Анна Дамдиновна Цендина: Аавд хөшөө босгоё гэтэл дэмжсэнгүй. Надаас хойш үүнийг хөөцөлдөх хүн байхгүй

Төрийн ордны арын хуучин цагаан байрны хоёрдугаар давхар. Олон жилийн тортогт дарагдаж харласан адар, гоёлын цаасгүй шохойн хана, өнгөрсөн зууных гэдэг нь илт мэдэгдэх бор эрээн шалны хулдаас, даруухнаас даруухан цөөхөн хогшилтой хуучин сууцны хаалгаар ороход өөрийн эрхгүй хүндлэл, бишрэл зэрэгцэн төрөв. Тэнд уулзсан ухаалаг нүдтэй, жижигхэн биетэй эмэгтэй “Аавын тухай асуухад залуус “Төрийн дуулал”-ыг зохиосон гэдгээс өөрөөр мэдэхгүй байсан” хэмээн харамсал дүүрэн өнгөөр ярихад тэдний өмнөөс ичих шиг болсон.

Бид Цэндийн Дамдинсүрэн хэмээх эгэлгүй нэгэн оргилын тухай дурсахдаа “Билгүүн номч, их эрдэмтэн” хэмээх засдаг үгнээс хэтрэхээ больж, зохиол бүтээл, хийж бүтээснийг нь мартаж орхисноо хүлээн зөвшөөрөхөөс аргагүйг охин нь сануулж буй нь энэ. Ц.Дамдинсүрэнгийн ганц охин, монгол судлаач Анна аавынхаа 110 жилийн ойг тэмдэглэхээр Монголд зусаж байгаа юм.


 

ААВ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ШИГ АМЬДРАЛ ТУУЛСАН

-Та төрсөн нутагтаа нэлээд тухтай ирсэн юм аа даа?

-Би 1990-ээд оноос хойш жил бүр ирж байгаа. Сүүлийн арваад жил зуныг энд өнгөрүүлдэг болсон. Судалгааны хэд хэдэн ажил хийж, ном гаргасан. Энэ жил аавынхаа мэндэлсний 110 жилийн ойг угтаж, жаал юм хийх санаатай.

-Ойн хүрээнд юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Нэр алдартай хүмүүний 100, 150 гэх мэтийн тэгш ойг тогтоол баталж, тэмдэглэдэг. 110 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэдэггүй гэж албаны хүмүүс надад тайлбарласан. Гэхдээ ШУА-ийнхан энэ ойг тэмдэглэнэ гэж байгаа. Есдүгээр сард олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Одоо би аавын төвөд, монгол судрын цуглуулгын каталогийг гаргахаар ажиллаж байна. Үүнийгээ есдүгээр сарын 14-нөөс өмнө амжуулахын тулд хамаг хүчээ дайчлаад сууж байна.

-Их эрдэмтний хөшөөг өнөө хүртэл босгоогүй. Хөшөө босгох талаар бодсон зүйл бий юү?

-Би гурван ахтай, аав, ээжийгээ нас ахисан хойно төрсөн хэнз охин нь. Ах нар минь ч, би ч юм хөөцөлдөж, шийдүүлдэг төрлийн хүмүүс биш. Бас мөнгөтэй хүмүүс биш. Жирийн л сэхээтнүүд. Тиймээс аавынхаа 100 жилийн ойгоор хөшөө босгож чадаагүй. Одоо хоёр том ах минь мөнх бусыг үзүүллээ, би 64 хүрчихлээ. 110 жилийн ойгоор нь л хөшөө босгохгүй бол дараагийн удаа гэж хойш тавих аргагүй. Надаас хойш хэн энэ талаар бодож, хөөцөлдөх вэ.

Энд тэндээс ч хүмүүс “Янз бүрийн хүмүүст хөшөө босгоод байхад Ц.Дамдинсүрэн гуайд л алга” гэж шүүмжилж байна. Миний аав Монголын соёлын төлөө бүх амьдралаа зориулан зүтгэсэн, маш их өв үлдээсэн хүн. Тиймээс хөшөөг нь босгочих юм сан гэж чармайж, чадлаараа л хөөцөлдөж байна. Уг нь нийслэлийн ажилтнууд нааштай хүлээж авсан юм. Тэгэхээр нь шийдээд өгөх байх гэсэн итгэлтэй хүлээж байтал саяхан ИТХ хуралдаад, асуудлыг баталсангүй, буцаачихлаа гэсэн хариу өглөө. Хөшөө босгох асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж, шийддэг юм байна. Сэтгэл гонсгор, гомдолтой л сууна. Юу ч гэх вэ дээ. Дахиад нэг удаа хүсэлт гаргаад үзнэ дээ.

-Аавын тань өдрийн тэмдэглэл хэвлэгдээгүй байгаа. Та хадгалж байгаа юу. Хэзээ хэвлүүлэх вэ?

-Өдрийн тэмдэглэлийг нь хэвлэлд бэлтгэх ажлыг эхлүүлсэн. 1976 оныг дуустал биччихсэн. Одоо 1977 оноос хойшихыг эмхэлж, цэгцэлнэ.

-Энэ ойн үеэр хэвлэгдэж магадгүй гэж хүлээж байлаа.

-Би ч тэгж бодсон л доо. Гэтэл энэ каталогийн ажил хамаг цаг идчихлээ. Өдрийн тэмдэглэлийг хэвлэлд бэлтгэх ажилд би бусдын тусламж огт авалгүй, өөрийн гараар хийж байгаа. Нэгэнт төлөвлөгөөнд орсон гол ажлынхаа ард гарч байгаад аажуухан хийе. Дараа учир нь олдох байлгүй.

-Их эрдэмтэн өдрийн тэмдэглэлдээ юу бичиж үлдээсэн нь сонирхол татаад байна.

-Аав 1960-аад оноос тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм билээ. Анх ажлаа төлөвлөж, мартахгүйн тулд, өөртөө сануулга өгөх зорилгоор бичиж байсан нь дэвтрээс харагддаг. Сүүлдээ тэмдэглэл хөтлөхдөө дасаад, өдөр алгасахгүй бичдэг болжээ. Голдуу л ямар ном олсон, өөр ямар ном хэрэгтэй байгаа тухайгаа бичсэн байдаг. Өдөр тутмын амьдрал, хувийн асуудал, үзэл бодлынх нь талаар бараг байхгүй дээ. Хааяа нэг “Тийм хурлын үеэр тэр тэглээ”, “Найранд очоод ийм зүйл сонслоо” гэх мэтээр их бухимдуулсан зүйлийнхээ талаар өнгөц бичсэн байдаг. Тэр нь тун цөөхөн.

Аавын амьдралд хэцүү үе олон байсан. Тэр талаар мэр сэр, цухас дурдсан нь бий ч яг сэтгэлээ дэлгээд, “Эд намайг ингэлээ, тэглээ” гэж зовлон тоочсон зүйл байхгүй. Тиймээс тэр хүний бүх нууцыг задалсан, утга уянгын зүйл тэндээс хүлээх хэрэггүй. Ажлын л тэмдэглэлийн дэвтэр.

-Аавын амьдралд хэцүү үе олон байсан гэлээ. Тэр үеийнх нь талаар та хэр мэдэх вэ. Аав тань ярьдаг байв уу?

-Аавын амьдралын замыг зургаар дүрсэлбэл огцом өгсөж, уруудсан, зүрхний бичлэг шиг зураас гарна. Би тэр үеүдийнх нь тухай асуудаг байсан. Харин аав ярих дургүй байлаа. Аавыг 1938 онд Орост сурч байхад нь дуудаж авчраад 15 сар шоронд суулгасан. Японы тагнуул гэсэн хэрэг хүлээлгэх гэж баахан эрүүдээд, эцэст нь панмонголист эрдэмтэн Жамсрановтой дотно байсан, Японыг магтаж ухуулга хийсэн гэж буруутгасан байдаг юм. Тэгэхэд хэрхэн тамлаж, эрүүдэн зовоож байсныг нь асуухад яагаад ч юм бэ тоймтой зүйл хэлээгүй юм даг.

Аав яагаад тийшээ орсноо өөрөө ч мэддэггүй. “Нэг удаа лекц уншихдаа “Дорно дахины хамгийн хүчирхэг, хөгжилтэй орон аль улс вэ” гэхэд нь “Япон” гэж хариулсан. Тэр л миний гэм болсон байх” гэж хэлдэг байсан. 1990-ээд онд Дотоод яамны архив нээлттэй байхад би аавын хавтаст хэргийг үзсэн юм. Олон хуудастай нэг, цөөхөн хуудастай нэг байцаалт, нэг хүний матаас байдаг юм билээ. Аавыг шоронд хоригдсон үеийн тухай ээж бидэнд өрөвдөлтэй түүх ярьж өгдөг байв.

“1938 оны зун би Булган аймагт суртлын бригад удирдаж явах болоод бэлтгэлээ Төв хороогоор шалгуулах гэж Сүхбаатарын талбайд хамаг хэрэглэгдэхүүнээ тавиад, хоёр гурван хүний хамт сууж байлаа. Гэтэл нэг хүн дэлгэсэн газрын зураг дээр Токио хотоос ийш тийш далай дээгүүр хар хөх судал зурвас зурсныг зааж, “Энэ ямар учиртай юм бэ” гэж асуулаа. Би түүнийг тайлбарлаж, “Далай дээгүүр байгаа хар хөх зурвас бол усан замын харилцааг үзүүлсэн юм. Токио хот бол усан замын харилцааны том боомт. Япон бол усан замын харилцаа ихтэй, далай дээрх хүчирхэг улс гэдэг” гэж хариулав. Үүнийг Шинжлэх ухааны хүрээлэнд ажилтай байсан Баяндэлгэр өвгөн бичиж аваад Дотоод яаманд мэдээлжээ. Миний гэмт хэрэг ердөө л энэ байлаа”

Ц.Дамдинсүрэнгийн дурсамжаас.

ЭЭЖИЙГЭЭ “ЯАНА АА, ДАМДИАН, ЧИ ЯАНА АА” ГЭЭД НҮҮРЭЭ ДАРЖ СУУХЫГ НЬ ОЛОН УДАА ХАРСАН ДАА

-Юу гэж ярьдаг байв?

-1937 онд том ах минь төрсөн. Аав аспирантураа төгсөх болоогүй, ах нялх учир тэд Ленинградад амьдарч байж. Аав Ленинградын Дорно дахины дээд сургуульд сурч байсан үе. Гэтэл Монгол руу дуудагдаж яваад сураг тасарсан гэдэг. Аавыг ирэхэд Судар бичгийн хүрээлэнд хэсэг ажиллуулаад, удалгүй шорон хийсэн юм билээ. Тэр тухай ээжид минь хэн дуулгах билээ. Шоронд суусныг нь ээж мэдээгүй, хоёр жил шахам шар махтайгаа хатсан.

Ээж “Гэнэт Монгол руу дуудсан. Тэгээд алга болчихсон” гэж ярьдаг байсан. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монголын сэхээтнүүдийн талыг байхгүй болгосон шүү дээ. Тийм цаг үе байсан болохоор “Юу болсон юм бол, алуулчихав уу, яав” гээд л элдвийн юм бодоо биз. Хоёр жилийн дараа ааваас “Монголд хүрээд ир” гэсэн захидал ирж, ээж, ах хоёр наашаа ирсэн юм билээ. Ээж минь Ленинградын хүн. Европын том хотоос аавыг дагаж ирээд ус, түлшээ өөрөө зөөдөг, гадаа гарч бие засдаг амьдралд дасах гэж багагүй тэвчээр гаргасан байх.

Аавын амьдралын зам үргэлж өгсөж, уруудаж явсан гэж дээр хэлсэн дээ. Гэнэт л дарга болно, шагнал авна. Тэр үедээ баахан найзтай болчихно. Удалгүй буруудаж, уруудаад, шүүмжлүүлээд эхэлнэ. Тэгэхээр нөгөө олон найзаас ганц нь ч үлдэхгүй. Энэ нь ээжид минь их хүнд тусдаг байсан. Нэг гарахад нь хүн бүр “Люся гуай, сайн байна уу” гээд, маргааш нь хэн ч дуугарахаа больчихдогт их эмзэглэдэг байсан.

-Аав тань ер нь юунаас болж, хэдэн удаа шийтгүүлсэн юм бэ?

-Таван удаа ажлаас халагдсан. Хавчилга, гадуурхалтыг бол маш олон удаа амссан. Уран зохиол, толь бичиг, “Гэсэрийн тууж”-ийн судалгаа хийснийхээ төлөө шүүмжлүүлж байсан юм. Голдуу л эртний Монголын уран зохиол судалж, энэ талын бүтээлийнхээ төлөө үндсэрхэг үзэлтэн гэсэн нэр зүүж, гадуурхагдсан байдаг.

-Өөрийнхөөрөө, хэний ч үгэнд ордоггүй, тэр ч бүү хэл цаг үеийнхээ аясыг дагаагүй хүн шиг санагддаг.

-Яг тийм. Аав дэндүү гэмээр зоригтой, дайчин хүн байсан. Би бүр гайхдаг. Ялангуяа тэмдэглэлийн дэвтрийг нь цэгцэлж суухад “Жаахан бууж өгөөч дээ. Тэгвэл тэр хавчиж, хяхаад байгаа хүмүүс чинь гайгүй болчих юм биш үү” гэж хэлмээр санагдах үе олон гарч байна. Аав огт бууж өгөөгүй, өөрийнхөөрөө явсаар дууссан.

Би аавын дэргэд том судлаач биш, юу ч биш. Гэхдээ бүх насаа судалгааны ажилд зориулж явна. Хийсэн ажлуудынхаа зарим нэгийг “Дэмий юм байж уу” гэж бодох үе надад гардаг. Харин аавд хэзээ ч тийм зүйл тохиолдож байгаагүй. Тэр бүтээлүүддээ маш итгэлтэй. “Гэсэрийн тууж”-ийн талаар гэхэд янз бүрийн үзэлтэй хүмүүс байсан. Аав маш маргаантай сэдвээр, маргаантай бүтээл бичсэн.

Тэр “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”-дээ “Гэсэр хаан бол өдгөөгөөс мянга орчим жилийн өмнө амьдарч байсан Амдогийн Лин орны домогт хаан Косыло мөн” гэсэн дүгнэлт гаргасан. Үүндээ ч бат итгэлтэй байсан. Энэ бол өөрийнхөө юу хийснийг мэддэг хүний шинж. Тийм л хүн байсан. Түүнийхээ “шагналд” хангалттай хэмлүүлсэн.

-Мянган жилийн он тооллын харьцуулсан хүснэгт хийгээд сүрхий шүүмжлүүлж, төлбөрт орсон гэдэг бил үү?

-Тэгсэн. Хар л даа. (Их эрдэмтний унтлагын өрөөнд бид ярилцсан юм. Да багш амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн тэр л төрхөөрөө байгаа өрөөнд намхан төмөр ор, хананд нь өнгө үзэмж муутайхан хувцасны модон шүүгээ, нэг буланд нь жижигхэн бичгийн ширээ тавьснаас өөр хогшилгүй. Зочны өрөөнд нь хэзээ нэгэн цагт ганган эд байсан нь илэрхий ч олон жилийн эдэлгээнд будаг нь халцарсан, түрүүчийнхтэй харьцуулашгүй нүсэр том ажлын ширээг хоймор голлуулан тавьсан, нэг хананд нь дүүрэн ном, нөгөөд нь баринтагтай судар хураасныг эс тооцвол тавилгагүй юм) Бараг ханхай хоосон байгаа биз дээ. Манай тавилга сэлтийг хураачихсан. Хоёр ч удаа хураасны сүүлчийнх нь тэр хүснэгтээс болсон юм.

-Тэр хүснэгт нь ямар учиртай, юуг нь буруу хийчихсэн хэрэг вэ?

-Аавын нэлээд удаан судалж, цуглуулсан бүтээл л дээ. Мянган жилийн түүхийг хялбаршуулсан байдлаар үзүүлсэн гэх юм уу даа. Монголчуудтай хамаатай томоохон үйл явдлуудыг цаг хугацааны дараалалд оруулж, хүснэгтэлсэн юм. Түүнийгээ яаж хэвлүүлэх вэ гэж бодож явах үед нь 50 мянган толгой үгтэй “Орос-Монгол толь” нь гарч, түүндээ хавсралт болгоод оруулчихъя гэсэн санаа төрсөн хэрэг. Толь бичигт мэдээллийн шинжтэй хавсралт хийдэг уламжлал бий. Тэр дагуу л ажилласан. Уг нь ээж “Хавсралтаар хэвлэх хэрэггүй. Дангаар нь хэвлүүл” гэж хэлж байсныг санаж байна.

Хэвлээд, худалдаанд гаргахад нь ямар ч хэл ам гараагүй. Гэтэл Оросын ЭСЯ-наас нэг том албан тушаалтан нь манай Улс төрийн Товчоонд “Та нар юу хэвлэчихсэн юм бэ. Энд чинь дандаа Хятадын хаад, лам нарын тухай байна. Их буруу юм хийжээ, та нар” гэсэн юм билээ. Тэгээд л нөгөөдүүл бужигнаад эхэлсэн. Тэр номыг хурааж, оюутнуудыг дайчилж, номын араас хавсралтыг урж авч, шатаах гэж их ажил болсон.

-Ийм зүйлийг нам, засаг таашаахгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан байж таарна аа даа.

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ айдас байхгүй. Хутганы ирэн дээгүүр л явдаг байсан. (Хаашаа л бол хаашаа унахад бэлэн, унахгүй байлаа гэхэд хөлөө зүсэх зам гэсэн үг шүү дээ). Тэр нь өөрт нь жаргал байсан байх. Харин ээж минь их зовдог байсан даа. “Яана аа, Дамдиан, чи яана аа” гээд нүүрээ дарж суухыг нь олон удаа харсан даа.

-Аав тань таван удаа ажлаас халагдсан гэсэн. Өөрөө удирдах ажил хийх дургүйдээ, халагдах арга сүвэгчилдэг байсан гэж сонссон?

-Дайны үед “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Эхний үед ч нэг их түвэгшээгээгүй байх аа. Харин сүүл рүүгээ маш их залхсан. Эрдмийн зэргээ хамгаалаад Шинжлэх ухааны хүрээлэн (ШУА)-гийн даргаар томилогдсон. 1960-аад оноос удирдах ажил хийх их дургүй болсон. Тэгээд буусан даа.

-Шинжлэх ухааны хүрээлэнд даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө тухай “Үнэн” сонинд бичүүлж байгаад халагдсан гэдэг үнэн үү?

-Үнэн, үнэн. Би хүүхэд байсан ч түүнийг тод санадаг юм. Эрдмийн зөвлөлийн хурлын үеэр ч юм уу, нэг хүний судалгааны ажлыг аав их шүүмжилжээ. Тэр хүн нь орой манайд халамцуу ирээд аавтай муудалцаж, “Намайг хавчиж, хяслаа” гэж их гомдоллосон. Тэгэхэд аав “Чи надтай энд ингэж дэмий хэрэлдээд яах вэ. Ямар ч ашиг гарахгүй. Тэгснээс чи намайг залуу судлаачдыг дээш нь явуулахгүй хавчдаг, их буруу ажиллаж байна гэж Төв хороонд бич” гэсэн. Нөгөөх нь “Нээрээн тэгье” гэж бодсон юм байлгүй, хэлснээр нь бичсэн. Тэгээд л аавыг халсан даа. Үүнээс өмнө аав өөрөө ажлаа өгье гэсэн санал гаргасан ч “Чи л энэ ажлыг хийх ёстой” гээд байлгаад байсан юм. Ажлаа өгсөндөө их баяртай байж билээ.

“Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар нэгэнт тохоогдсоноор... эрдэм шинжилгээний ажил хийх бололцоогоо алдсан нь надад хамгийн хэцүү байлаа. Өдөр бүр найман цаг захиргааны ажил хийгээд, элдэв хурал хуралдаад, эрдэм шинжилгээний ажил хийх зав огт үгүй болов... Монголын өв соёлыг судлах хүн тун чухал бөгөөд тун ховор байлаа. Энэ учраа дарга нарт хэлэхээр “ШУХ-гийн даргын ажлыг эрдэм шинжилгээний ажил биш гэж байгаа бол ямар ажлыг эрдэм шинжилгээний ажил гэдэг юм бэ?” гээд намайг шоолж инээдэг байлаа... Шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлага амьдралаас тасарсан... гэх мэтийн ортой оргүй, над холбогдох холбогдохгүй зүйлийг хамруулж хэтэрхий буруушаасан өгүүллийг 1953 оны дөрөвдүгээр сарын 18-ны дугаарт хэвлүүлэв. Ингэж арай гэж ШУХ-гийн даргын ажлаас халагдав”

Ц.Дамдинсүрэнгийн дурсамжаас.

-Дарга болохын төлөө яахаас ч буцахгүй хүмүүсийг л харж байснаас халаад өгөөч гэж байгаад халагдсан хүнтэй таарч байсангүй.

-Өмнөх нийгмийн үед ч тийм л байсан. Дарга л болбол сайхан гэж боддог хүн аль ч нийгэмд олон байдаг.

-Аав тань хамгийн таатай, сэтгэл амар ажлаа хийсэн үе нь хэзээ бол?

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Төвөд судлалын тасаг байгуулж, эрхлэгчээр нь ажилласан үе байх. Хэт их үүрэг, хариуцлага, захиргааны ажилд дарагдахгүйгээр, хэдэн шавьтайгаа судалгааны ажлаа хийгээд, номоо бичээд суух нь өөрийнх нь хүссэн зүйл байсан.

-Энэ олон бурхныг хараад аав тань шүтлэгтэй хүн байсан болов уу гэж бодлоо?

-Нас ахиад шүтлэгтэй гэх юм уу, тиймэрхүү болсон байх. Ном судар эрж хайх явцдаа шүтээн гэхээсээ илүү соёлын өв талаас нь харж, эдгээр бурхныг цуглуулсан. Аав хуучны ном их цуглуулдаг. Хэлмэгдүүлэлтийн үед лам нар ном судар, бурхан шүтээнээ энд тэнд нууж дарсан шүү дээ. Түүнийг олж цуглуулахын тулд их явсан. Улсын үндэсний номын сан, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнд байгаа хуучны ном, судрын тал хувийг аав олж цуглуулж, улсын сан хөмрөгт өгсөн.

АМЬДРАЛ БОЛ АМЬДРАЛ ШҮҮ ДЭЭ

-Та хэд яагаад Орос руу явчихсан юм бэ?

-Ёстой бүү мэд. Манай том ах сурлага сайтай, авьяастай хүү байсан. Энд Орос сургуулийг алтан медальтай төгссөн. Тэр үед физикийн шинжлэх ухаан ид моодонд орж, сансарт ниснэ, эрчим хүчний асуудал шийднэ гэх мэтийн романтик мөрөөдлөөр хүүхдүүд энэ салбарыг их сонгодог байлаа. Ах маань тэдний нэг. Физикч болно гэж багаасаа шийдсэн. Толгой сайтай болохоор нь аав, ээж хоёр ч түүний зөв гэж бодсон байх. Сайн физикч болъё гэвэл Орос руу л явахаас аргагүй. Тэгээд л явсан хэрэг байх. Ах маань Ленинградад их сургуульд сураад, тэндээ үлдсэн. Хожим Орост төдийгүй дэлхийд нэртэй физикч болсон доо. Дунд ах маань том ахын мөрөөр явсан. Бас л муугүй физикч болсон. Бага ах маань эдийн засагч, би монгол судлаач болсон. Ингээд л бүгдээрээ тэндээ үлдсэн.

-Аав тань нэг хэсэг энд ганцаараа байсан уу?

-Аав “Рамаяна Монголд дэлгэрсэн нь” сэдвээр судалгаа хийх гэж хэдэн жилийн томилолт аваад, бид Ленинградад хамт амьдарч байсан. Тэндхийн монгол, төвөд судрын маш том цуглуулгаас үзэж харах зүйл их байсан байх. Гэтэл нөгөө толь бичгийн асуудал дэгдэж, аав дуудагдаж ирсэн.

-Их эрдэмтэн нас ахисан хойноо гэр бүлийнхнээсээ тусдаа байсан. Толины асуудлаас болоод өр төлбөрт уначихсан үед эхнэр, хүүхдүүд нь дэргэд нь байгаагүй гэх яриа байдаг юм билээ.

-Амьдрал бол амьдрал шүү дээ. Аавыг ир гэж бид их ятгасан. Аав бол “Ёстой ярихгүй” л гэсэн. Тэр үед ээж минь автомашины осолд ороод тархи, толгойны өвчтэй, хэцүүхэн болсон юм. Аавыг очихгүй гэхээр нь ээж энд ирж хэсэг байсан. Гэтэл тархи толгой нь өвдөж, даралт нь ихсээд болоогүй. Бид амралтаараа ирж, очдог байсан. Аав хамаатнуудтай хамт байсан болохоор санаа зовох нь бага байсан.

-Үр хүүхдүүд нь энд байхгүй болохоор гэр музей, сангийн үйл ажиллагааг идэвхтэй тогтмол явуулах ажил орхигдоод байх шиг санагддаг.

-Сан гэж нэр төдий л байгаа даа. Бид тиймэрхүү ажилд тун тааруу. Ер нь хийж чаддаггүй юм. Гэхдээ хаягдсан гэж хэлээд яах вэ дээ. Ах нар маань монгол судлалтай ямар ч хамаагүй мэргэжилтэй болохоор “Чи бүгдийг нь мэднэ шүү” гээд бүхнийг надад үүрүүлчихсэн. Тэгээд л би энд сууж байна.

-Та Москва руугаа буцах уу?

-Явна. Ажилтай шүү дээ.

-Тэтгэвэрт суухаараа Монголд суурьшиж, аавынхаа гэр музейг эзэнтэй байлгах талаар бодож үзсэн үү?

-Үгүй дээ. Сүүлийн хэдэн жил хоёр улсын хооронд, хоёр гэртэй юм шиг л явлаа. Нааш цааш явахад ядардаг болоод байна. Одоо тэнд л... (бодлогошров) үлдэхээс.

-Аав тань та хэдийг номын мөр хөөдөг л хүмүүс болгож хүмүүжүүлсэн юм аа даа?

-Тэгж хэлж болно. Овжин, сэргэлэн зан бол “нойл” шүү дээ. Энэ бол бидний муугийнх ч биш, сайных ч биш. Угаасаа цусанд тийм юм байхгүй. Их мөнгөтэй болъё, баян тансаг амьдаръя гэсэн сонирхол надад төрдөггүй. Чадах ч үгүй. Ах нар маань ч тийм.

-Хэрэв овжин, зальжин байсан бол аль хэдийнэ Монголд ирээд аавынхаа нэрээр улс төр, бизнест ороод явчих байсан байх гэж бодож суулаа?

-Яах нь вэ, аавын минь нэрийг ингэж ашиглуулж. Хоёр том ах минь цэвэр номын улс. Бага ах ч тийм зангүй. Би бол бүр ярилтгүй. Цалингаа л халаасандаа хийгээд алдчихгүй бол их юм.

-Ийм зан монголчуудад, ерөөсөө хүн төрөлхтөнд ч ховордоод байгаа байх аа.

-Ховордож байгаа нь сайн байх. Хөдөлгөөнтэй, сэргэлэн, баялаг бүтээх сонирхолтой байх нь дээр биз. Гэхдээ ямар ч аргаар хамаагүй ганцаараа баяжих бус, улсаа боддог байвал илүү сайн. Гэхдээ энэ миний л бодол шүү.

Би Москвад монгол оюутнуудын хуралд оролцсон. Тэнд ямар сайхан залуучууд байв аа. Хөдөлмөрч, толгой сайтай, сэхээтэн хүүхдүүд. Надад их бахархалтай, сайхан санагдсан. Гэтэл тэд аавыг минь ганцхан “Төрийн дуулал”-аар л мэдэж байна билээ. Тэд Монголын ирээдүй шүү дээ. Миний аав хэрэггүй юм гэхэд, өөрийнхөө соёл, түүхийг мэдэх хэрэгтэй. Тэр нь жаахан харамсалтай санагдсан.

Номын хүмүүс ч байгаа л даа. Жишээ нь, хажуугийн өрөөнд сууж байна. (Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн ажилтныг хэлэв) Ер нь номноос өөрийг мэддэггүй хүн олон байх ч шаардлагагүй дээ. Дуртай хэд нь ажиллаж, ажлаа сайн хийхэд л болно.

Бидний ийм хүмүүжил бол бидний гавьяа биш. Насаараа аавыг хараад, амьдрал гэдэг ийм л байдаг байх нь, ширээний ард сууж, ном шагайж л амьдрах ёстой гэж боддог болчихсон хэрэг. Гэхдээ үүндээ дуртай. Гоё шүү дээ. Би оюутнууддаа “Та нар энэ салбарт үлдэх юм бол хэзээ ч баян болохгүй. Үүнийг одооноос ойлгож, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ бүх насаараа маш сонирхолтой амьдрах болно. Тэр ч бас чухал биз дээ” гэж хэлдэг юм. Оросын цөөнгүй сургуульд монгол хэлний анги бий. Зарим нь орчуулагч, дипломатч бэлтгэдэг. Тэр дундаас манай сургууль хүүхдүүдээ сонгодог судлалын чиглэлээр сургаж, хүмүүжүүлж байгаа. Хуучин бичиг соёл, төвөд хэл, хуучин ном, судар руу илүү анхаарлыг нь хандуулдаг.

-Та Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд монгол судлаач бэлтгэж байгаа. Хүүхдүүд монгол судлалыг хэр сонирхож, элсдэг вэ?

-Би нэг хэсэг Москвад радиод ажиллаж байгаад Дорно дахины хүрээлэн рүү шилжсэн. Ингээд 50 нас хүрэх үед ер нь залуусыг бэлтгэе гэсэн бодол төрж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн монгол, төвөд хэлний ангид багшилсан. Социализмын үеийг бодвол оросууд Монголыг сонирхох, үнэлэх нь нэмэгдсэн. Өмнө нь Монголыг хол, зэлүүд, ядуу, хөгжилгүй, хачин газар гэж боддог байсан бол одоо бурхны шашинтай, нүүдэлчин соёл иргэншилтэй гээд нэлээд сонирхож байгаа. Манай анги хүүхдээр дутаж, элсэгчгүй болдоггүй. Сургалтын төлбөрийг нь төрөөс даадаг нь ч үүнд нөлөөлдөг байх. Монгол судлалаар ажил олоход хэцүү учраас төлбөрөө төлөөд сур гэвэл бас өөрөөр эргэж мэдэх юм.

-Монгол судлалаар ажиллахад аав тань их нөлөөлсөн үү?

-Аавын гэхээсээ ээжийн нөлөө их. Ээж минь Ленинградад монгол хэлний анги сурч байсан. Өөрөө хүсээд ч сурсан юм биш л дээ. 1930-аад онд чихрийн үйлдвэрт ажиллаж байхад нь комсмолоос ээжийг дээд сургуульд оруулж, монгол хэлний ангид хуваарилсан гэдэг. Монгол гэж ямар улс, монгол хэл гэж юу байдгийг огт мэдэхгүй ээжийг минь “Би герман хэл мэднэ, тэр чиглэлээрээ суръя” гэхэд “Очоод учраа ол” гээд явуулчихсан юм билээ.

Тэнд очоо ангиа солих гэтэл “Нэг жил сураад дараа нь бол” гэж. Гэтэл сургуульд хамт суралцагчид нь дандаа сэхээтэн, баян чинээлэг айлын хүүхдүүд, ээж ганцаараа ажилчны хүүхэд байсан тул “Чи гарч болохгүй, чамайг гарвал энэ ангийг хаачихна” гээд тэнд нь үлдээсэн. Тэгж байтал аав очиж, тэр хоёр танилцаад эргэлт, буцалтгүй Монголтой холбогдсон. Ээж минь дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөхийн хажуугаар эрдэм шинжилгээний том ажил хийж амжаагүй болохоос угсаатны зүйгээр нэлээд судалгаа хийсэн. Төв музейд олон жил ажилласан.

Гурван ах өөр чиглэлээр сурсан болохоор ээж намайг монгол судлал руу оруулах гэж их ятгасан. Би зурах сонирхолтой, хүүхэлдэйн театр бараадасхийгээд, зураач л болох санаатай явдаг байлаа. Яг мэргэжил сонгох болоход ээжийн ухуулсан нь нөлөөлж, монгол судлалын ангид орсон. Аав минь намайг хэн болохоо өөрөө л мэдэг гэж бодсон уу, нэг их хэлж зөвлөөгүй. Ер нь зураач болно уу, судлаач болно уу, токарьчин болно уу, нэг их анхаардаггүй байсан байх гэж боддог юм.

-Та Олон улсын Монгол судлалын холбооны “2017 оны шилдэг Монгол судлаач” шагналыг хүртсэн. Үр бүтээлтэй жил байв уу?

-Би тулгуур бичиг, эртний түүхэн зохиолууд, төвөд, монголоор бичгийн дурсгалуудыг судалдаг. Өнгөрсөн жил “Шар тууж”-ийн хэдэн хувилбарыг харьцуулан судалж, Ленинградад хадгалж байгаа хамгийн эртний гэх хувилбарынх гар бичмэлийг хэвлэсэн. Өөр бусад нэлээд ажил хийсэн. Ер нь үр дүнтэй жил өнгөрсөн шүү.

-Хийхээр бодож, төлөвлөсөн зүйл бий юу?

-Аавын цуглуулсан энэ олон судрын бүртгэл, каталогийг энэ жил хийж, дуусгаж чадвал миний алба гүйцээ гэж бодно доо. Бүртгэл нь тухайн номын тухай бүх мэдээллийг агуулсан, зургийг нь хавсаргасан, энэ ямар ном бэ гэдэг ойлголтыг өгөхүйц байх ёстой. Үүнийг хийдэг тогтсон стандарт бий. Түүнд хүрэх зүйл хийж, аавын судруудыг бүртгэлтэй болгоё гээд зүтгэж байна. Энэ бол миний хамгийн ойрын бөгөөд хамгийн том зорилго. Үүнийг хийчихвэл монгол судлаачдад тун хэрэгтэй. Монголыг сонирхон судалдаг олон хүн дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Ямар ном Монголд байна вэ гэсэн мэдээллийг тэдэнд өгөх хэрэгтэй. Гадаадад байгаа монгол, төвөд бүх ном бүртгэлтэй. Ямар ном, хаана байгааг энэ бүртгэлээс хардаг гэсэн үг.

ШУА, Үндэсний номын санд хадгалж буй номуудын каталогийг өнөө хүртэл хэвлүүлээгүй. Бүртгэл гээд байгаа нь шаардлага хангахгүй, зүгээр л нэрсийн жагсаалт төдий байдаг. Тэр их муу. Энэ ном судрууд чинь соёлын өв гэдэг талаасаа бүртгэлтэй байх ёстой. Монгол энэ тал дээр маш их хоцорсон.

-Олон улсын хэмжээнд монгол судлаачид цөөрч байна гэдэг. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Үгүй. Ингэж хэлж болохгүй. Би цөөрсөн гэж боддоггүй. Харин чанар, байдал, байр суурь өөр болж байгааг хүлээн зөвшөөрнө. Дээр үед монгол судлаач одоогийнх шиг олон байгаагүй. Гэхдээ тэр цөөхөн дотор нь чанартай, том том эрдэмтэд байсан. Одоо бол хүн олон, судалж байгаа хүрээ өргөн болсон ч чанартай, гоц судлаач ховор. Ер нь олон хэрэггүй шүү дээ. Чанартай хэдэн хүн байхад л хангалттай.

Би өнгөрсөн намар Бээжинд ажлаар очиж, нэг сар болсон. Тэнд монгол судлалаар маш олон хүн ажиллаж байна. Өвөрмонголчууд соёлдоо хайртай учраас сонирхох нь их юм. Би тэнд хэдэн хуралд суусан, лекц уншсан. Тэгэхэд хүмүүс “Европ, Оросын монгол судлал дампуурч, Хятадын монгол судлал хөгжиж байна” гэх маягийн зүйл ярьж байна билээ. Хятад тэр чиглэлд маш их мөнгө зарж байна. Орост бол үгүй. Гэлээ гэхдээ Оросын монгол судлал тийм дампуу биш. Эх уламжлал, суурь гэж байдаг. Оросын монгол судлалд ядруухан, хэрэгтэй, хэрэггүй юм хийж байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сонгодог арга барил нь хэвээр байгаа.

Хятад тэр талаараа муу шүү дээ. Гэхдээ эд нар дэлхийгээр хэсэж байна, мөнгөтэй байна. Хэдэн жилийн дараа сайн болно. Үүнд итгэлтэй байна. Одоохондоо бол хийж буй ажил нь Монголын 1970-аад оны судалгааны бүтээлүүдийн энд хүрэхгүй. Харин монголчууд эрдэм шинжилгээний салбарт хүрсэн түвшингээсээ буугаад байгаа нь харамсалтай.

Аавын үе, аавын дараах үед судалгааны арга барил, соёл дэлхийн хэмжээнд хүрч, хөл дээрээ босож ирсэн. Миний бодлоор тэр нь одоо хамаагүй доошилсон. Судлаач хүн хийж буй ажлаа юунд хэрэгтэй, ямар үнэ цэнэтэй, үр дүн нь юу вэ гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. Дэлхийн сонгодог арга барилд суралцаж, хөгжүүлэх хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

Илгээх

Энэ тухай