Улаанбаатарын дэд бүтэц сайтай газрын үнийг хоёр дахин нэмлээ

Газрын үнэлгээний бүс, зэрэглэл, тойрог болон суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар энэ долоо хоногт ээлжит хуралдаанаараа шинэчлэн тогтоосон. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.

-Газрын үнэлгээг шинэчлэн тогтоох үндэслэл нь юу байв?

-Одоогийн мөрдөж буй үнийг 1997 онд тогтоосон. Тухайн үед хөдөө аж ахуйн болон Улаанбаатар хотын газрын үнийг тус тусад нь, нийслэлд нэг га газрын суурь үнийг 440 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөж, Газар хувьчлалын тухай хуультай болсон.

Тиймээс үнийг өөрчлөх зайлшгүй шаардлага байсан. Гэхдээ иргэдэд төлбөрийн ямар нэг дарамт учрахгүй. Бизнесийн зориулалтаар ашиглуулахын тулд суурь үнийг тогтоосон гэж ойлгож болно.

-Бүс, зэрэглэлийнх нь талаар тодруулахгүй юү?

-Хөдөө аж ахуйн газрыг нийт 31 бүсэд хуваасан. Цаашлаад Алтайн уулархаг бүсийн үржил шим зэргийг нь харгалзан 10 гаруй дэд бүс болгон ангиллаа. Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 16 бүсэд хуваасан. Ингэхдээ төвийн инженерийн шугам, сүлжээтэй, эсэхийг нь харгалзсан юм.

Үүнээс гадна ашиглах зориулалтынх нь дагуу үнийг тус бүрт нь тогтоосон. Цаашид хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг долоон жилд нэг, Улаанбаатарынхыг хоёр жилд нэг удаа өөрчлөхөөр болж байна.

-Суурь үнийг тогтоохдоо юунд үндэслэсэн бэ?

-Үнийг тогтоохын тулд бид хоёр жил орчим зах зээлийн судалгаа явуулж, орон нутгаас санал авсан. Ингээд төслөө 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ч дахин судлах шаардлагатай хэмээн үзсэн учраас УИХ, Засгийн газрын байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг авсны үндсэн дээр тогтоосон.

Хөдөө аж ахуйн зориулалттай ч үржил шим багатай газрын үнийг өмнөхөөсөө 2-3 дахин буурууллаа. Харин Улаанбаатарын дэд бүтэц сайтай газрын үнийг хоёр дахин нэмсэн.

-Төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихын тулд хувь хүнээс газар худалдан авах шаардлага гардаг. Энэ үнийг мөрдөнө гэсэн үг үү?

-Тийм ээ. Төсвийн байгууллага албан хэрэгцээндээ газар авч, сургууль барина гэвэл энэ үнийг мөрдөнө. Одоогийн тогтоосон үнээр хамгийн бага нь нэг га-г 23 600 төгрөг, хамгийн өндөр нь 1.4 сая төгрөг байна. Энэ бол суурь үнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нийслэлээс суурь үнийг тогтоож, дуудлага худалдаа явуулаад л шийдэж болно.

-Ашиглалтад оруулсан ч зарагдахгүй байгаа орон сууцнуудыг төр худалдан авч, төрийн албан хаагчдад өгөх боломжийг судалж байгаа гэсэн үү?

-Энэ оны нэгдүгээр сард агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан УИХ-аас тогтоол баталсан. Уг тогтоолд барьж байгаа болон борлуулаагүй орон сууцыг эргэлтэд оруулах чиглэлээр судлахыг үүрэг болгосон. Үүний дараа Засгийн газраас тогтоол гарч, орон сууцны талаар судалгаа гаргасан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган айлын орон сууц байна.

Үүний 59 мянга нь Улаанбаатар, бусад нь орон нутагт байгаа юм. Тэдгээрээс нийслэлд 5822, орон нутагт 568 айлын орон сууц зарагдаагүй. Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хариуцдаг. Тиймээс улсын хэмжээнд төрийн албан хаагчдын орон сууцны судалгаа гаргасан. Улсын хэмжээнд төрийн 192 мянган албан хаагч бий.

Тэдний 60 орчим мянга нь орон сууцтай. Өнөөдрийн байдлаар төрийн 56 мянган албан хаагч орон сууц хүссэн өргөдөл гаргаад байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж бий гэж харсан. Гэхдээ яаж олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахыг Засгийн газар шийднэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай