Ааяагийн “алтан” шавь нар

Зүүн гар талаас Б.Гарамханд, Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм, ангийн багш Ш.Алтанцэцэг, Э.Ууганбаяр, У.Пүрэвжав

Кино урлагийн дээд сургуульд 1998-2002 онд суралцаж, төгссөн ангийнхныг “Манай ангийнхан” буландаа урилаа. 1998 онд тус сургуулийн захиргаа Хүүхэд, залуучуудын театрт түшиглэн залуу жүжигчид бэлтгэх шийдвэр гаргаснаар оюутнуудаа шалгаруулан авчээ. Урлагийн сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллахгүй “боловсон үзэгч” болдог хүн цөөнгүй.

Ялангуяа жүжигчний анги төгсөгчдийн тоотой хэдхэн нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа харагддаг. Харин тус ангийн 14 оюутан бүгд сургуулиа төгсөж, өдгөө арваад нь мэргэжлээрээ ажиллаж байна. Тайз, дэлгэцийн алтан үеийнхний үргэлжлэл болж яваа “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, найруулагч Б.Гарамханд, У.Пүрэвжав, “Event masters” энтертайнментын продюсер М.Дорждэрэм, жүжигчин Э.Ууганбаяр нарын чадварлаг уран бүтээлч тэдний нэг юм.

АЗТАЙ СОНГОЛТ

Хүүхэд, залуучуудын театрыг залгамжлах уран бүтээлчдийг бэлдэх зорилготой болохоор эдний ангийнхныг бусад үеийнхнээс илүү хүнд шалгалт авч, элсүүлжээ. Шалгалтад 400 шахам хүүхэд авьяасаа сорьсноос 30 нь тэнцэж, КУДС-ийн босгыг давсан байна. Анги дааж, төгсгөсөн ачтан нь Гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг.

“Хичээлийн эхний өдөр багш ангид орж ирээд “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ. Танай ангийг дааж авсан Алтанцэцэг гэж хүн байна” гэж өөрийгөө танилцуулсан нь санаанаас гардаггүй юм. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бидэнд зөвлөж, түшиж байна, багш минь. Бид түүний төгсгөсөн ганц анги” гэж ярьцгаалаа.

Найруулагч Б.Гарамханд “Дунд сургуулиа төгссөн хавар би их сургуульд орж чадаагүй юм. “Солонго” зоогийн газарт зөөгч шалгаруулж авах тухай зар сонсоод очлоо. Гэтэл замынх нь эсрэг талд Хүүхэд, залуучуудын театрын үүдэнд хүүхдүүд бужигнаж байна. Сонирхоод очтол шалгалт авахаар бүртгэж буй, дөрвөн жил үнэ төлбөргүй сургана гэв. Юу ч гэсэн шалгуулчихъя гэж бодлоо.

Ингээд бүртгүүлээд, дуудахыг нь хүлээж суулаа. Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэг, арга хэмжээнд оролцдог байсан болохоор нэг их эмээсэнгүй. Дуудлаа. Яваад ортол зурагтаар харж байсан олны танил хүмүүс байна. Тэдэн дундаас ганц хүнийг нь л танихгүй. Шалгалтын үеэр тэр хүний хэлсэн хатуу үгэнд их гомдсон доо.

Тэр нь бидний багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа найруулагч. Намайг шалгуулахаар ороход тэрбээр өөрийн хүүхэд төрхийг харах шиг болж, туршиж үзэхээр хатуу уг хэлсэн юм билээ” гэж дурсав.

Н.Цэнд-Аюуш “Би Төв аймгийн Батсүмбэр сумынх. КУДС-д шалгуулахаар хотод ирсэн. Хүүхэд, залуучуудын театрын хаалгаар орохдоо ямар их түгшсэн гэж санана. Хотын гоё охид, хөвгүүдээс яаж ялгарч, илүү гарна даа гэж эмээж байв. Үс гэзэг, өмссөн хувцаснаас авахуулаад хотынхон цаанаа л өөр. Бид гурван шаттайгаар шалгуулсан. Ингэж яваад нэгнээ зүс мэддэг болж, болоогүй ээ,

“Энэ тэнцэж магадгүй. Тэр мундаг юм байна” гэж нууцхан нүдлээд л. Миний харсан хүүхдүүд тэнцсэн” хэмээв. Нэг ангид орсныхоо дараа тэд мэргэжилдээ үнэнч байна гэдгээ нэг нэгэндээ амлажээ.

Хүүхэд, залуучуудын театрын 50 жилийн ойд зориулсан тоглолтын үеэр

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРТ ХҮМҮҮЖСЭН НЬ

Э.Ууганбаяр ангийнхнаа бодвол сурагч байхдаа кинонд тоглочихсон догь эр байж. Тэрбээр 1993 онд найруулагч Н.Нямдаваа, Ш.Цэцгээ нарын бүтээсэн “Ам цагаан хулгана” киноны гол дүрд тогложээ.

Нэгдүгээр дамжаанд байхдаа тэд “Элдэв зураг” хошин тоглолт, “Эрх гүнж” жүжигт оролцжээ. “Бид их азтай. Ахмад, туршлагатай уран бүтээлчдийн дэргэд байж, үгийг нь сонссон хувьтай. Ардын жүжигчин А.Очирбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, Гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг, О.Бат-Өлзий, Л.Жанчивдорж, Г.Дашхүү нарын мундаг багшаар хичээл заалгасан” гэж тэд онгирлоо.

М.Дорждэрэм “Би хоёрдугаар дамжаанд орох жил шилжин ирсэн юм. Ангийнхнаасаа дүү. Намайг ирсний дараахан зохиолч Д.Батбаярын “Бага нас минь баяртай” жүжгийг ангиараа тоглох болов. Сүүлдэж орсон болохоор тэр үү, хөлд нь чирэгдчихгүй гэж мачийсан даа. Театрын тайзан дээр жүжгээ тоглож, олон хүнд хүргэнэ гэдэг оюутан бидэнд маш том завшаан. Бидний жүжгийг урлагийн бусад сургуулийн оюутнууд ч ирж үзсэн” хэмээв. Хүүхэд, залуучуудын театрт байрлаж, тус театрын уран бүтээл бүрт оролцдог азтай оюутнууд байснаа тэд ярих дуртай юм билээ.

Ангийн багш Ш.Алтанцэцэг нь чанга “амьтан” байжээ. Ангийнхан нь “Багш маань гартаа цан барьчихна. Этюд, тайзны сургуулилалт хийх үед алдаа гаргавал цангаа цохино. Тэгсэн тохиолдолд баларч байгаа юм” хэмээн ам уралдаан ярьж, инээлдэв. Э.Ууганбаяр “Гарамханд бид хоёр уран зургаас сэдэвлэн этюд хийсэн юм. Ёстой л дүрдээ ороод жүжиглэлээ. Өөрсдөө “Бид хоёр ч алж өгч байна даа” гэж бодоод л. Гэтэл багш цангаа цохив. Ёстой нүүр хийх газаргүй болтлоо ичиж билээ” гэв.

Тэд өдөр нь хичээлтэй. Тараад Хүүхэд, залуучуудын театрын жүжгийн сургуулилалт хийнэ. Орой нь тоглолтод оролцоно. Театрын арын албаны, аж ахуйн ажлыг ч хийдэг байжээ. Олон цагаар сургуулилалт хийдэг болохоор өлсөнө. Гэтэл цадтал хооллох мөнгө байхгүй. У.Пүрэвжав “Манай театрын хажууханд их гоё пирожкитой цайны газар байсан юм.

Нэг өдөр өлсөөд тийшээ орлоо. Мөнгө байхгүй. Үнэнээ хэлээд л “Зээлээч. Оюутны үнэмлэхээ барьцаанд тавья” гээд гуйлаа. Гэтэл өөдөөс “Зээл өгөхгүй. Энийг хар” гээд манай ангийнхны үнэмлэхийг гаргаж ирсэн дээ” гэв. Ингээд бөөнөөрөө мөнгө олох арга сэдэж. Тухайн үеийн хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн кино, үлгэрийн баатруудаас сэдэвлэсэн үзүүлбэрүүд бэлдэн, тоглолт хийдэг болжээ.

Хүүхэд, залуучуудын театраас гадна цэцэрлэг, дунд сургуулиудад тоглолтоо хүргэдэг байсан гэнэ. “Цэцэрлэг, сургуулиар явахад унааны асуудал хүндрэлтэй. Тоглолтын хувцас, жижиг хэрэгслүүдээ үүрээд автобусанд шахалцчихна. Заримдаа автобусны мөнгө ч байхгүй. Хөвгүүд кондуктаруудад мөн ч их чимхүүлсэн дээ” гэж Н.Цэнд-Аюуш дурсав.

НАЙЗУУДЫН ХҮСЭЛ ХЯЗГААРГҮЙ

Ааяа багшийн ангийн дарга нь Н.Баярсайхан. Төгссөнөөс хойш үргэлж холбоотой байж, нөхөрлөдөг нь тэд эв нэгдэл сайтай байсных. Тус тусдаа уран бүтээл хийж явсан нөхөд 2014 онд “Хязгааргүй” уран сайхны кинонд нэгдэв. “Гэрэлт” медиа групп байгуулж, хамтарсан уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн нь энэ байж.

У.Пүрэвжав “Миний хамгийн хайртай уран бүтээл “Хязгааргүй”. Ангиараа нэгдэж, хамтдаа хөдөлмөрлөсөн. Маш их дурсамжтай үе. Би уг нь энэ кинонд туслах найруулагчаар ажиллах байсан юм. Гол дүр болох Жаргалд тохирох хүмүүсийг И.Нямгаваа багшид шалгуулахад “Энэ биш” гээд л буцаагаад байлаа. Тэгсээр зургийн ажил эхлэх дөхөв. Зураг авахын яг өмнөх өдөр багш “Сэтгүүлч Жаргалд нөхөр Пүрэвжавыг сонгож байна” гэхэд нь их гайхаж, “Би чадах уу, багш аа” гэлээ. “Чамайг чадна гэж би сонгож байхад яагаад чаддаггүй юм бэ” гээд дуугаа өндөрсгөхөөр нь “За чадъя” гэсэн дээ” гэж дурсахад нөгөөдүүл нь ч бас хөгжилтэй явдлуудаа ам булаалдан ярив.

Тэд энэ онд “Love story” богино хэмжээний кинонд дахин хамтарсан. “Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж байдаг. “Хязгааргүй”-гээс хойш бүгд тус тусын уран бүтээл хийж, завгүй ажилласан. Харин энэ онд бас л бүгд цуглаж, хамтарлаа. Бид нэг ангийнхан гэхээс илүү найзууд. Найз гэдэг амьдралын хамгийн том түшиг” гэлцэв. Нээрэн л энэ ангийнхан завгүй ажиллажээ.

Өнгөрсөн хугацаанд жүжигчин Н.Цэнд-Аюуш “Омарын эрэлд”, “Хөгжилтэй гэр бүл” гэхчилэн олон кинонд тогложээ. Найруулагч У.Пүрэвжав “Уулын эзэн” киногоороо Монголын үндэсний кино академиас зохион байгуулдаг “Академи авардс”-ын шилдэг найруулагчмйн шагнал хүртэж. Б.Гарамхандын өнгөрсөн онд найруулсан “Итгэл” бүтээл нь Азийн кино наадмаас мөн л шагнал хүртжээ.

Энэ ангийнхны уран бүтээл, амжилтын жагсаавал нэлээд урт болохоор аж. Тэд “Гэрэлт” медиа группийнхээ уран бүтээлийн цувааг үргэлжлүүлэн удахгүй дахин хамтарна гэдгээ дуулгасан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай