Цагдаагийн хэлтсийн дарга хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяаг цагдан хорилоо. Прокурор, шүүхийн эх сурвалжууд “Бусдаас их хэмжээний хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-т заасан үндэслэлээр цагдан хорих санал НПГ-аас ирүүлснийг шүүх хүлээн авч нэг сарын хугацаагаар цагдан хорих захирамж гаргасан. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийг зарим эх сурвалж хэлж буй. Түүнээс гадна цагдаагийн өөр офицерууд ч холбогдож болзошгүй гэсэн мэдээлэл байна. Өөр нэг эх сурвалж “Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболдыг ч бас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа.

С.Батзаяа, Ц.Ганболд нар нэг хэрэгт холбоотой байж болзошгүй” гэсэн мэдээлэл өгөв. АТГ-ынхан болон ЦЕГ-ын эх сурвалжууд “Дэд хурандаа С.Батзаяаг бусдаас хахууль авсан хэрэгт сэжиглэн цагдан хорьсон нь үнэн. Чухам юу болсон талаар хэлж мэдэхгүй” гэлээ.

Дэд хурандаа С.Батзаяагийн хувьд 2001 онд Цагдаагийн академи төгсөж, Булган аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч зэрэг албан тушаал хашиж байгаад дээрх хэлтэс байгуулагдахад даргаар нь томилогдсон юм байна.

Хурандаа Ц.Ганболд өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн өвөл Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдсон нэгэн.

С.Батзаяагийн тухай мэдээлэл ЦЕГ-ын удирдлагад хүрмэгц ЦЕГ-ын дарга тушаал гаргаж, орных нь хүнийг томилжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ЭЦА-ны Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өмнө нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаал хашсан, хурандаа Г.Эрдэнэбаатар болжээ.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай