дуулга” л гэсэн үг. 

-Монголчууд багийн спортоор олимпод амжилт гаргаж байгаагүй. Энэ удаа харин монголчууд маань та бүхэнд найдлага тавих биз.  Бэлтгэлээ хэр базааж байна?

-Өдөр болгон бид зааландаа бэлтгэл хийдэг. Мөн долоо хоногт гурван удаа хүчний бэлтгэл хийдэг.

-Сагс тоглохын хажуугаар ажил хийж байна уу?

-Бид MCS-ээс сар бүр тогтмол цалин урамшуулал авдаг. Гэхдээ манайхан бүгд л хажуугаар нь ажилладаг. Миний хувьд УБЦТС-д инженер техникийн ажилтан хийдэг. Гадагшаа тэмцээн уралдаанд орохоор явах үедээ цалинтай чөлөө аваад явна. Байгууллага хамт олон маань сайн ойлгож, дэмждэгт баярладаг.

-Багаасаа сагс тоглодог байв уу. Сууриа хэрхэн тавьсан бэ. Бага насныхаа дурсамжаасаа хуваалцаач?

-Би “Оюуны ундраа” сургуулийг төгссөн. Багадаа хөнгөн атлетик, хөлбөмбөг гээд оролдохгүй зүйл байгаагүй ээ. Аавынхаа нутаг Булган аймагт очиж их амардаг байлаа. Морь унадаг баатар болсон чинь нэг жил болоод л өндөр байна гээд гологдчихсон. Тухайн үед өндөр байсан минь сул тал болдог байж. Яваандаа гудамжинд сагс тоглодог болсон. Бүх л сагсчид гудамжны сагсан бөмбөгөөс эхэлдэг. Шороон дээр л бөмбөгөө залаад гүйж эхэлдэг болохоос шууд зөөлөн сэнтийд заларчихдаг талбар биш юм. III хороололд өссөн би котокийн хажууд байдаг “Аваарын шийд” дээр өдрийг өнгөрөөдөг байсан. Яагаад ч аваарын шийд гээд нэрлэчихсэн юм бүү мэд. Нэг өдөр ангиараа хичээлээ таслаад аваарын шийд рүүгээ явсан юм. Гэтэл усан бороо ороод ер нь бол сагс тоглох нь битгий хэл дэлгүүр гарахад ч хэцүү бороо орж байсан юм л даа. Тэгсэн ч гэсэн нэгэнт хичээлээ тасалчихсан юм чинь заавал тоглоно гээд л шалба нороод тоглож байж билээ. Бороотойд бөмбөгөө залаад гүйж байхдаа энэ л миний хийх юм мөн байна гэж бодож байсан. Тухайн үедээ даарч байсан ч одоо бодоход хамгийн сайхан дурсамжуудын нэгийг бүтээжээ.

-Хичээлээ таслаад л хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Хичээлдээ хэр байв?

- Хааяа хичээлээ тасалдаг байсан ч сурлагадаа гайгүй байсан. Ер нь сагс тоглодог гэхээр хүмүүс хичээлээ хаячихдаг гэж ойлгодог. Гэхдээ хаяж болохгүй дуртай хичээлүүд бас байна. “Отгонтэнгэр” их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.  Манай багийн бусад гурван гишүүд ч бас хичээлдээ сайн байсан.   

-Таны гарыг харахад сорив ихтэй юм байна. Тоглож байгаад бэртэл хэр авдаг вэ?

-Сүртэй бэртэл биш ч гэсэн ер нь алхам тутамдаа л бэртэж байдаг даа. Гэхдээ хурдан эдгэчихдэг болохоор гомдоллоод байдаггүй юм.

-Багийнхаа бусад гишүүдийнхээ талаар бодож явдаг зүйлээ хуваалцаач?

-Манай багт төвийн болон довтлогчийн байрлалд сайн тоглодог Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э Дөлгөөн нар бүх талын чадвартай тоглогчид. Бүгдээрээ дайчин, оноогоо барьж хождог. Тэд нарыгаа харахад яаж ч дарамтлуулж байсан улам дээшээ цойлох чадвартай хүчирхэг залуус шиг санагддаг. Бас нэгнээ ойлгож тоглодог, талбай дээрх хамтран тоглогчид бас амьдралын андууд.

-Бүгд жигд өндөр харагдсан. Өндөр хэд вэ?

-Би хамгийн өндөр нь 2 метр. Д.Дэлгэрням 195 см,  Э.Дөлгөөн 192 см,  Г.Цэнгүүнбаяр бас 195 см. 3х3 төрөлд хэт өндөр бол бас тохирдоггүй гэдэг. 210 см болоод ирэхээр арай л өндөр болчихно. 195-200 см бол хамгийн төгс өндөр гэж явдаг. Насны хувьд ч манайхан 26-28 насны харьцангуй залуу багтаа ордог.

-Хөлбөмбөг үзэж байна уу?

-Ер нь бол Испанийг дэмжиж байгаа. Гэхдээ байнга үзэж амжихгүй л байна. Өдөр нь бэлтгэл, ажил их байгаа болохоор шөнө тэр бүр үзэж амжихгүй л байна. Гэхдээ адилхан багийн спорт гэдэг утгаараа дэмжиж, хааяа харахыг хичээдэг.  

-Хөлбөмбөгөөр амжилт гаргах ирээдүй хэр байгаа бол?

-Бие бялдраа хөгжүүлээд ирвэл боломж байгаа гэж найддаг.  Ер нь монголчууд багийн спортоор хичээллэж байж нэгнээ ойлгодог болно. Тийм учраас сагс ч бай хөлбөмбөг ч бай ялгаагүй хөгжөөсэй гэж боддог.

-Сагс сонирхдог залуусдаа хандаж юу гэж хэлмээр байна. Миний асуугаагүй нэмж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Сагс сонирхдог залуусдаа хандаж хэлэхэд тууштай байгаарай. Өөрийнхөө сонирхсон зүйлээ төгс хийхийн тулд шат дараатай өөртөө зорилго тавин суралцаарай. Мөрөөдөлтэй байгаарай. Бидний дараа гарч ирэх залуусынхаа замыг нь засахын тулд хичээх болно.  Хүсэх юм бол бид нараас илүү их амжилт гаргах боломжтой шүү гэж хэлье дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай