Хагарал “цурам”-наасаа гарах уу

Олдвол өлдөхийн зовлонг амсаж, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, 65 суудал авсан ч эрх мэдэл, албан тушаалын төлөө гэдсэндээ хөлөө жийлцэж, байгуулсан Засгийн газраа өөрсдийнхөө саналаар огцруулж, намын даргаа ч солиод амжсан МАН-ынхны хагарал, тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна. Тус намын XXVIII их хурлаар У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдож, тамга, тэмдгээ гардахдаа “Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан нь дээр.

Бид хамтдаа илүү хол явна. Дүү нартайгаа муудалцмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр ажлаа үргэлжлүүлье. МАН доторх 32, 33- ын хуваагдал гэх яриа өнөөдрөөр эцэс болж байна” хэмээн зарласан. Түүнтэй өрсөлдсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно” гэсэн. Гэвч энэ бүхэн хоосон үг байсан нь олон зүйл дээр цухалздаг.

Намын их хурлын дараа хэсэг хугацаанд цурманд орсон 32, 33-ын бүлгийн талцал салхи л гарвал сэргэж, түймэр болон дүрэлзэхэд бэлэн, боломжтой цагийг анан утаа уугиулж байдгийг харуулсан үйл явдал нэг биш. Тийм ч амар эвлэхээргүй ан цав суусан хоёр тал байсхийгээд л Ерөнхий сайд, УИХ-ын даргын өрөөнд бие биенээсээ нууцаар хуралдаж, томоохон асуудал хэлэлцсэн сураг дуулддаг. Ийм сураг дуулдах бүрт 32-ын бүлэг буюу М.Энхболд тэргүүтэй хэсэг У.Хүрэлсүхийн талынханд “Засгийн газрын чинь хувь заяаг бид хааш нь ч эргүүлж дөнгөхтэйгөө шүү” гэсэн мессеж өгч байдаг билээ.

Намын их хурлын индэр дэх ам тангараг, талуудын халуун дотно үнсэлтийн дараа ч тэдний хагарал хэвээр буйг ил болгосон эхний үйл явдал нь Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилох шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хориг байлаа. 32- ын бүлгийнхэн тэр үед “Гишүүдэд хуваарилсан нэг тэрбум төгрөг бол орон нутагт ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулагдах мөнгө байсан.

Энэ мөнгийг 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөг болгож тараах нь зохисгүй хэрэг”, “Бэлэн мөнгө тараах хэмжээний их мөнгөтэй болсон юм бол өнгөрсөн намар хэл ам татлан байж нэмсэн долоон төрлийн татвараа багасга” гэх мэтийн шаардлага тавьж байв. Мөн өнгөрсөн намар Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн төсөл оруулж ирэхэд “Хүүхдийн мөнгө хасах гэлээ, долоон төрлийн татвар нэмлээ” гэх мэтээр оруулж ирсэн бодлого бүрийг нь эсэргүүцэж, хэд хоногоор гацааж байсан 33 гишүүн энэ удаа нийгмийн халамжийг хавтгайруулах буруу бодлого “амилахад” амаа үдүүлсэн мэт дуугүй байгааг шүүмжилсэн. Энэ нь Засгийн газрыг огцруулж, нам дотроо хагарал бий болгосон, улс төрд салхи оруулж, төрийг цэвэрлэнэ хэмээн том амласан 33-ын бүлэгт ах нар нь “амьдрал” ойлгуулах ажлаа эхлүүлсэн алхам байлаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг парламентаар шийдэхэд ч 33, 32-ын бүлгийн хагарал, тэмцэл илт харагдсан. Д.Гантулга 33-ын бүлгийн 33 дахь хүн. Өөрөөр хэлбэл, 32-ын бүлгээс илүү саналын эрхтэй гэдгээ мэдрэхэд нь тэр 33-ынханд хэрэгтэй байсан юм. Тийм ч учраас бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгуулъя гэсэн хүсэлтийг нь өгүүлэхгүй хэдэн сар сунжруулсан. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг зарчим тэнд үйлчилж буй тул түүний хэн байх нь хамаагүй, бүлэгт нь хүний тоо нэмж байх нь л чухал байв.

Д.Гантулгын эрхийг түдгэлзүүлэх асуудалд бүлгүүд яаж хандаж буй нь эмэгтэй гишүүдийн хэвлэлийн хурлаас тод харагдсан юм. 32-ын бүлгийн эмэгтэйчүүд Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг уриалан, эмэгтэй гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Түүнд нэгдэж, гарын үсэг зураагүй Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар 33-ын бүлгийнх. Тийм ч учраас Д.Гантулгыг үлдээхийн тулд өмгөөлж үг хэлж, үлдээх санал өгсөн. Үүнийхээ төлөө хангалттай чичлүүлсэн.

Бүлгийн эрх ашиг өөрийнх нь нэр төрөөс ч чухал гэдэг нь эндээс харагдсан. Мөн цаасан дээр гарын үсэг зурсан ч эсрэг санал өгсөн гишүүд байгаа гэж хардаж буйгаа 32-ынхан илэрхийлсэн. Энэ бол тэдэнд итгэлцэл, ойлголцол байхгүй, гаднаас нь харахад нэгдмэл хэдий ч тодорхой хил зааг тогтоогоод “өөртөө засах улс” болчихсон гэдгийг харуулсан бас нэг жишээ. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр тооны харьцаа 32х32 болж тэнцсэн ч албан бус бүлгийн нэр 33, 32 хэвээрээ үлдэх биз.

Хүч тэнцүү хоёр бүлгийн харилцаа тийм ч найрсаг бус байгааг илэрхийлэх үйл явдал өнөө ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлыг дахин босгож, олон нийтийн анхааралд оруулсан, нээлттэй сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж байгаа, тэнд нь арав гаруй гишүүн гарын үсэг зурсан зэрэг нь зүгээр л урсгалаараа өрнөж буй, санаандгүй хэрэг биш нь ойлгомжтой. 33-ын бүлгийн “нохойд барьдаг мод” болсон залуу гишүүн ямар нэг далд зорилгогүй бол үүнийг хийхгүй.

Харин тэр нь юу вэ гэдэгт тодорхой хариулт одоогоор алга л байна. Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийхээр өөрийнхөө албан бланкан дээр гарын үсэг цуглуулж, түүнд нь арав хол гаруй гишүүн нэгдсэнийг сонссон 32-ынхон “Бид ч гэсэн Засгийн газрын эсрэг ямар нэг асуудал босгоод гарын үсэг цуглуулж чадна шүү” хэмээн сануулсан талаар баттай эх сурвалж хэлж байгаа.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, “60 тэрбум”-ын хэргээ шалгуулахыг шаардаж буй. Энэ нь М.Энхболдын талынхныг нэлээд сандаргаж буйгаас харвал асуудлын гол нь УИХ-ын даргын албан тушаал мөн байж ч болох.

Монгол Улсаа бүлэглэлийн савраас салгаж хөгжүүлнэ хэмээн дөрөө харших болсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эвсэг харилцаа одоо ч хэвээрээ гэдэг нь олон зүйлээс харагддаг. Хамгийн сүүлийн бөгөөд тод жишээ нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь зөв гэдэгт Ерөнхийлөгч, Засгийн газрын байр суурь нэгдсэн явдал. Энэ хоёрын холын замд нэгнээ түшнэ гэсэн бодол хэвээр бөгөөд “Улсаа бүлэглэлийн савраас салгаж хөгжүүлнэ” гэсэн үгээ бодсоор, ярилцсаар яваа гэвэл Л.Оюун-Эрдэнийн үйлдлийн цаад зорилго бүр ч тодорч мэдэх юм.

“Монголын улс төрийг сүүлийн жилүүдэд хүссэнээрээ хөдөлгөж ирсэн, улс оронд өрнөсөн бүх томоохон үйл явдлын төлөвлөгөөг нийлж суугаад боловсруулдаг” хэмээн М.Энхболд, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарыг нэрлэж, тэднийг улс төрөөс арчихаар нэлээд эртнээс, нарийн зохион байгуулалттай хөдөлсөн ажлынх нь үргэлжлэл Л.Оюун-Эрдэнийн “тэмцэл”-ээр идэвхжиж байх магадлал тун өндөр байгаа.

Тийм бол М.Энхболд зүгээр сууж байгаад түлхэгдэнэ гэж үү. Улс төрд хүч, нөлөөгөө хадгалсаар байгаа түүнд Засгийн газрын хувь заяаг эргүүлчих ч боломж бий билээ. УИХ дахь хүчний харьцаа 32х32 шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай