Биеэ үнэлэгчид, халаасны хулгайчид ХАР ТАМХИЙГ тээвэрлэж, зөөж байна

Дэлхий дахинд өнгөрсөн зуунаас эхлэн хүмүүс мансууруулах эм, бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс ихсэж, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл улам ихээр гарах болсон. Олон улсын зах зээлийн эрчимтэй харилцаа хөгжиж буй өнөө үед мансууруулах болон сэтгэц идэвхит бодисын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь дэлхийн өнцөг булан бүрт тахал мэт хурдацтай тархаж байна.

Тухайлбал, 2016 оны байдлаар дэлхий дахинд мансууруулах бодис хэрэглэдэг 15-64 насны 200 сая гаруй хүн байдаг гэсэн тооцоо бий. Үүнээс 29 сая нь тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний зөвхөн 1/6 нь л эмчилгээнд хамрагддаг байна. Мөн хар тамхи хэрэглэгчдийн 1.5-1.6 сая нь ХДХВ/ДОХ болон вируст гепатит С-ээр халдварлагдсан байдаг аж.

Харин Монгол Улсын хувьд архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байгаа ба бусад төрлийн мансууруулах бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг байна. Нарийвчилбал, НЭМГ-ын “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ” тандалт судалгаанд оролцогсдын 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 нь экстази хэрэглэж үзсэн гэсэн байна. Ийм дэлхийд жил бүр “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манайх ч мөн нэгдсэн байна.

Энэ өдрийг тохиолдуулан 2018 онд НҮБ-аас “Эхлээд сонсоё – Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлжээ.

Мөн энэ жилийн хувьд хүн амд мансууруулах бодисын хэрэглээ, түүний сөрөг үр дагаврын талаар ойлголт өгөх зорилгоор СЭМҮТ, ЦЕГ, “Эрхэм инээмсэглэл” ТББ-тай хамтарч хийсэн “Амьдралын өнгө” нэртэй богино хэмжээний киноны нээлтийг хийж байна. ЦЕГ, ГЕГ-тай хамтран ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх зорилготой өдөрлөгийг маргааш буюу зургадугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомт, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн хилийн боомт, Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Үүнээс гадна ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.Мэндбаяр хэлэхдээ “Хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэгч нь гол төлөв биеэ үнэлэгчид, халаасны хулгайчид байгаа бол хэрэглэгчид нь дийлэнх нь амьжиргааны дунд түвшнийхэн байгаа юм” хэмээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай