Боулингийн үндэсний лигийн нэгдүгээр тойрог өндөрлөлөө

Монголын боулинг сонирхогчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн нэгдүгээр тойргийн финалын тоглолт 6 дугаар сарын 24-нд буюу өчигдөр  “Big bowling” төвд боллоо. Шигшээ тоглолтонд өндөр оноотой 12 баг өрсөлдсөнөөс Ж.Содномдорж ахлагчтай Х.Хишигбат, Ч.Золжаргал нарын баг аваргаар тодорсон бол  Ю.Ганболд ахлагчтай С.Дэлгэрцэцэг, н.Оюунжаргал нарын баг удааллаа. 

Ч.Элбэгзаяат ахлагчтай Ж.Цэвэгмид, С.Хандаа нарын баг гуравдугаар байрын эзэн боллоо.

Ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын Б.Батхүү түрүүлж, мөн клубын Б.Оюунболд аман хүзүүдэж, ТЭЦ-3 клубын Э.Чүлтэмжамц хүрэл медалийн эзэн болсон юм.


Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар “Страйкс” клубын Ш.Гэрлээ тодорч, мөнгөн медалийг “Big bowling” клубын Т.Нансалмаа, хүрэл медалийг “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг хүртсэн билээ.


Шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын Б.Оюунболд (225 оноо), эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг (243 оноо) нар шалгарсан.


Баг болон тамирчдыг бүтэн 4 шат үргэлжилсэн нэгдүгээр тойргийн тэмцээнүүдэд авсан оноогоор нь эрэмбэлж багуудыг зонд хувааж, шилдэг тамирчдыг хасагдах журмаар тодруулсан. Медалийн төлөөх тоглолтонд багуудын оноо тэнцэх, хоёроор гарсан тамирчин 15-аар гарсан тамирчинтай халз тоглоод хожигдох, багуудын хожлын зөрүү ганц хоёрхон оноогоор шийдэгдэх зэргээр өрсөлдөөн ихтэй тэмцээн ийнхүү болж өндөрлөлөө.
Жил шахам үргэлжилдэг үндэсний лиг нь зуны 2 сар завсарладаг билээ. Хоёрдугаар шат нь ирэх есдүгээр сарын 8-нд эхлэх бөгөөд Жакартад болох Азийн наадамд оролцох тамирчиддаа Боулинг сонирхогчдын холбооноос амжилт хүсэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай