Б.Ундармаа гишүүн “Өнөөдөр” сониноос 100 сая төгрөг нэхэмжиллээ

“УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжилжээ”, “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэх материалуудыг нийтэлсний төлөө УИХ-ын гишүүн Б.Ундармаа 2018 оны зургадугаар сарын 07-ны өдөр “Өнөөдөр” сониныг шүүхэд өгсөн байна. Ингэхдээ гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүд гаргасан учраас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэж үзэн 100 сая төгрөг нэхэмжилсэн. Тэрбээр “Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлүүдийг 42, цахим хуудсанд хэвлэгдсэнийг 15, бусад сайтад дамжин хуулсныг 25, өмгөөлөгчийн хөлсөө найман сая гэж үнэлэн нийт 100 сая төгрөг (эдгээр нь нийт 90 сая төгрөг болж байгаа ч 100 саяыг нэхэмжилжээ) хэмээн тооцсон байна.

Уг нэхэмжлэлээс үзэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь ХАСХОМ-тээ дурдаагүй, манай сонины нийтлэлд хөндөгдсөн “Эрдэнэ зам” ХХК-тай ямар ч хамааралгүй гэж байгаа бололтой. Хамгийн сонирхолтой нь “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн охин компани гэдгийг батлахаар “Бишрэлт холдинг” ХХК-ийнхан (Б.Ундармаа гишүүн 541 700 ширхэг хувьцааг нь эзэмшдэг, нөхөр Ариунболд нь ерөнхийлөгчөөр ажилладаг) заргалдан, цагдаа, шүүхээр шалгагдаж буйг нотлох баримт байна.

2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр www.bishreltgroup.mn буюу “Бишрэлт холдинг” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд байрлаж буй мэдээлэл


Тендерт орохын тулд шаардсан үед нь “үл маргах” журмаар саадгүй шилжүүлж өгнө гэсэн нөхцөлтэйгөөр “Бишрэлт холдинг” ХХК нь “Эрдэнэ зам” ХХК-ийг иргэн Ө-гийн нэр дээр түр шилжүүлсэн ч одоо буцааж өгөхгүй байна гэсэн үндэслэлээр маргаан үүсгээд байгаа. Мөн уг хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад “Эрдэнэ зам” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгогдсон нь асуудал үүсгэн, шалгагдаж байна. Болж буй энэ үйл явдлын тухай мэдээлснийхээ төлөө “Өнөөдөр” сонин шүүхэд дуудагдлаа.

Урьд нь уул уурхайн компаниуд их хэмжээний мөнгө нэхэмжилсэн шүүхийн зарлан мэдэгдэх хуудсаар далайлгадаг байсан бол одоо энэ “моод”-ыг УИХ-ын зарим гишүүн үргэлжлүүлж байгаа бололтой. “Алтайн хүдэр” ХХК “Өнөөдөр” сониноос есөн тэрбум төгрөг нэхэмжилсэн ч өргөдлөө буцаан татаж авсан түүхтэй. “Уулс Заамар” компанийн 100 сая төгрөг нэхэмжилсэн хэрэг нь одоо хүртэл шүүхээр шалгагдаж байгаа зэрэг өндөр үнийн дүнтэй жишээнүүд бий ч манай сониныг буруутай хэмээн тогтоосон тохиолдол байхгүй ээ. Уг хэрэгтэй холбоотой үйл явдлын баримтууд бидэнд байгаа хэдий ч хэрэг бүрэн шийдэгдээгүй үед, иргэн Ө-гийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараах нь ёс зүйд нийцэхгүй гэж үзлээ.

Энэ хэргийн явц болон Б.Ундармаа гишүүний хувьцааг нь эзэмшдэг “Бишрэлт холдинг” ХХК-ийн нэр дээр байсан гэх “Эрдэнэ зам” ХХК-ийг чухам хэзээ, ямар тендерт орохын тулд эзэмшигчийн нэрийг солих шаардлагатай болсон тухай бид үргэлжлүүлэн сурвалжилна.

Б.Ундармаа гишүүний 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг. “Эрдэнэ зам” ХХК уг жагсаалтад байхгүй байгааг анхаарна уу. Мөн түүний “Бишрэлт холдинг” ХХК-д эзэмшдэг хувьцааны тоог уг хүснэгтээс харж болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай