Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийв

Иргэнд ээлтэй захиргааг бий болгож хөгжүүлэх, захиргааны байгууллагыг эрх зүйт төрийн зарчмаар ажиллахад нь голлох үүрэг гүйцэтгэх зорилготой Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд 2 жил орчим болжээ. Энэхүү богино хугацаанд шинэ хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарах нь зайлшгүй. Тэдгээрийн шалтгааныг цаг алдалгүй олж тогтоох нь хуулийг цаашид зөв хэрэгжүүлэхэд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан нь өөрийн түншлэгч байгууллагын нэг Хууль зүй, дотоод хэргийн яамны хүсэлтээр анх 2010 оноос тус хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Улмаар хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас түүнийг олон нийтэд сурталчилах, сургалт зохион байгуулах чиглэлд тус яамтай хамтран олон ажил хэрэгжүүлжээ.

Тухайлбал сангийн дэргэдэх “Эрх зүйн боловсрол” академиар дамжуулан анхны сургагч багш нарыг 2015-2016 онд бэлтгэн 2016 оноос эхлэн орон даяар сургалт зохион байгуулж захиргааны албан хаагчид, захиргааны хэргийн шүүгч нарыг хамруулж байгаагийн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн судалгаа, хэрэглээний анхны тайлбар номыг 2017 онд эрхлэн гаргасан байна.

Шинэ хуулиар явуулсан сургалтын явцад түүний онцлог зарим заалт хэрхэн хэрэгжиж байгааг судлах хэрэгцээ байгаа нь харагдсан тул 2017 оны эцсээр захиргааны хэргийн шүүгч нартай, энэ оны эхээр төрийн бүх яам, агентлагийн албан хаагчдын төлөөллийг оролцуулсан цуврал ярилцлага зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгийн дүнгээр Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх хүрээг тогтоож, ХЗДХЯ-тай хамтарсан судалгааны баг бүрдүүлэн ажилласан аж.

Сангийн “Эрх зүйн боловсрол” академиас хариуцсан судалгаагаар хуулийн хэрэглээгээр засах, шинэчлэн найруулах зүйл заалт, мөн хамт хэрэглэхэд зөрчил үүсгэж буй хуулиуд байгаа эсэхийг олж тогтоохыг зорьж, тус хуулийн 10 бүлгийн зарим зүйл, заалтад үнэлгээ хийх ажлыг 2018 оны 3-6 сард хэрэгжүүлээд байна.

Судалгааны энэхүү ажлыг Ханнс-Зайделийн сангаас 60 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлтийг судалгааны тайлангийн хамт гурван ботид эмхэтгэжээ. Судалгааны ажлыг Ханнс-Зайделийн сангийн www.mongo­lia.hss.de цахим хуудаст байршуулах юм байна.


Энэ тухай