АН: Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдав. МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Татварын багц хуулийн төсөл боловсруулах томоохон ажлын хэсэг байгуулж, “Энэ ондоо багтаан Татварын багц хуулийг баталъя. 2020 оны төсвийг энэ хуулиараа хэлэлцэх нь зүйтэй” гэдэгт нэгдсэн.

Мөн “Тавантолгой” төслийг хөдөлгөхдөө IPO хийе гэсэн улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлгийнхэн аль хэдийнэ гаргасан. Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж байгаа. Бид том төслүүдээ хөдөлгөх шийдвэрээ одоо гаргаж, ажиллах бололцоог нь хангахгүй бол цаг хугацаа алдана. Намрын чуулган эхэлтэл Засгийн газар хийх ажилгүй сууна гэж гишүүд хэлж байгаа” гэв.

Харин АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцжээ. Эхнийх нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай бөгөөд уг асуудлыг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлж буйтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Манай бүлэг ч үүнийг нь дэмжээд явъя гэлээ. Гэхдээ дэмжлэгт учир байгаа. Бид тавьж буй нөхцөлүүдээ АН-ын бүлгийн байр суурь болгож зайлшгүй тохиролцох ёстой гэж үзэж байгаа.

ҮАБЗ-ийн зөвлөмжийг нэн тэргүүнд харна. Энэ зөвлөмжийг бүлгүүдэд ирүүлээгүй байгаа учраас эцэслэн шийдвэр гаргах боломжгүй байна. Төр, засгийн удирдлагын хамтарсан шийдэл Монгол Улсын улс төрийн зөвшилцлийн гол бүрэлдэхүүн байдаг учраас аль ч намын бүлэг үүнийг үзэж, мэдээлэл авах шаардлагатай.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолоор 30 хувийг нь олон улсын зах зээлд гаргах ажлыг баталгаажуулж байгаа юм бол үүнтэй зэрэгцүүлээд төрийн өмчийн 51, ард иргэдийн 14 хувь (1072 ширхэг хувьцаа)-ийг нийтийн өмч болгох АН-ын байр суурь хэрхэн хадгалагдаж үлдэх нь сонирхол татаж буй гол сэдэв.

Төрийн болон ард иргэдийн, мөн хөрөнгийн биржээр худалдсан хувьцаа эзэмшигчдийн гээд олон талын өмчөөс бүрдэх компанийн цаашдын үйл ажиллагааг эдийн засагт болон ард иргэдэд үр өгөөжтэй байлгахын тулд хэрхэн хувьчлах вэ гэдгийг ажлын хэсгийн түвшинд дахин ярилцана. Энэ тогтоолоор Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд өгөх, эдийн засгийн үр ашигтай байх нөхцөл бүрдсэн тохиолдолд цаашид дэмжээд явна гэж санал нэгдлээ.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлтийн төсөл. Уг төслийг нийгэм-эдийн засаг, улс төр, хууль эрх зүй гэсэн гурван бүлэгт ангилж, санал бодлоо солилцов. Чуулган завсарлахаар эцсийн дүгнэлтээ гаргаж иргэдэд танилцуулна.

Мөн УИХ-аар яаралтай хэлэлцэж байгаа, чуулган завсарлах хугацаа дөхсөнтэй холбоотойгоор шахагдаж орж ирсэн олон хуулийн төсөл бий. Үүнд АН байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг УИХ өмнө нь дэмжээгүй, унагасан.

Гэтэл Засгийн газар дахин өргөн барьсан байна. Уг төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх заалт байгаа, үүнийхээ төлөө УИХ-ын гишүүдийг лообийдох гэж оролдсон гэсэн мэдээлэл тарсан нь хардлага төрүүлж, уг төслийг унагах шалтгаан болсон. Уул уурхайн томоохон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг авч хаях, татварын ижил тэгш орчинтой байх нь зүйтэй.

Тиймээс дахин өргөн барьсан төсөлд ийм заалт буй, эсэхийг нягталж үзэх шаардлагатай гэж манай бүлгийн гишүүд үзэж байгаа. Ийм зүйл байхгүй бол дэмжээд явах боломжтой.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэлэлцэхэд АН завсарлага авсан. Гишүүдийг хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд уг хуулийг яаралтай батлах нь зөв гэдэгтэй бид санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуультай зөрчилдөх агуулга уг хуульд байгаад анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Өргөн барьсан төслийг нягтлахад тодорхой болж байгаа зүйл юу вэ гэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Дэгийн тухай хуулиар зохицуулах гэж оролдсон заалт оруулж ирсэн байна. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэж бид үзсэн. Хууль санаачлагчтай нь зөвшилцөж, тэр заалтыг нь авч хаяад, үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг чуулган завсарлахаас өмнө батлах боломжтой.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн. Бүх шатны захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдлийг шүүхийн байгууллагаар авч хэлэлцэх боломжгүй болгосноороо энэ хууль Монгол Улсын иргэний өөрийгөө хамгаалах эрхийг шууд хасах оролдлого хийж байгаа юм.

Эрх зүйт төрийн гүйцэтгэх эрх мэдэл болон Үндсэн хуулийг зөрчих санаатай оролдлогыг энэ Засгийн газар хийж байна. Үүнийг эрх зүйт төрийн тогтолцоо, Үндсэн хуулийн зөрчил талаас нь харвал Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэдгийг анхааруулж байна” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж байгаа. Үүнийг танай бүлэг дэмжих үү?

-УИХ-ын гишүүд нээлттэй сонсгол хийх эрхтэй. “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх, эсэх нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь эрхийн асуудал.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч. Олон нийт мэдээлэл багатай байна?

-IPO гаргах талаарх танилцуулгыг дөнгөж сая гар дээрээ авлаа. Уншиж амжаагүй байна. Ер нь гадаад, дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа худалдана гэдэг бол хувьчлалын нэг арга. Хэн нэгэн тэр хувьцааг авна, 30 хувь нь ард түмний бус, бусдын мэдэлд шилжих нь гэж ойлгож болно.

Маргаантай асуудал, болгоомжлол бий. Ажлын хэсэг дотроо ойлголцохыг хичээнэ. Хэрэв ойлголцохгүй бол энэ төсөл хаана, хаанаа хэцүү болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай