Найруулагч ханийнхаа тархи нь, бас зүрх нь

Найруулагч ханийнхаа тархи нь, бас зүрх нь

Ханиа өргөж, өөрийгөө дарж амьдарсан ур чадвар төгс жүжигчний тухай сурвалжлахад ийм л хүмүүсийн нуруун дээр айл гэр байтугай, хэтрүүлбэл дэлхий дэнжигнэн тогтож байдаг мэт санагдав. Олны танил, амьдрал, уран бүтээл нь домог мэт болсон “эр бор харцагууд” олон. Гэтэл тэдний хүчирхэг байхын үндэс нь ажил, амьдралын төлөө эрчүүдтэй адил тэмцэх ч, ядарлаа гэж ганц үг ган гэдэггүй гэргий нар байх нь олонтаа.

Чухам ийм нэгэн гэргий “Би яах вэ, хүүхдүүд сайн явна, тэдний минь ажил, амьдрал тэгш сайхан байгааг харахад сэтгэл тэнүүн байдаг. Залуудаа нөхрөө алдахад хорвоод орь ганцаар мэт болсон. Хань минь өөд болохдоо найзуудаа хүртэл хуу хамаад явчихсан мэт байсан. Орж гарах хүн цөөрөөд эвгүй юм билээ. Би гэдэг хүн Доржоогүйгээр хэн ч биш юм байна шүү дээ” гэж бодож, гашуудан олон ч өдөр уйлсан сан.

Түүнээс хойш олон жил өнгөрлөө. Одоо гайгүй ээ. Зүрхний хэдэн найзтайгаа хол ойрын сонин сайхнаа төдийгүй өөрийн брэнд буузаа хуваалцаад сайхан л амьдарч байна. Бие сайн байвал болох нь тэр. Хааяа хүүхдүүдээ сандаргах гээд байдаг болсон. Бусдаар зовох юмгүй” хэмээн ярих 70 нас шүргэж яваа гэхээргүй толиотой сайхан эмэгтэй бол нэрт найруулагч, “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр нь олон түмэн илүүтэй танидаг Г.Доржсамбуу агсны гэргий, Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин, бүтээсэн дүр болгоноороо үзэгчдийг тайз руу соронз мэт татаж байсан Ц.Цолмон юм.

Одоогийн залуус, дунд үеийнхэн ч бараг мэдэхгүй л дээ. Хүүхэд залуучуудын театр хэмээх, төрөөс бодлогоор байгуулж, шилдэг жүжигчдийг томилж илгээн, хүүхэд, залууст чиглэсэн уран бүтээлүүдээр нийслэлийнхнийг соёлоор хүмүүжүүлэх зорилготой урлагийн ариун сүм байлаа.

Тэндээс Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий нарын алдартнууд төрсөн түүхтэй. Орчин үеийн, танин мэдэхүйн шинж чанартай Монголын, дэлхийн, тэр дундаа олон үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдээрээ алдартай байгууллага байсан юм. Уран бүтээлчдийн баг цомхон тул нэг жүжигчин хэдэн ч дүрд хувирах шаардлага гардаг. Хувирсан дүр бүхнээ цор ганц мэт бүтээж, үзэгчид эхнээс дуустал үзэхдээ Ц.Цолмон гэж танигдахааргүй жүжиглэж, дуулж, бүжиглэж, уйлж, гашуудаж гайхашруулдаг байсан уран бүтээлчийг өнөөдөр хэр олон хүн таньж байгаа бол.

Нөхрийнх нь тухай бол бүгд мэддэг. Үүнд Г.Доржсамбуу агсны кино урлагт бүтээсэн дүрүүд илүүтэй нөлөөлдөг. Гэтэл тэрбээр үнэн хэрэгтээ найруулагч, багш мэргэжилтэй байв. Драмын театрын алдарт жүжгүүдийг төдийгөөс өдий хүртэлх 80 гаруй жилд 20 гаруй цуутай найруулагч бүтээж ирсний нэг нь Г.Доржсамбуу агсан юм. Найруулагчдыг бүтээсэн жүжгээр нь, тэр нь тайзан дээр хэр удаан амьдарсан бэ, өөрөөр хэлбэл, үзэгчийн зүгээс хэр эрэлттэй байв гэдгээр үнэлж, дүгнэдэг.

Тэгвэл “Арслан” найруулагчийн “Найрын ширээний ууц” жүжиг л гэхэд тайзнаас 10 жилийн турш буугаагүй. Ийм “Бурхан найруулагч”-ийг түүний гэргий Ц.Цолмон төрүүлсэн, бүр “бойжуулсан” ч гэхээр.

Театрт ихэвчлэн гол дүр бүтээдэг гэргий нь том “хүүгээ” буюу нөхрөө юунд ч хүргэхгүй. Доржоо нь маш гоё хоол хийдэг ч жилдээ сайндаа л дөрвөн удаа гал зуух руугаа ордог. Тэрбээр ихэвчлэн цуйван сэгсэрнэ. Гэхдээ бүх л зүйлийг бусдаар бэлдүүлдэг. Мах, гурил, ногоо, гал хөс, сав суулга бүгд бэлэн болсон хойно ханцуй шамлан ороод, маш хурдан, амт гэж дэргэдэх хүндээ амсууламгүй цуйван болгодог байж.

Хоолыг нь “амаа олохгүй” идсэн хүмүүс “Та амталж болгосон л болохоос бусдыг нь бид хийсэн шүү дээ” гэхэд “Энэ чинь найруулагчийн ажил” гэдэг байжээ. Хүүхдүүдтэй холбоотой гэрийн бусад бүх ажлыг гэргий нь хариуцдаг. Энэ тухай жүжигчин Ц.Цолмон “Хадам аав ээж минь их сайн хүмүүс. Бид насаараа цуг амьдарсан. Нэг ч удаа үг зөрж байгаагүй. Бид хоёр өглөө гараад, тус тусын театр руу явна, орой ирнэ, хүүхдүүд өвөө, эмээтэйгээ тайван сайхан байж байдаг байсан. Баяр ёслол болно, бид бас л эзгүй. Ийм л амьдрал дунд хүүхдүүд минь хүн болсон” гэж ярьж байна.

“Хүүхэд өвдөх үе гарна. Цагийн тариатай үед хэцүү. Доржоо тариа хийдэг юм. Нэг удаа үдийн цайны цагаар хүүхдээ тариулах гээд аваад очтол, гарч ирдэггүй. Харсан хэрнээ тайз руу хараад жүжигчидтэйгээ ажиллаад байлаа. Сүүлд нь гомдоллоход “Би жүжигчиддээ “Та нар ингээд байж байгаарай, би хүүхдээ тарьчихаад ирье” гээд орхиод гарах байсан юм уу, чадахгүй” гэж билээ. Манай хүн ажилдаа ингэж ханддаг, ажлаа нэгдүгээрт, амьдралаа хоёрдугаарт тавьдаг хүн байсан.

Гадаад кино, ялангуяа хүүхэлдэйн кино үзэх их дуртай. Үзээд л инээгээд хэвтээд байна. Том биетэй, гүзээтэйг хэлэх үү, инээхээр нь гүзээ нь доргиж хөдлөөд л, хөөрхөн шүү. Хийх юмаа олж ядсандаа үздэггүй, өөрийгөө хөглөж хэвтдэг гэдгийг нь би ойлгодог болохоор юм хэлэхгүй. Амттай хоол хийж өмнө нь тавиад л байдаг байлаа. Манайх ширээгээ гоё засаж, хооллож ундлах дуртай айл.

Манай аавын нөлөө ч бий. Миний аав Л.Цэнд-Очир насаараа соёл, боловсролын салбарт ажилласан удирдах ажилтан. Намайг гоё байхыг шаарддаг, хөдөө явсан ч сайхан хувцаслаж явах хэрэгтэй, та нараас орон нутгийнхан үлгэр дуурайл авах ёстой юм гэж сургадаг, захидаг байлаа. Түүнийг нь би ягштал биелүүлнэ. Манай нөхөр ч намайг гоё байхад их дуртай байдаг байсан” хэмээн дурсан ярьж байна.

Найруулагч, жүжигчин хоёр гэртээ “эрхэлж” байхдаа ажлын тухай ярихгүй. Харин гэргийгээ мэргэжилтний хувьд үнэлж явдгаа нууж чаддаггүй, гэхдээ хүмүүст тэр бүр ярьдаггүй найруулагч бүтээсэн жүжиг бүрээ хяналтаас өмнө Ц.Цолмондоо заавал үзүүлдэг байжээ. Ханиа их мэдрэмжтэй гэдэг байв. Г.Доржсамбуу найруулагч, шинэ бүтээлийн анхны үзэгч гэргий нь анхааралтай харж суух үеийн харц, нүүрний хувирал зэргийг өөрт нь мэдэгдэлгүй ажиглаад л байдаг байж л дээ.

Хаана, ямар үед уйлсан зэрэг нь найруулагчийн хувьд зөв, буруугаа дэнслэхэд их чухал шүүмж болдог байжээ. Жүжигчин Ц.Цолмонд үзэгчид хайртай, хамтран зүтгэгч жүжигчид нь мөн үнэлнэ, магтана. Харин найруулагч нөхөр нь ам төдийлөн нээлгүй он жилийг үдсээр байв.

Гэтэл нэг өдөр, бүрмөсөн явах гэж байгаагаа мэдсэн мэт, өөд болохынхоо урд орой “Чи бол хүний сайн хань. Чамаас өөр хүн миний ааш аягийг тэвчиж чадахгүй, явах байсан. Чи бол надад зайлшгүй байх ёстой хамгийн чухал эрхтэн минь юм. Тархи, зүрх минь. Чи бас сайн жүжигчин. Хүмүүс чамайг ааштай авгайн дүрд тоглуулах юм. Одоо би чамдаа зориулж, чинийхээ тухай кино хийнэ. Энэ киногоороо чи нэрлэгдэж, мөнхрөх болно” гэж хэлжээ. Ингэж хэлсэн хань нь маргааш нь л хорвоог орхисон байв.

“Бурхан найруулагч” нөхрөөсөө ийм нандин үгс сонссон жүжигчин Ц.Цолмонгийн сэтгэл аль хэр хөдөлж, авсан урам зориг нь хэр их эрч хүч болж, уран бүтээлд нь яаж тусгалаа олж, үзэгчдэд хэр мэдрэгдэж байсан бол. Энэ тухай жүжигчнээс асуухад “Эгч нь сайн мэдэхгүй байна. Манай театр жүжиг ч, үзэгч ч олонтой байлаа.

Би хөдөө явах, ялангуяа кинонд тоглох их дуртай байсан юм. Гэтэл намайг жүжиг авч явдаг гол хүмүүсийн тоонд багтаагаад ер боломж олгодоггүй байсан. Энэ нь нэг талаар үнэлээд байгаа юм шиг мөртлөө, сүүлд нь бодоход бага зэргийн хохиролтой байсан. Жүжгүүдээс авсан зураг, дүрс бараг үлдээгүй. Телевизийн бичлэг гэх юм ер нь л байхгүй дээ. Үүнд манай театрын жүжигчид маш их харамсдаг.

Өөрөөр хэлбэл, хэн гэдэг уран бүтээлч аль жүжигт ямар дүрийг хэр сайн бүтээж байсан тухай баримт гэх юм ховор. Тэр ч бүү хэл, харьяалагдах байгууллага ч үгүй болсон. Олон жүжигчин бичиг баримт, хөдөлмөрийн дэвтрийн асуудал, маргаантай байдаг. Харин уран бүтээлийн хувьд бол бүгд сэтгэл дүүрэн байдаг шүү” гэж ярьж байлаа.

Ард түмний дунд “Нямгаваагийн” гэж, найруулагчаараа овоглож, хоногшсон Хүүхэд залуучуудын театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт, ОХУ-ын Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, МХЗЭ-ийн болон Намын хянан шалгах комисс, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийж ирсэн жүжигчин Ц.Цолмон уран бүтээлчийн хувьд хэн болохыг нь түүнийг мэдэх зарим хүнээс тодруулсан юм.

Ардын жүжигчин С.Сарантуяа “Түүний тоглосон жүжгүүдийг мөн ч олон удаа үзсэн. Амаа ангайн биширдэг байлаа. Миний жүжигчин болох хүсэл эрмэлзлийг улам нэмж өгсөн хүн дээ” гэв. Гавьяат жүжигчин, Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг “Хүүхэд залуучуудын театрын 1970-1994 он хүртэлх уран бүтээлд жүжигчин Ц.Цолмон томоохон байр суурь эзэлнэ.

Тиймдээ ч түүнийг “Хүүхдийн театрын Цолмон” гэдэг юм. Энэ театр байхгүй болсноор уран бүтээлчийн урам, онгод унасан, хохирсон. Гэсэн ч ханийнхаа үйлсийг үргэлжлүүлж “Арслан” театр байгуулан уран бүтээл нэлээд хийсэн. Урлагийн, жүжгийн төлөө төрсөн мэт бүсгүй.

Ц.Цолмон бид хоёр хамтарч “Эмээ нар хадамд гарсан нь” гэдэг аятайхан жүжиг тавьж байлаа” гэсэн юм. Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “Бидэнд нэг удаа Г.Доржсамбуу багш маань “Би авгайгаа магтаж байгаа юм биш. Цолмон бол Хүүхэд залуучуудын театрт тэргүүлэх эмэгтэй жүжигчний нэг шүү” гэж байлаа” хэмээлээ.

“Хүүхдийн театрын Цолмон”-гийн тухай судалж байхад тус театраас төрсөн алдартан Ардын жүжигчин А.Очирбатын “Зөвхөн миний эргэцүүлэл буюу солиорол” номонд буй мөртүүд анхаарал татлаа. “Ц.Цолмон 1971 онд Багшийн дээд сургууль төгсөөд манай театрт ирж жүжигчнээр ажилласан анхныхаа бүтээлээс эхлээд өндөр авсан их авьяастай жүжигчин.

Түүний тухай онцлон үздэг учир гэвэл надтай эцэг охин, эхнэр нөхөр болж олон жүжигт ойр дотно тоглож, миний бүтээлийг амжилтад хүргэх өмөг түшиг болж байсан нь бусдаас илүүтэй билээ. Ц.Цолмон бол хамтран тоглоход хажуудах жүжигчнээ өөрийн эрхгүй хөтлөөд явж чаддаг гайхамшигт нарийн харьцаатай, дотоод сэтгэлийн их хүчтэй жүжигчин. Зөвхөн дотоод сэтгэлээс гадна биеийн үйлдэл, тайзны хөдөлгөөний онцгой эвсэлтэй. Ямар ч үндэстэн, ястны бүжгийг тэр л хэм хэмжээнд нь гүйцэтгэж чаддаг авьяастан.

Энэ бүхэн бол Ц.Цолмон тайзны өндөр соёлтой жүжигчин болохыг нотолдог. “Сэтгэлд харвасан туяа” жүжигт Нази гэж кыргыз залуу эмэгтэйн дүрд тоглохдоо ямар сайхан бүжиглэж байсныг үзэгчид тодхон санаж байгаа байх. Энэ дүрийг гайхамшигтай сайхан бүтээсэн. Нэгэн нэр бүхий үзэгч уг жүжгийг үзээд “Хаяад явсан эхнэрээ авчирч Цолмонгийн тоглолтыг заавал үзүүлнэ” гэж билээ. Дараа нь эхнэртээ үзүүлсэн, бид хоёр амьдралаа дахин баттай сэргээж чадлаа гэж баяр хүргэж байсан. Энэ бол Цолмонгийн жүжигчний ид шид увдис мөн буй за” хэмээжээ.

Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий “Би 1981 онд цэргээс халагдаад Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр орсон юм. Тэгэхэд миний хүүхэд байхдаа жүжиг үзэхэд дүр бүтээж тоглодог байсан Ц.Цолмон эгч байж байсан. “Гэгээ” жүжгийн олны хэсэгт гарахдаа, тайзан дээр жүжигт тоглож яваа хэрнээ Ц.Цолмон эгч сохор Хажидын дүрд хэрхэн тоглож байгааг нь хараад ангайдаг байлаа.

Ганц би биш ээ, манай залуу жүжигчид бүгд өөрсдийнхөө үүргийг умартах шахан эгчийн тоглохыг хардаг байсан. Ямар ч насны эмэгтэйн дүрийг яг л гаргаж тоглодгоор онцлог. Ер нь манай театрын хоёр ч үеийг нуруундаа үүрч явсан тэргүүн эгнээний жүжигчдийн нэг. Тухайн үед соло буюу гоцлол жүжигчин гэж ярьдаг байлаа. Ц.Цолмон эгч бол гоцлол жүжигчин. Кино үйлдвэрээс байсхийгээд түүнийг дүрд тоглуулах урилга ирүүлнэ, театр татгалзана. Ц.Цолмон эгч хөдөө бригадаар явах юм уу, кино зурагт явчихвал жүжиг зогсчих гээд байдаг байсан учраас явуулдаггүй байлаа.

Бид хоёр Э.Оюуны “Хайр”, Ч.Нацагдоржийн “Сүүлчийн үдэлт”, Ц.Балдоржийн “Эмсүүд”, “Өв залгамжлагч” зэрэг жүжигт партнёр болж тоглосон. Жүжигчинд байх бүхий л үзүүлэлт төгс, өгөөжтэй хамтрагч. Ц.Цолмон эгч 1970-1980-аад онд ид гялалзаж байлаа. Яг л од шиг гялалзаж байсан даг. Тэр үед гавьяатад нэр дэвшүүлсэн, удахгүй цолоо авах юм билээ гэж хэсэг шуугив. Гэтэл чимээ намжсаар бүр тасарсан. Сүүлдээ бид театргүй боллоо.

Манай театр акустик тааруутай байсан л даа. Тийм атал бараг ганцхан Ц.Цолмон эгчийн яриа хамгийн арын эгнээнд суусан хатуу чихтэй хүнд сонсогдохоор тод байдаг байж билээ. Энэ маш чухал үзүүлэлт. Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны гэргий Ц.Цолмон ийм өндөр ур чадвартай мэргэжилтэн, жинхэнэ театрын уран бүтээлч. Бид одоо байнга харилцаатай, мэнд усаа мэдэлцэж байдаг” хэмээлээ.

Жүжигчин Ц.Цолмон “Бат-Өлзий бид хоёр их сайн ойлголцож тоглодог. Театргүй болчихоод, 1995 онд “Арслан” театраа байгуулахдаа нээлтийг нь Б.Гавриловын “Дурлалын нууц” жүжгээр хийсэн юм. Энэ жүжгийг миний өвгөний найз, Буриадын алдарт найруулагч Кондратьев ирж найруулж өгсөн дөө. Үүнд О.Бат-Өлзий бид хоёр хамтарч тоглосон юм.

Мөн 1999 онд Жан Ануйн бүтээл “Мидей” жүжигт хамтарч тоглосон. Бид театргүй болоод их өрөвдмөөр болсон шүү дээ. Тэглээ гээд зүгээр сууж болдоггүй юм билээ. Эдгээр жүжгээ Буриадын театрынхантай харилцан солилцож тоглосон. Гэх мэтчилэн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байлаа. Орох оронгүй хүмүүс чинь ресторан-оффисдоо цуглаж байгаад л ярилцана даа” хэмээж байлаа.

“Хүүхдийн театрын Цолмон”-гийн нас 70 хүрч байна. Өнөө хэр уран бүтээлээ ярьсаар.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай