Эрүүл мэндийн хөтөлбөрт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийлээ

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг Нийслэлийн Засаг даргын захиалгаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн танилцуулах уулзалт Хангарди ордны 14 давхарт болж эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид оролцов. Уулзалт арга хэмжээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн удирдагч Д.Амарбаясгалан, IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уг төслийн хүрээнд 2017 онд “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т хараат бус хөндлөнгийн төрийн бус байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, сайжруулах зөвлөмжүүдийг хэлэлцэж санал солилцлоо. Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдалаа илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо хэмээн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч  Ш.Анхмаа тэмдэглэв.

Үнэлгээний ажлын хүрээнд Иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах ажлыг туршин хэрэгжүүлжээ. Мөн үнэлгээний нийтлэг удирдамж болон журам боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай