Хүчинд автагсдын бас нэг ЗОВЛОН

-Хохирогчдын багагүй хувь нь бэлгийн замын халдварт өвчин авчээ-

“Би хоёр жилийн өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж, тэмбүү, заг хүйтэн өвчний халдвар авсан. Тухайн үед шинжилгээ өгөхөд эрүүл гарсан ч 2-3 долоо хоногийн дараа шинж тэмдэг мэдэгдсэн. Цагдаад дахин хандахаас санаа зовоод хувийн эмнэлэгт эмчлүүлсэн юм.
Гэхдээ мөнгө муутай байсан учир бүрэн эмчлүүлж чадаагүй. Саяхан гэрлэж, жирэмсэн болоод шинжилгээ өгтөл цусанд тэмбүүгийн халдвар байна гэсэн. Миний амьдрал дахиад л хөмөрсөн тогоо шиг болчихлоо. Би хүчиндүүлсэн гэдгээ нөхөртөө хэлэлтэй биш. Үнэхээр хэцүү байна”

хэмээн 21 настай эмэгтэй ярьжээ. Мөн 16 настай охины ээж

“Охины минь биеийг хүчээр үнэлүүлж, хөлсний байранд хорьж, хэдэн залуугаар мануулдаг байж. Тэд бас зүгээр байгаагүй гэнэ лээ. Энэ бүхний дараа охиноо жирэмсэн болсныг мэдээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлтэл гурван сар гаруйтай жирэмсэн гэсэн. Тэмбүүгийн халдвар хоёрдугаар шатанд орсон байсан ч хүүхэд нь томорсон, тэгээд ч анхны жирэмслэлт, үр хөндүүлэхэд өөрт нь муу байх гээд гаргуулсан юм. Даанч зээ минь төрөлхийн тэмбүүгийн халдвартай” гэжээ.

Сэтгэл эмзэглүүлэм ийм явдлын талаар бэлгийн хүчирхийллийн золиос болсон охид, эмэгтэйчүүд, ар гэрийнхэн нь энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд ам нээсэн байна.

Монголд гарч буй нийт халдварт өвчний багагүй хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлдэг. Өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 15 364 бүртгэгдсэн нь нийт өвчлөлийн 34.7 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 400 тохиолдол буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийт өвчлөлийн хамгийн их буюу 43.4 хувийг тэмбүү, 28.8 хувийг заг хүйтэн, 27.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар эзэлдэг. Жилээс жилд нэмэгдэж буй энэ тооны цаана хүчингийн гэмт хэргийн золиос болж, уршигт өвчнөөр энэлэгчид дээрх жишээгээр зогсохгүй.

ЭМЯ, Хүйсийн тэгш эрхийн төв хамтран “Хүчирхийллийн нөлөөгөөр охид, эмэгтэйчүүдийн БЗДХ, ХДХВ-ийн халдварт өртөлтийн байдлыг үнэлэх” судалгааны тайланг саяхан гаргасан. Судалгаанд 5-46 насны, хүчин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 303 хүнийг хамруулснаас 88 нь буюу 29.4 хувь нь насанд хүрээгүй, дөрвөн хүн тутмын гурав нь байнгын эрхэлсэн ажилгүй гэжээ. Таван хүн тутмын дөрөв нь сэтгэл санааны ямар нэг өөрчлөлтөд орсон.

Тэр ч бүү хэл, дөрвөн хүний нэг нь амиа хорлох тухай бодож, 13 хүний нэг нь амиа хорлохыг завдсан, 10 хүний нэг нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг болсон байна. Хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүд бие, сэтгэлийн асар их хохирол амсдаг. Тэдний 17.7 хувь нь 1-2 удаа үр хөндүүлсэн, 33.4 хувь нь БЗДХ авч, сэтгэл санааны байнгын дарамтад байх болжээ. Дэлгэрүүлбэл, 74 хүн нь тэмбүү, 80 нь заг хүйтэн, гурав нь ХДХВ-ийн халдвар авсан байна.

Гэр бүлийн, тэр дундаа ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл газар авч, бага насны охид, хөвгүүд өртсөн бусармаг явдал гарсаар байна. Ийм явдал нийгэмд түгээмэл болсныг эрх баригчдаас эхлээд траншейд амьдардаг нэгэн ч мэдэж буй. Хүний ёсноос гажууд ийм явдал яагаад буурахгүй байна вэ. Шалтгаан тодорхой, хохирогчид нь бий, гагцхүү урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирол барагдуулах, эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үзүүлэх нөхцөл, боломж нь хомс байна.

Ийм хэргийг ихэндээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлддэг гэдэг. Гэтэл манайд энэ хорны хэрэглээг хязгаарлах талаар авсан дорвитой арга хэмжээ бараг үгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд улсын эмнэлэгт хандах гэхээр бусдаас айж ичиж, найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ таарчих вий гэхээс санаа зовж, үргэлж айдастай явдаг байна. Тиймдээ ч олонх нь хувийн эмнэлэгт хандан, зарим нь гэрээр эмчлүүлдэг гэнэ.

Тэд эрүүл мэндийн даатгал төлсөн ч үүнийхээ үр ашгийг бүрэн гүйцэд хүртэж чадахгүй, хар дарсан зүүд мэт айдас, түгшүүрээ мартах гэж аль болох хүнгүй газар, хэн нэгний хэл амнаас холуур, нуугдан байж эрүүл мэндийн үйлчилгээ авч буй.

“Хойд эцэг нь хүчиндээд, тэмбүүтэй болсон ч гэнэ үү, энэ охин юу ярьсныг ойлгосонгүй” гэж хэлж байсан эмчийн хандлага өнөөдөр арай өөр болж, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийг нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрныхантай холбож өгдөг болсон гэнэ. Гэвч бусармаг явдлын улмаас бэлгийн замын халдвар авч, муу муухай бүхнийг мартаж ядан, хүнтэй гэрлэж, амьдрахын төлөө тэмцэхэд хүүхэд нь төрөлхийн тэмбүүтэй төрж буй нь туйлын харамсалтай.

Бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхэд нэг эмэгтэй 500-1 000 000 орчим төгрөг зарцуулдаг аж. Ийм хэмжээний мөнгө төлөх чадваргүй, амьдралын боломжгүй нэг нь өвчнөө гүйцэд эмчлүүлж чаддаггүй нь үнэн. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүчин, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг гурван жилийн байдлаар улсын хэмжээнд авч үзэхэд бэлгийн хүчирхийллийн 947 гэмт үйлдэлд 977 хохирогч бүртгэгджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 1932 хүн бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт холбогдуулан шинжилгээ хийлгэхээр хандаж, шүүхээр 422 хэрэг шийдвэрлэсэн байна.

Ийм тооны хүн бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн золиос болж байхад тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ төдийлөн сайжирсангүй. Гэхдээ ахиц гарсан. Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүнд туслах нэг цэгийн үйлчилгээний зургаан төвийг улсын хэмжээнд байгуулж, өнгөрсөн онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Ийм төвийг III шатлалын эмнэлэг түшиглэн ГССҮТ, II шатлалын эмнэлэг түшиглэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХЗДХЯ-ны харьяа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллуулж байгаа.

Харин орон нутагт Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт бий. Баянхонгор аймгийн нэг цэгийн үйлчилгээний төв нь төрийн бус байгууллага түшиглэн, гурван давхар барилга барьж, боловсон хүчнээр ч чамлахааргүй хангагдсан байна. Завхан аймгийнх Цагдаагийн газартаа байгуулсан учир хохирогчоос гадна хүчирхийлэл үйлдэгч нэгэнд ч хүрч ажилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч этгээдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дахин ийм хэрэг үйлдэхгүй байхад нь анхааруулж, ойлгуулдаг аж. Нөхөртөө зодуулж, ухаангүй шахуу ирсэн эмэгтэй хэд хоноод бие нь тэнхрэхээр буцаад л гэр рүүгээ харьдаг. Үүнээс өөр сонголт байхгүй.

Нэг цэгийн үйлчилгээний төвд хохирогчийг 72 цаг л байлгах боломжтой. Эргээд л хүчирхийлэл, айдастай нүүр тулна гэсэн үг. Тиймээс хүчирхийлэгч этгээдийг цагдан хорихоос илүү гэм буруугаа ухаарахад нь мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөгөө чухал байгаа юм. Харин Говь-Алтай аймаг дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь ганцхан нийгмийн ажилтантай учир үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа аж. Улаанбаатар хотод ийм газар дээр хэлсэнчлэн гурав бий ч ГССҮТ-өөс бусад нь 24 цагаар үйлчилж чадахгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй, 24 цагийн турш үйлчлэх чиг үүрэг бүхий нэгж нь эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллана” гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг шөнө, оройн цагаар голдуу үйлдэгддэг. Гэвч байр, хүн хүчний хүрэлцээгүйгээс Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон ШШҮХ-гийн нэг цэгийн үйлчилгээний төв шөнө дуудлага хүлээн авч чадахгүй байгаа гэнэ. ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга, анагаах ухааны доктор Ш.Нансалмаа “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, гэмтсэн хүн манай төвд ханддаг.

Манайд аюулгүй байдлыг нь хамгаалахаас өөр, эмэгтэйчүүдийн болон сэтгэл заслын тусдаа өрөө байдаггүй. Урьд нь байсан ч өмнөх дарга нарын үед ариун цэврийн өрөө болгочихсон. Тиймээс бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүнийг эмнэлгийнхээ унаагаар ШШҮХ-д хүргэж өгдөг. Хэрэв бэлгийн замын ямар нэг халдварт өвчин авсан бол ХӨСҮТ-д эмчлүүлдэг. Уг нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрнаас гаргалгүй үйлчилгээ үзүүлэх ёстой.

Харамсалтай нь, манай төвд эмэгтэйчүүдийн болон шинжээч эмч байхгүйгээс холбогдох газарт нь хүргэж өгдөг. Уг нь эмэгтэйчүүдийн эмчтэй байхаар тусгасан ч биелэхгүй байна. Мөн зодуулсан хүний гэмтлийн зэргийг тодорхойлохын тулд шүүх эмнэлэг рүү авч явдаг. Нэг цэгийн үйлчилгээ нь хохирогчдод маш хэрэгтэй гэдгийг бид байнга мэдээлдэг. Үүний үр дүнгээр энэ онд Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх дөрөв, орон нутагт зургаан газар байгуулахаар болсон” гэв.

Тус эмнэлгийн Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан Ч.Дээдэнцэцэг “Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 294 хүн, 38 хүүхэд манай төвд хандсан. Бэлгийн хүчирхийлэлд өртөж ирсэн тохиолдол нэг байна. Гэмтлийн эмнэлэг гэдэг утгаараа бусдад зодуулж, гэмтсэн хүмүүс л манай төвд ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн голдуу ШШҮХ-д ханддаг. Манай төв дөрвөн нийгмийн ажилтантай. Гурав нь шөнийн цагаар ээлжилж ажилладаг” гэлээ.

Дээр дурдсан судалгаанд хамрагдсан 300 хохирогчийн 28.1 хувь нь ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт, судалгааны алба, 26.9 хувь нь хувийн эмнэлэг, 23.5 хувь нь дүүргийн болон нэгдсэн эмнэлэгт, 14.7 хувь нь шүүх эмнэлэгт хандаж үзлэг шинжилгээнд хамрагджээ. Тэдний 70 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалтай ч 21.7 хувиас бусад нь үүнийхээ үр шимийг хүртээгүй байна. Бусдын эрхшээлд автаж, дээрээс нь халдварт өвчинтэй болж буй тэдэнд туслах гарц нь нэг цэгийн үйлчилгээг нэг газарт төвлөрүүлэх.

Харамсалтай нь, манайд үйл ажиллагаа явуулж буй ийм төвүүд нь хэдэн тийш хүч тарамдсан байдалтай байна. Улсын жишиг төв гэгдэж буй ГССҮТ-ийн Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний газарт ч эмэгтэйчүүдийн эмч, сэтгэлзүйч байхгүй нь энэ төрлийн үйлчилгээ ямархуу байгааг илтгэх биз. Бие, сэтгэлд үлдсэн шархыг анагаах эмч, сэтгэлзүйчээр нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг хүчирхэгжүүлэхгүй бол хүчинд автсан хохирогчдын зовлон нимгэрэхгүй нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай