Хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд дэд бүтцийн төслүүд нь бэлэн гэв

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж буй. Уг төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын стандартад нийцсэн дүрмээр авч явах нь зүйтэй гэж үзэн энэ удаагийн хувилбарыг УИХ-д өргөн мэдүүлснээ онцолж, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг бэлэн болгосноо дуулгасан.

Тэрбээр “Тавантолгойн нүүрсийг ямар үнэ, хэмжээгээр борлуулах вэ гэдэг нь баяжуулах үйлдвэртэй холбоотой. 30 сая хүртэл тонн нүүрсийг олон улсын зах зээлд гаргах нь чухал. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сайн чанарын гангийн үйлдвэрийн хэрэглээг хангасан баяжуулалтыг дотооддоо хийх ёстойг мэргэжлийнхэн, хууль тогтоогчид шаардаж буй.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн биржид нэгэн зэрэг IPO гаргахаар тусгасан. Ингэхдээ төрд байх хувийг нь 55.2, иргэдэд 14.75, биржээр арилжаалах боломжтойг нь 29.9 хувь гэж тооцоолжээ. IPO гаргахдаа гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлсэн саналыг үндэслэн гаргасан байна.

Эдгээр дүгнэлтэд дурдсанаар гадаад, дотоодын биржид хувьцаа гаргахад “Эрдэнэс Тавантолгой” компани шалгуур үзүүлэлтийн 60-68 хувийг хангаж байгаа аж. Хонконгийн хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдсөн компаниар дамжуулан бүртгэх, гадаадын хөрөнгийн биржид гарахад компанийн бизнесийн болон ордын нөөцийн үнэлгээ хийлгэх, ТЭЗҮ, бизнес төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, эрсдэлийн анализ хийх, нөхөн сэргээлтийн сан үүсгэх, IPO-гоор санхүүжих төслүүдийн тооцоо, судалгааг хийх гэх мэтчилэн Засгийн газарт хийх ажил олон байгааг салбарын сайд тодотгосон юм.

Мөн Нью-Йорк зэрэг бусад хөрөнгийн биржийг ч бас сонирхож, судалж байгаа гэлээ. Ер нь хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд дагалдах дэд бүтцийн төслүүд бэлэн байгааг ч онцлов.

Тавантолгойг хөдөлгөснөөр ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллароор экспортын орлого нэмэгдэх, шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болохоор тооцсон байна. Энэ үеэр “Эрдэнэст Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэх боломжтой. IPO гаргахтай холбоотойгоор борлуулалтын орлогоо төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Энэ оны есдүгээр сарын 1 гэхэд баруун, зүүн Цанхийн ТЭЗҮ-ийг бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудлаа тодорхой болгох ёстой. IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд манай компанийхны ажлын явц 37 хувьтай явж байна” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай