Х.БАТТУЛГА: “60 тэрбум”-ын гэх хэрэг дэлхий нийтийн анхааралд өртлөө

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой болон Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг батлав. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг ирэх сарын 1-нээс товлон зарлаж, санал авах ажиллагааг аравдугаар сарын 7-нд явуулахаар боллоо. Уг сонгуулийг зохион байгуулахтай холбоотой, улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолыг батлав.

Мөн гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, байнгын хороогоор үргэлжлүүлэн ярилцахыг дэмжсэн юм. Эдийн засгийн байнгын хороо үүнийг хэлэлцэн, дэмжих боломжгүй гэх санал гаргаад байв. Үүний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээс авсан завсарлагаа цуцалж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ талаарх зарчмын зөрүүтэй хоёр томьёоллоор санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Түүнчлэн Цахим бодлогын түр хорооны даргаар гишүүн Н.Учралыг сонгов. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг санаачлагчид нь буцаалаа. Тус хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ач холбогдол ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байв.

ХҮҮХДЭД ХАМААТАЙ БҮХ ОРЧИНД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙХИЙГ АНХААРУУЛАВ

Үдээс хойших хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Тэрбээр хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрхийг ноцтой зөрчсөн хэрэг дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаатай холбогдуулан төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдэд хандаж буйгаа онцлов. Хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэгчдийн цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж, цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотнынхонд Төрийн тэргүүн эмгэнэл илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгчийн дурдсан, сэтгэл түгшихээс аргагүй тоо баримтуудаас онцолбол, 2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирчээ. Харин энэ он гарснаас хойш гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам, тээврийн осолд өртсөн бол өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол сүүлийн дөрвөн жилд 200-гаад гарчээ.

Үүний үндэс, шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, хууль хэрэгжүүлдэггүй, төрийн албаныхны хариуцлагагүй байдал ноёлсонд оршиж байгааг Ерөнхийлөгч тодотгоод, “Энэ бүх хариуцлагагүй, золгүй явдал нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах талаар төрөөс дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоо ажиллахгүй байгаагийн л үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна” гэв. Улмаар нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нэрлэсэн юм.

Үүнд;

1. Хүүхэд хамгааллын хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх хэм хэмжээг бий болгох талаар заасан хэрнээ өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч, нэн яаралтай горимоор стандарт боловсруулж батлах, хэрэгжүүлэх журам гаргах, мөрдүүлэх,

2. МХГ, БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай гээд хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнах,

3. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад 4000 хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг норматив тогтоосон. Гэтэл өнөөдөр 17-19 мянган хүүхдэд цагдаагийн нэг алба хаагч ногдож байна. Төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, тэдний нөхөрлөл, сүлжээг бүрэлдүүлэн туслалцуулах шаардлага тулгарч байна. Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн сайн дурынхныг сайшааж, урамшуулах ажилд Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэн, Зөрчлийн тухай хуульд тусган хуульчлах,

4. Эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандан хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх,

5. 2012 онд цагдаагийн байгууллагын “хүүхдийн байцаагч”-ийн орон тоог цомхтгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх нь эрс нэмэгджээ. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжийг өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах, орон тоо, төсвийг нь гаргаж өгөх шаардлага бий. Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх,

6. Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд үнэлгээ хийж, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгах тухай дурдсан юм.

Эцэст нь Төрийн тэргүүн УИХ-ын гишүүдэд сонгуульт хугацаа нь талдаа орсныг сануулж, нэн тэргүүнд хүүхэд, багачуудад ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө санаа нийлэн ажиллахыг хүслээ. Мөн тэрбээр “Энэ сарын 26-ны өдрийн “Вашингтон пост” сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг яаж наймаалж буй талаар буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийн тухай дэлгэрэнгүй нийтэлсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дотоодын бус, дэлхий нийтийнх болж эхэллээ” гээд эл асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжсэн 19 гишүүн гарын үсэг зурсны дагуу, хэлэлцэж байж ээлжит чуулганыг завсарлуулахыг хүслээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгээрээ хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэх шаардлагатай” гэсэн үндэслэл хэлж, тус хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан бүх асуудлаас завсарлага авсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай