Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд ирэх 12 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлболон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийсэн юм.

Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхдөө аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах бөгөөд өөр хоорондоо уялдаатай, нэгдсэн стандарт, арга зүйтэй байна” гэсэн агуулгатай 5.7 дахь хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын “байгуулсан гишүүдийн тоо” гэснийг “байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр” гэж өөрчилж, 12.2.4 дэх заалтыг “12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжлээ. Түүнчлэн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21,2-т заасны дагуу тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

 Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгатай 4 дүгээр зүйлийг нэмэхээр болов.

    Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 31 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хуралдаанд ороолцсон гишүүдийн 60.4-64.6 хувийн дэмжлэг авч батлагдлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай