Мессигийн дэмий доншуучлал, Сампаолигийн хоосон дөвчигнөл

Аргентинийг ийм байдалд орно чинээ санасангүй. Хоёр тоглолтын дүнгээр ганцхан оноотой байна гэж бүр ч төсөөлсөнгүй. 44 жилийн өмнөх түүхээ давтаж байна шүү дээ. 1974 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод Италид 2:3-аар хожигдоод Польштой тэнцсэн. Гэхдээ аз дайрч  Гаитиг 4:1-ээр ялсан хоёр (нийт 3 оноо) оноогоороо хэсгээсээ шалгарсан. Гэвч дараагийн шатанд будаа болсон л доо. Хоёрдугаар шатны “А” хэсэгт Голланд, Бразил, ХБНГУ-тай өрсөлдөөд 1 оноотойгоор нутаг буцсан түүхтэй. Тэгвэл энэ түүх өнөөдөр яг давтагдаж байна. Тоглолтын чансаа нь ч copy paste мэт хувилагджээ.

Аргентиний шигшээ ур чадвараар толгой доогуур Исландаас арай гэж 1 оноо салгахыг хараад олон хүн гайхаж хоцорсон, арай ч үгүй байлгүй дээ гэж. Гэтэл багийн тоглолт тааруугаар барахгүй муу байгаа нь Хорваттай хийсэн тоглолт тод илтгэлээ. Ер нь Аргентинд дасгалжуулагч байгаа юм уу? Нэг нөхөр талбайн гадна сүржигнээд яваа л харагдана лээ. Түүнийг Сампаоли гэх, дасгалжуулагч нь гэнэ. Тэрбээр шигшээдээ юу хийсэн юм бол оо? Түүний нутагшуулсан гэх арга барил байна уу? гэж асууя. Хариулт нь, түй ч байхгүй. Аргентиний хөлбөмбөгчид зүгээр л инерцээрээ тоглож байна. 20, 30 хүртлээ ямар хөлбөмбөг заалгасан тэр барилаараа л урсгал дагаад урсчихсан.  Дасгалуулагчийн үүрэг нь урсгалыг сөрөх аргыг багтаа суулгах явдал. Гэтэл тийм зүйл огт байсангүй.  Үүргээ гүйцэтгээгүйнх нь хариуд Аргентиний балиашгууд Сампаоли руу шүлсээ нулимав, шил нүүлгэв.

Аргентинчууд  Хорватын прессингийг яаж нэвтлэхээ мэдсэнгүй, хамгаалалтаас давтолгоонд хэрхэн шилжихээ ойлгоогүй. Хамгийн гол нь багийн амин зүрх Мессигээ бөмбөгөөр хангах арга чарга, хувилбар тактикийг хэрэгжүүлж мэдсэнгүй. Тусгайлан боловсруулсан зүйл угаасаа байхгүй юм байна лээ. Тийм болоод л замбараагүй баахан гүйлдсэн байж таараа. Довтлох гэж инээлгэлээ, хамгаалах гэж уйлуулж өгсөөн. Ядаж байхад Сампаолигийн хийсэн сэлгээ нь буруу. Зөв байж мэдэх сэлгээ нь Дибала байсан ч түүнийг буруу байрлалд тоглуулчихав. Түүнийг бөмбөг цацах үүрэгтэйгээр CAM болгоод довтлогчийг дэмжих зорилгоор Мессиг тэргүүн шугамд шилжүүлсэн бол тоглолт арай л өөрөөр өрнөх байлаа.

Уг нь бол Игуаныг гарах бус Агуэрог байлгаж байх нь илүү ач холбогдолтой. Хоёр тоглолтод хамгийн зүтгэл гаргасан аргентин шүү дээ. Гэтэл Игуан ах угийн замбараагүй зохион байгуулалтыг нь улам цэгцгүй болгосон. Хагаст ч гүйгээд, хамгаалалтад ч харайлгаад л. Хамгийн сонирхолтой нь, Сампаоли Банегаг огт ашиглахгүй юм. Түүнд байгаа цор ганц найруулагч шүү дээ. Гэтэл түүнийг үндсэнд байтугай сэлгээгээр гаргасангүй. Довтолгоонд туслах үүрэгтэй хагасаар тавьсан сан бол талбайн төвийг бүрэн эзэрхийлэгч хорватуудын ноёрхлыг нураах нөхцөл үүсэх байсныг үгүйсгэж боломгүй. Аргентин төвөө ингэж бэхжүүлж баймааж л Модрич, Ракитичийн автоматжсан гинжин холбоосыг тасална. Тоглолт унших чадвартай хүн ийм үед л хамгийн их хэрэг болдог. Тэд л тоглолтыг эргүүлдэг.

Шуудхан хэлэхэд, түрүүлэх магадлалтай гэгдсэн багийн зохион байгуулалт ийм доод хэмжээнд байхыг харах туйлын өрөвдөлтэй байлаа. Мессигийн дорой тоглохыг үзэх үнэхээр харамсалтай байлаа. Тэрбээр өнгөрсөн улиралд олон гоол оруулсан ч гэлээ тоглолтын ихэнх цагийг алхсан шигээ өнгөрүүлсэн юм. Үүнийг нь олонх хүн “Гол тэмцээнд хүчээ нөөж байна даа” гэж ойлгосон. Би ч ингэж төсөөлсөн. Гэтэл үгүй байж. Мессигийн байгаа нь л тэр юм байна. Исландтай тоглохдоо ийм байсан, Хорватад ч тэр хэвээрээ. Тэр яг яах гэж ДАШТ-д очсон байж таарах уу? 90 минутын 70-д нь алхах гэж очсон хэрэг үү? Исланд, Хорватын тоглолтыг нэгтгэвэл 135 минутыг Месси дэмий доншуучилж өнгөрөөжээ. За яахав, багийн нөхөд нь бөмбөгөөр хангаж чадаагүй юм байж. Гэлээ ч бөмбөгний хойноос хөөцөлдөх ёстой л юм шиг. Хөөцөлдөх сэтгэлтэй, хөөцөлдөж чаддаг Роналду нь 4 гоол оруулж мандаад байна шүү дээ. Дөрвөн гоол нь дөрвүүлээ хөдөлмөрийн үр бүтээл.

Ер нь бол Роналдуг хөдөлмөр бүтээсэн, Мессиг бурхан бүтээсэн гэдэг бараг л үнэн болоод явчихлаа шүү. Хөдөлмөрч хүн бүгдийг өөрөө бий болгож байхад заяагдсан авьяастан бурхны өгөгдлийг зүгээр л гаргуунд нь хаяж байна. Мессигээс ялгаатай нь Марадона жингийн илүүдэлтэй хэрнээ талбайг бүтнээр нь 100 тойрч, багийг бүхлээр нь чирээд явдаг СОД УХААНТАН байсан юм. Хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулж 1986 оны дэлхийн аваргад хүргэсэн шигшээ баг нь Хорватад хэрхэн доромжлуулахыг Марадона үзээд уйлах ч тэнхээгүй гарч явна лээ. Марадона харуусч байна, Аргентин ч уйлаад эхэллээ. Одоо азандаа найдах л үлдсэн. Исландын өмнө гарах аз 1974 оных шиг ивээлээ гэхэд хасагдах шатанд тоглоод ч яах юм билээ. Дэлхийн аварга болж чадахгүйгээс хойш. Бас аз хайх уу? 2014 оных шиг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай