И Кён Пил: Гэр бүлээ сайхан амьдруулна гэсэн хүсэл минь намайг бэйсболчин болгосон

Бэйсболын Солонгосын мэргэжлийн лигт бөмбөг шидэлтийн техник, ур чадвараараа гайхагдаж, таван удаагийн аварга (1982, 1995, 2001, 2015, 2016) “Doosan bears” багт тоглодог байсан И Кён Пилтэй ярилцлаа.

2001 онд багийнхныхаа хамт Солонгосын мэргэжлийн лигт түрүүлэхдээ MVP болсон тэрбээр Бүх оддын тоглолтод хоёр удаа оролцон, шилдэг шидэгчээр шалгарчээ. Бөмбөг шидэгчийн байрлалд тоглодог тамирчдаас чансаагаараа улсдаа гуравт, амжилтаараа эхний тавд багтдаг байсан энэ эрхэм 2007 онд зодог тайлан, өдгөө “Feel coach” багийг дасгалжуулдаг.

Монголд бэйсболын спортыг хөгжүүлэн, тамирчдын ур чадварыг ахиулахыг зорьж яваа тэрбээр манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн, сургалт зохион байгуулахаар ирсэн юм.

-Та бэйсболын спортын шугамаар Монголд гурав дахь удаагаа ирсэн гэсэн. Энэ удаагийн бэлтгэлийн гол зорилго юу вэ?

-Бид 2016 онд Монголд ирэхээр төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас чадаагүй. Олуулаа ирэхийн тулд түр хойшлуулсан юм. Тэгээд өнгөрсөн жил зургаа, аравдугаар сард ирж, монгол тамирчидтай туршлага солилцсон. Танай тамирчдын хожихын төлөөх эрмэлзэл, бэлтгэл хийж буй үнэнч зан нь надад таалагддаг. Анхны сургалт, хамтарсан бэлтгэлээс л шууд мэдрэгдсэн.

Эх орондоо очсоны дараа Монголд дахин ирж, тамирчдад нь туслах сан гэж бодсон шүү. Тэгээд дахин ирэх боломжийг эрэлхийлэн, томоохон байгууллага, хүмүүсээс тусламж хүссэн. Аравдугаар сард хоёр дахиа ирэхдээ зөвхөн хотод бус, хөдөө орон нутагт бэйсболын спортыг хөгжүүлэх, сурталчлахыг зорьсон. Дорнод аймгийн Чойбалсанд очоод үзүүлэх тоглолт хийн, сургалт зохион байгуулахад урамтай байсан шүү.

Хүн үргэлж суралцдаг гэдэг. Сургалтын үр дүнд зөвхөн монгол төдийгүй манай багийн тамирчдын амжилт ахин, ур чадвар нь сайжирч буйд олзуурхаж байна. Би монгол тамирчдад итгэл, найдвар, урам зориг өгч, чин сэтгэлээсээ хичээн, зүтгэвэл боломжгүй зүйл байдаггүйг үлгэрлэхийг хүсдэг.

Энэ удаа зүгээр нэг хамтарсан бэлтгэл хийх бус, монгол тамирчдыг материаллаг баазаар хангахын төлөө зүтгэсэн. Зорьсондоо хүрэхийн тулд спортод элэгтэй байгууллага, хүмүүсийн дэмжлэгээр 15 орчим сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлалаа.

-Хамтарсан бэлтгэл, сургалтаар монгол тамирчдад юу зааж, мэдүүлэхийг хүсэв?

-Бэйсболын спортод бөмбөг шидэх, барих, цохиураар цохих ур чадвар их чухал. Эдгээрийн үндсэн техникийг заан, туршлагаасаа хуваалцлаа.

-Жилийн дараа ирэхэд Монголын бэйсболын хөгжил, тамирчдын ур чадварт ямар ахиц гарсан байна вэ?

-Ийм, тийм гээд онцлох нэлээд хэдэн ахиц байна. Юуны түрүүнд бэйсбол сонирхох, хичээллэгсдийн тоо эрс өсчээ. Монголд спорт хүмүүсийн сонирхлыг дагаж хөгждөг. Тэр хэрээр олон тамирчин хичээллэн, богино хугацаанд амжилт гаргадаг онцлогтой. Бэйсбол монголчуудын дуртай спортын нэг болно гэдэгт итгэдэг.

Монгол хүний өөртөө итгэлтэй байдал, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг нь арай л өөр шүү. Бэйсбол өртөг өндөртэй, төрөл бүрийн хэрэглэл, материал олонтой, багийн спорт тул төрийн төдийгүй томоохон аж ахуй нэгж, компанийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Намайг бага байхад манай улсад бэйсболын материал, хэрэгсэл хомс байлаа.

Өнөөгийн Монголынхтой нэлээд төстэй. Бэйсболын техник, хэрэгслийн хангамж сайтай, аль болох олон клубтэй, мэргэжлийн дасгалжуулагчтай болвол сайн тамирчин аяндаа олноороо төрдөг юм билээ. Үүнд төрийн дэмжлэгээс гадна цаг хугацаа хэрэгтэй.

-Та багаасаа бэйсболчин болохыг мөрөөдсөн үү. Эсвэл амьдралын шаардлага байв уу?

-За даа, бараг хоёр дахь нь. Бэйсболын спортоор хичээллэснээ хувь заяа гэж би боддог. Миний амьдардаг байсан гудамжны хүүхдүүд үргэлж бэйсбол тоглодог байв. Манай сургууль олон дугуйлантай, бэйсболоор хичээллэхийг санал болгоно. Гэвч багадаа энэ спортыг ерөөсөө сонирхоогүй. Хичээллэн, мэргэжлийн тамирчин болох юм сан гэх бодол ер төрөөгүй.

Хэчнээн хорхойсохгүй байсан ч орчин нөлөөлдөг юм билээ. Хаана ч явсан хүмүүс бэйсбол тоглоод байхаар миний ч сонирхлыг татсан. Тэгээд хааяа нэг бэлтгэл хийдэг, найзуудтайгаа тоглодог болов. Манайх тийм ч хангалуун амьдралтай байгаагүй ээ. Би айлын том, хоёр дүүтэй. Боломжийн цалинтай ажил хийн, гэр бүлийнхнийгээ сайхан амьдруулах үүрэг надад ногдсон. Юу хийх вэ, яах вэ гэж нэлээд бодлоо.

Тэгж байтал “Мэргэжлийн лигийн тамирчид өндөр цалин авдаг. Би яагаад чадахгүй гэж. Бэйсболоор тууштай хичээллэвэл боломж байгаа” гэж бодсон. Тухайн үед гуравдугаар ангид сурч байсан надад яагаад тийм хэрсүү бодол төрснийг бүү мэд. Түрүүн хэлсэнчлэн хувь заяа намайг дуудсан байх. Тэгээд өдөр, шөнөгүй бэлтгэл хийлээ. Сургуулийнхаа багт тоглоно.

Насаар ах тамирчид намайг үргэлж зодож, дарамталдаг байв. Олонх нь бэйсболын цохиураар бөгс рүү цохино. Энэ тэнд нь хөхөрч, хавдсан, хөндүүр биетэй амьтан орой харьдаг байлаа. Аав, ээж хоёр намайг их өрөвдөнө. “Миний хүү боль. Эсвэл өөр спортоор хичээллэ” гээд эсэргүүцэхэд нь юу ч дуугаралгүй зүгээр л инээмсэглэдэг байсан.

Ачаалалтай бэлтгэлийн хажуугаар, тамирчдад тэгж дарамтлуулах ямар олиг байх вэ. Шантармаар үе зөндөө. Тийм хүнд үед аав, ээж, хоёр дүүгээ аз жаргалтай амьдруулна гэсэн хүсэл минь намайг хурцалсан, өндийж босох хүч хайрласан.

-Аав, ээж хоёр нь эсэргүүцэн, тамирчдад дарамтлуулахад “Больё” гэх бодол танд төрсөн үү?

-Зөндөө. “Яагаад ингэж өөрийгөө зовоох ёстой гэж” хэмээн шантрахад гэр бүл бодогдоно. Тэгээд зорилгоо бодонгуут мартагддаг байлаа. Аав, ээж хоёрын “Боль” гэж хэлснийг би өөр утгаар хүлээж авсан.

“Улам хичээгээрэй, шантарч болохгүй шүү” гэж. Солонгос дулааны улиралд их халуун. Халшрам халуунд өдөрт дөрвөн удаа бэлтгэл хийдэг байв.

-Бэйсболын спортын хувцас, хэрэгсэл үнэтэй. Бэлтгэл хийж эхлэхдээ анхны өмсгөл, дугуйлангийн төлбөрөө хэрхэн зохицуулдаг байв?

- Би сайн материалтай, үнэтэй хэрэгсэл өмсөөд бус, тууштай хөдөлмөрлөж л чадвал амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг байсан л даа. Хувцас хэрэгсэл ч яах вэ аргалж болдог юм билээ. Хүнээс илүүчилнэ, хямд үнэтэйг хэрэглэнэ. Заримдаа 2-3 сараар төлбөрөө төлж чадахгүй.

Манай багийн удирдлага намайг авьяастай, ур чадвар сайтай гэж үнэлдэг, амьдралыг минь ойлгодог байсан ч санхүү хариуцсан мэргэжилтэн нь “Төлбөрөө төлөөрэй” гээд өрөвдсөн харцаар харахад их эмзэглэнэ. Зарим тамирчны аав, ээж гоё машинаар хүүхдээ хүргэдэг, бэлтгэл дээр нь амттай хоол авчирч өгөхөд цагаахан атаархдаг байлаа. Гэхдээ аав, ээждээ гомдож, туниж байгаагүй ээ.

-Та бөмбөг шидэлтийн техник, ур чадвараараа Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг тамирчдын нэг. Анхнаасаа шидэгчийн байрлалд тоглосон бил үү?

-Үгүй ээ. Бэйсболоор хичээллэж эхлэхэд багш намайг хамгаалагчийн байрлалд тоглуулсан. Мэргэжлийн лигт өрсөлдөхийн өмнөхөн фитчер (шидэгч) болсон юм.

-Ямар ч мэргэжлийн лигт драфтын нэгдүгээр сонголт болох амаргүй. Та 1997 онд тийм ховор амжилтын эзэн болж, “Doosan bears” багт сонгогдсон. Драфтын нэгдүгээр сонголт болох багцаа танд байсан уу?

-Ер нь мэргэжлийн лигт өрсөлдөн, ямар нэгэн багт тоогдохын тулд үнэхээр их хичээн, бусдаас онцгойрох шаардлагатай. “Doosan bears” Солонгосын хамгийн алдартай, олон хөгжөөн дэмжигчтэй багийн нэг. Би бэйсбол тоглож эхэлснээсээ хойш энэ багт хүчин зүтгэхийг мөрөөдсөн. Мэргэжлийн тамирчин болж, “Doosan bears”-т тоглох болсондоо бүр ч их баярласан.

Баг маань надтай 500 сая төгрөгийн гэрээ байгуулав. Ямар ч байсан аав, ээж хоёроо тэжээх санхүүгийн бололцоотой боллоо гэж бодон, гүнзгий амьсгаа авснаа ер мартдаггүй. Зурагтаар л харж байсан, үлгэр мэт яригддаг тамирчидтай хамт талбайд гарахад зүүдэлж буй мэт мэдрэмж төрсөн.

Манай багийн бэлгэдэл баавгай. Хүмүүс намайг баавгайтай адилхан гэж дооглодог. Надад гоё санагддаг, тохирсон багтаа тогложээ гэж боддог.

-Гаргасан томоохон амжилтаасаа сонирхуулаач?

-Зөндөө амжилт гаргасаан. Түүнийхээ талаар ярих сайхан байлгүй яах вэ. Гэхдээ намайг гэх олон хөгжөөн дэмжигчтэй, өдий хүртэл бэйсболтой амьдралаа холбож яваа маань хамгийн том амжилт. Монголд эл спортыг хөгжүүлэхийн төлөө ингээд явж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Тохойны бэртлийн улмаас өмнөх шигээ тоглож чадахгүй байсаар зодог тайлсан гэж сонссон. Бэртлээ хүндрээгүй үед нь эмчлүүлэх боломж байсан уу?

-Хүмүүс надаас ингэж асуух нь олонтоо. Мэргэжлийн лигт дөрвөн жил тоглосны дараа тохой үе, үе өвдөх болсон. Бэлтгэл, тэмцээн гэсээр юунаас болж зовиурлаж байгаа, бэртэл, эсэхийг нь оношлуулах сөхөө, зав байгаагүй ээ. Гурван жил гаруй хугацаанд зовиураа шүд зуун тэвчсэн. Бүр хүндрэхээр нь аргагүйн эрхэнд мэс засалд орсон юм.

Жил гаруй эмчлүүлээд спортдоо эргэн иртэл өмнөх шигээ тоглож, бөмбөг хурдтай шидэж чадахаа болчихсон байв. Шөрмөс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсээр тохой эдгэсэн ч өмнөх формондоо бүрэн орж чадаагүй. Хэчнээн хичээсэн ч тусыг эс олсон. Чаддаг зүйлээ чадахаа болих шиг хэцүү зүйл байдаггүй юм билээ.

-Бөмбөг шидэхэд тохой,

хурд, тэсрэлт их чухал. Мэс заслын дараа тохой нь хэр зовиурлаж байсан бол?

-Уг нь сайхан эдгэсэн, барагтаа зовиурладаггүй байлаа. Заримдаа сэтгэлээр унасан ч зодог тайлахыг хүсээгүй. Олон багаас надад санал тавьсан ч “Doosan bears”-аас явах талаар ер бодоогүй. Багийнхантайгаа 2001 онд мэргэжлийн лигийн аварга болсон.

Түүгээр ч үл барам тэмцээний шилдэг тамирчнаар шалгарахад сайхан байсан шүү. Багтаа үнэнч зүтгэсээр 2007 онд зодог тайлсан.

-Гадаадын томоохон лигт тоглох бодол байсан уу?

-Байлгүй яах вэ. Солонгосын лигт хамгийн багадаа долоон жил тоглосон тамирчин бусад оронд легионероор өрсөлдөх боломжтой. Тодорхой заасан журам биш ч олон жил тоглож байж гадаадын томоохон лигт анзаарагддаг, тоогддог гэсэн үг.

Би уг нь АНУ юм уу Японы лигт хүч сорьё гэж боддог байлаа. Даанч ид үедээ тохойгоо бэртээн, зорилгоо биелүүлэх боломж бүрдээгүй.

-“Feel coach” багийг дасгалжуулахаас өөр ямар салбарт хүч сорьдог вэ?

-Эмэгтэйчүүдэд зориулсан хувцасны бизнес эрхэлж байгаа. Бизнесээ Монголд нэвтрүүлэх бодол бий. Манай дэлгүүр “Feel coach” гэсэн нэртэй.

-Монголд дахин ирэх бодол бий юү?

-Заавал ирнэ ээ. Ирэх жил наадмаас өмнө ирэх бодолтой. Хүмүүс “Наадам үзчихээд буц” гээд л байгаа. Ажлаасаа хэдхэн хоногийн чөлөө аваад ирсэн бидэнд тэгэх боломж алга. Үзэх юм сан, очих сон гэж боддог газар Монголд зөндөө бий. Өнгөрсөн жил Дорнод аймаг руу явахдаа Мэнэнгийн талаар дайрсан.

Зах, хязгаар нь мэдэгдэхгүй өргөн талыг хараад ёстой шоконд орсон. Тухайн үед “Энэ талаар Чингис хаан явж байсан байх даа” гэж бодсон. Тэнд дахин очвол гоё л байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай