Л.Алтанцэцэг: Тэмцээний үеэр хугарсан гарны бэртэл сэдэрсэн ч шүд зуун тоглосоор түрүүлсэн

Монголын ширэн бээлийтнүүд дэлхийд алдартай, өнгөлж яваа ч эмэгтэй боксчид төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй. Хэдийгээр тэд тивийн болон олон улсын тэмцээнд аль ч орны тамирчинтай эн тэнцүү өрсөлддөг ч олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэх хэмжээнд хараахан хүрээгүй байгаа нь гашуун боловч үнэн. 

Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ий хүрэл медалийн оосроос атгаад алдан, V байрт шалгарсан ганцхан тамирчин бий. Тэр бол үндэсний шигшээ баг, Дорнод аймгийн “Талын бүргэд” клубийн боксчин Лутсайханы Алтанцэцэг юм. 16 настайгаасаа хойш боксоор хичээллэж байгаа тэрбээр 2016 онд Казахстанд болсон ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт М.Еспарзад ялагдсан юм. 

Монголын боксын эмэгтэй тамирчдын гаргасан хамгийн өндөр амжилт тэр. Олон улсын тэмцээний 10 гаруй, УАШТ-ий насанд хүрэгчдийн ангиллын нэг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёртой, залуучуудынхаас гурван түрүүтэй Л.Алтанцэцэг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Улаанбаатар цом”-д түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Ирээдүйд мэргэжлийн боксчин болох мөрөөдөлтэй түүнтэй ярилцлаа.

-Багадаа шатар, жүдо бөхөөр хичээллэн, чамгүй амжилт гаргасан юм билээ. Нэлээд хожим буюу 16 насандаа боксчин болоход юу нөлөөлсөн бэ?

-Дорнод аймаг Монголд нэрээ дуурсгасан боксчин, дасгалжуулагчдаараа алдартай. Гавьяат тамирчин Д.Отгондалай, Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш, ОУХМ Н.Шинэбаяр, Э.Идэрхүү, Л.Ангараг, Э.Эрдэнэтуяа зэрэг олон шилдэг бий. Би багаасаа л спортод авьяастай, хорхойтой байв. Шатар, жүдогоор хичээллэн, аймгийнхаа аваргад цөөнгүй удаа түрүүлсэн. 

Тухайн үед аймгийнхаа шилдэг тамирчдын бокс тоглохыг харан, эл спортоор хичээллэхийг хүссэн ч эмэгтэй хүн хүч сорьж болдгийг нь мэддэггүй байв. Зурагтаар насанд хүрэгчдийн УАШТ гарч, манай аймгийн Эрдэнэцэцэг эгч тоглож байгааг үзээд л мэдсэн. Боломж гарахгүй явсаар жил гаруйн дараа Ё.Төмөрбатаа, Эрдэнэбаяр багшаараа бокс заалгаж байлаа.

Багш нар маань “Авьяастай юм аа. Сайн хичээгээрэй. Боксоо орхиж болохгүй шүү” гэхэд нь их урамшсан. Боксын дугуйланд анх очиход хоёрхон охин бэлтгэл базааж байлаа. Тэр хоёрыг спортоо орхисны дараа эрэгтэй тамирчидтай тоглож, бэлтгэлээ хангасан. Ганцаархнаа эмэгтэй болохоор ганцаардалгүй яах вэ. Эрдэнэцэцэг эгчийн төрсөн дүү Эрдэнэтуяаг ятгасаар байгаад боксын спортод хөл тавиулсан. 

Өнгөрсөн жил улсын хошой аварга болсон найз минь 75 кг-д тоглодог. Би хамгийн хөнгөн, Эрдэнэтуяа хүнд жинд өрсөлддөг гэсэн үг л дээ. Тэгэхээр бид хоёрын бэлтгэл таарахгүй. Аргагүйн эрхэнд бэлтгэлээ эрэгтэй тамирчидтай базаадаг байлаа. Эрэгтэй тамирчдын цохилтын аяыг даан, тэсвэр хатуужилтай болсон нь одоо бодох нь ээ харин ч зөв байж. Эрэгтэй боксчидтой бэлтгэл хийж байгаад эмэгтэй тамирчидтай өрсөлдөхөд арай амархан санагддаг шүү.

Бэлтгэл хийж эхэлснээсээ хойш долоо хоногийн дараа болсон “Хангайтан зон” тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, амжилтын жимээ гаргаж билээ. Анхны тэмцээн хамгийн дурсамжтай, бас аймар. Хэчнээн сандарч, догдлон, айсан гэж санана. Ялангуяа анхны тоглолт бүр аймар. Эхний гурван өрсөлдөгчөө техникийн илт давуугаар ялаад аваргын төлөөх тоглолтод Өлзий эгчид ялагдсан. 

Тэгэхэд өндөр амжилт гаргана гэх итгэл бүр их нэмэгдсэн л дээ. Хичээл ном гээд анхандаа боксын бэлтгэл хийх зав, боломж төдийлөн гараагүй. Үнэнийг хэлэхэд гэр бүлийнхэн маань намайг боксчин болгох тийм ч дуртай байгаагүй, ээж эсэргүүцсэн.

-Шатраар тууштай хичээллүүлэх сонирхолтой байсан юм уу?

-Тийм ээ. Өвөө маань (Базаргарьд) спортын мастер цолтой. Үргэлжлэл нь болно гээд оюуны спортоор дөрвөн жил гаруй хичээллэсэн охин нь гэнэт боксчин болоод цус нөжөө асгартал тулалдахаар гайхсан, тулгамдсан байх. Ээж “Бокс ёстой хэцүү юм байна. Бэртэж гэмтвэл яана. Амжилт гаргаач уу, үгүй ч үү. Шатраар хичээллэ” гээд ятгахад нь би “Боксын спорт гоё. Амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна” гээд зүтгэчихсэн. 

Миний ур чадвар ахин, амжилт гаргахын хэрээр ээжийн бодол өөрчлөгдөн, үргэлж дэмжих болсон. Намайг 2012 онд Төмөрбатаа багшийн нэрэмжит тэмцээнд хүч сорихыг ээж үзээд “За, охин минь ингэж өөрийгөө зовоогоод яах вэ. Ёстой аймар юм байна. Өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон, цохиулахыг чинь харахаас яс янгинах юм. Больсон нь дээр. Шатраар хичээллэхэд оройтоогүй” гээд тас хорьсон. 

Тодорхой амжилт гарган, чамгүй олон жил хичээллэснийхээ дараа боксоос хөндийрч чадаагүй, тэгэх талаар бодоо ч үгүй.

-Боксын спортод хүч чадлаас дутахгүй мэдрэмж, богино хугацаанд шийдвэр гаргах чадвар чухал. Өмнө нь шатраар хичээллэн, оюунаа хөгжүүлсний давуу тал бий юү?

-Маш их. Ер нь IQ сайтай тамирчид спортын ямар ч төрөлд өндөр амжилт гаргадаг. Өнөөгийн амжилтад шатраар хичээллэсний үр шим их бий.

-Шатар, боксын хосолсон шатарт бокс тоглож үзсэн үү?

-Тийм спорт байдаг юм билээ. Тоглож үзээгүй.

-Тоглолтын өмнө айдаг уу. Айдсаа хэрхэн даван туулдаг вэ?

-Мэдээж айлгүй яах вэ. Өрсөлдөгчөөсөө бус өвдөлтөөс, гэмтлээс айдаг. Тэгж буйгаа өрсөлдөгчдөө мэдэгдэхгүйг хичээдэг. Мэдэгдвэл өөрөөс нь айж байна гэж бодно. Бокс биеийн төдийгүй сэтгэл зүйн спорт. Айхгүй байгаа юм шиг харагдан, өөртөө итгэлтэй тоглох нь чухал. 

Тэгж байж л өрсөлдөгчөө ялна. Тоглолтын өмнө гүнзгий амьсгаа аваад дэвжээнд гардаг. Ер нь эхний үеийн дараа бие тавиран, айхаа больчихдог.

-Бага насны ангиллын тэмцээнд ялагдал гээчийг цөөхөн удаа амсан, улсын дэвжээнд дийлдэшгүй мэт тоглож байгаад насанд хүрэгчдийнхэд өрсөлдөхөд ямар байсан бэ?

-16 насандаа боксоор хичээллэж эхэлсэн болохоор өсвөр насны ангиллын тэмцээнд оролцож үзээгүй. Залуучуудын УАШТ-д гурван жил дараалан түрүүлж, ер нь үеийнхээ тамирчдыг тоглолтын цаг дуусахаас өмнө, техникийн илт давуугаар ялдаг байв. Улсынхаа шилдгүүдтэй, эгч нартайгаа бас тэгж хүч сорино, илүүрхэнэ гэж эндүүрсэн амьтан 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдлөө. 

Азийн аварга Т.Болортуул эгчтэй мөнгөн медалийн төлөө тоглон, 24:22-оор ялагдахад шар гозойсон. Хожигдож сураагүйн гор гарахгүй юу, баахан уйлсан. Ялагдахгүй мэт л бодож явсан хүн чинь ёстой хандаа хага даруулсан шүү. Тамирчин ялж, ялагдаж сурах нь маш чухал, амжилтад их нөлөөлдөг юм билээ. Тэр ялагдал надад их зүйл ухааруулсан.

-Он гарснаас хойш гурван тэмцээнд оролцон, бүгдээс нь медаль хүртлээ. Энэтхэгт болсон олон улсын тэмцээнд мөнгөн медалийн төлөөх тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Мэрри Комд ялагдсан бил үү?

-Тэгсэн. Ялах дөхсөн, 3:2-оор дийлдсэн. Уг нь хүрэл медалийн болзол хангалаа гэж амжилтдаа ханаагүй, М.Комоос эмээгээгүй. Хүссэн тоглолтоо гаргасан болохоор харамсахгүй байна. Дараа нь ОХУ-д Төрийн дууллаа эгшиглүүлэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд болсон олон улсын тэмцээнд түрүүллээ. 

Би “Улаанбаатар цом”-д түрүүлсэн Дорнодын анхны эмэгтэй боксчин болсон. Намайг үргэлж дэмждэг Монголын боксын холбооны хамт олон, “Талын бүргэд” клубийн дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, Эрхэмбаяр, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Буянжаргал, Пүрэв-Очир, Энхтайван багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Олон улс, эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг өнгөрсөн жил татварын байцаагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм билээ. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юү. Бэлтгэл, тэмцээн гээд боломж хэр байгаа вэ?

-Одоохондоо энэ талаар тэгье, ингэе гэж төлөвлөсөн зүйл алга. Юуны түрүүнд боксоороо тууштай хичээллэн, санасан амжилтаа гаргахын төлөө зүтгэнэ. Түүндээ хүрсний дараа мэргэжлээрээ ажиллахад оройтохгүй байх. Боксоор хичээллэдэг мөртлөө тамирын сургуульд сураагүй гэж хүмүүс гайхдаг. 

Тамирчин хүн яагаад заавал дасгалжуулагч, спортын чиглэлийн мэргэжилтэн болох ёстой гэж. Манайх Дорнодод амьдардаг. Монголын боксын холбооноос гаргаж өгсөн байранд би зургаан эмэгтэй тамирчны хамт байдаг. Бэлтгэлээ хамт хийнэ, бие биедээ зөвлөнө. 

Дундаасаа мөнгө цуглуулж байгаад хоол хүнс, хэрэглээнийхээ юмыг авдаг. Бэлтгэл тараад гэртээ хариад “За, ямар хоол хийх вэ” гээд бүгдээрээ хамт хийх сайхан. Нэг хүсэл, зорилготой болохоор бие биенээ сайн ойлгодог.

-Тулааны спорт бэртэж, гэмтэх эрсдэл ихтэй. Эмэгтэй байтугай эр хүн эл спортоор хичээллэхэд бэрх. Бэртэж байсан уу?

-Өө, зөндөө. Гар бүр хоёр удаа хугарсан. 2011 онд гар хугарч, нэлээд удаан эмчлүүлсэн. Овоо эдгэчихээр нь дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн наадамд өрсөлдөв. Гэтэл тэмцээний эхний өдөр бэртэл сэдэрч, пэндийтлээ хавдсан. Бүр бээлийнд багтахааргүй болтлоо.

Эрдэнэбаяр багш “Миний охин тоглох хэрэггүй. Амжилтаас илүү эрүүл мэнд чухал. Бэртлээ бүр сэдрээгээд гаргүй болчихвол яана” гээд хориглоход нь “Дөрвөн жилд ганцхан болдог юм чинь оролцчихъё” гээд гүрийсэн. Хавдартай гар бээлийнд багтдаггүй. Багш, тамирчидтай элбэж байгаад арайхийж өмссөн. Гар өвдөж байна гэж жигтэйхэн. Шүд зуун тэсэж, өрөөсөн гараараа тоглосоор байгаад түрүүлсэн. Алтан медаль хүртэхдээ зургаан тамирчин ялсан. 

Тэмцээний дараа эмчид үзүүлтэл бэртэл сэдрэхээс гадна өөр хэсгээр цуурчихсан байсан юм билээ. Тэрийг нь мэдэлгүй, зөөлөн эд гэмтсэн байх гэж андуурсан. Тэр тэмцээн санаанаас ер гардаггүй юм. 2013 оны залуучуудын ДАШТ-д түрүүлэх зорилготой бэлтгэл хийж байгаад автомашины осолд орсондоо харамсдаг. Гүйж яваад автомашинд дайруулчихсан юм. 

Харамсалтай явдлын улмаас тэмцээнд оролцож чадаагүй. Тэгэхэд боксын спортыг орхимоор санагдсан. Жил гаруй бэлтгэл бараг хийгээгүй. Тийм хүнд үед хоёр багш маань “Миний охин иймхэн зүйлд шантарч болохгүй” гэж зоригжуулсан. Хэсэг хугацаанд боксоор хичээллэж эхэлсэн үеийнх шигээ эрч хүчтэй тоглож чадаагүй. Хүмүүс “Гоё тоглож байна” гэдэг. Гэтэл миний тоглолт санаанд хүрдэггүй байлаа. Одоо бэлтгэл жигдрээд, санасан тоглолтоо гаргаад сайхан болсоон.

-Чансаагаараа улс, дэлхийд хэдэд эрэмбэлэгдэж байгаа вэ?

-Улсдаа тэргүүлж, дэлхийд аравт эрэмбэлэгдэж байгаа.

-2016 оны ДАШТ-д V байрт шалгарахдаа медалийн төлөөх тоглолтод олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт М.Еспарзад ялагдсан. Олимп, дэлхийн медальтай түүнтэй тулалдахдаа төлөвлөсөн тоглолтоо бүрэн гаргаж чадсан уу?

-Чадсаан. Надтай адилхан гартай, хөлтэй болохоор эмээх юм байхгүй. Ухаалаг тоглож чадвал ялна гэж бодсон. Даанч санаснаар болоогүй. “Монголын тамирчин Лутсайханы Алтанцэцэг хэмээн аавынхаа болон улсынхаа нэрийг дуудуулан ДАШТ-д тоглох гоё байсан. 

Юм нэгээр дуусах биш. Энэ оны арваннэгдүгээр сард болох ДАШТ-д дутуугаа гүйцээнэ дээ. Би 48 кг-д өрсөлдөнө.

-48 кг бол олимпын бус жин. “Токио-2020”-д оролцохын төлөө жин өгсөх бодол бий юү?

-Байгаа. Боксын спортод олимпын хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүдийн гурван жин бий. Надад хамгийн боломжтой нь 51 кг. Тиймээс ДАШТ-д оролцсоныхоо дараа жин өгсөнө. Ер нь олимп, дэлхийн медальтай болох зорилгодоо хүрснийхээ дараа мэргэжлийн бокс тоглохыг мөрөөддөг.

Хэдийгээр эл спорт Монголд сайн хөгжөөгүй ч боломж байгаа нь мэдээж. Энэ талаар багшдаа хэлэхэд хориглоогүй. Дэлхийн шилдгүүдээс Бадар-Ууган баатар, Оки (Отгондалай) ахын тоглолтыг үзэх дуртай, үлгэрлэдэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай