Тэмпо: Зарим зүйлийг юу ч бодолгүйгээр хийх дуртай

"Mixx" хамтлагийн дуучдаас  уран бүтээлдээ үнэнч үлдсэн нь Амараа, Тэмпо хоёр. Тэрээр амьдралын хэв маяг, хэн нэгэнд зориулсан уран бүтээлээрээ залуусын ярианы сэдэв болсоор байдаг. Тэгвэл түүний сүүлийн үеийн уран бүтээл болон бага насных нь тухай ярилцлагаа хүргэе.

- Сүүлийн үед та уран бүтээлийн олз омог ихтэй байгаа бололтой. Тархины фитнес нэвтрүүлгийг хөтөлж, өөрийгөө  өөр өнцгөөс үзэгчдэд нээж харууллаа. Тэс өөр мэргэжил ямар санагдаж байна?

-Энэ нэвтрүүлэг оролцогчдоос авхаалж самбаа, гүйлгээ ухаан шаарддаг. Хөтлөгч нь ч гэсэн сэргэлэн байж оролцогчдын чиглүүлж өгөх ёстой учраас тархи жинхэнэ фитнесээр хичээллэж байгаа юм. Гэхдээ нэвтрүүлгийг сонирхолтой байлгах, оролцогчдоо өөрөөр нь олуулах зорилгоор нэг их мэдэмхийрээд байж бас болохгүй. Хааяа нөгөө хэдтэйгээ нийлээд дүнхүү царайлаад зогсож байх үе ч байна. Мэдээж анх удаа л иймэрхүү нэвтрүүлэг хөтөлж байгаа учраас дасан зохицох гэж хэсэг юм болсон. 

-Залуус бие хаа, гадаад үзэмжиндээ анхаарч фитнест явах нь их болжээ. Тэгвэл та оюуны болон биеийн фитнесийн алинд нь илүү анхаарал хандуулдаг вэ?

-Тархины фитнес илүү юм билээ. Эхлээд тархиа хөгжүүлчихсэн байхад биеэ ч гэсэн тордоод аваад явж чадна. Энэ нэвтрүүлгийг хөтлөх болсноос хойш байр сууриндаа бүр ч итгэлтэй болсон.

-Багадаа юу сонирхдог,  ямар хүүхэд байсан бэ?

Уран  зураг, сонгодог урлаг, баримал гээд л урлагийн бүх л зүйлийг сонирхоно. Багадаа их ганцаардмал хүүхэд байсан. Ээж маань бага байхад гадаад явж, аав гэдэг хүний орон зайг мэдрээгүй өссөн.  Ер нь эмээ минь л намайг өдий зэрэгт өсгөсөн ачтай хүн дээ. Хааяа аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад их л атаархдаг байж билээ. Аавыгаа санаж, өөрөө өөртэйгөө ярьж байгаад л уйлчихдаг хүүхэд байсан. Тэгээд ч тэр үү хүмүүнлэгийн үйлстэн болох юмсан гэж боддог . Байгаагаа бусадтай хуваалцах сайхан шүү дээ. Боддог, мөрөөддөг зүйлс тэнгэрийн одноос их, сансарын галактикаас уудам байна.

-Ганцаардмал хүүг өөртөө итгэлтэй болгоход урлаг нөлөөлсөн юм болов уу?  

-Дуу хөгжим, кино урлаг хоёр миний амьдралыг тэжээж байдаг. Хааяа юу ч бодолгүй юм хийх дуртай. Алдаж байж онодог учраас ямар ч үед өөртөө итгэлтэй байдаг. Аливаа зүйлийг урьдчилж мэдрээд байдаг. Энэ миний том давуу тал болдог байх.

- Дууныхаа үгийг өөрөө зохиодог юм билээ. “Мартахгүй байхыг л хайр гэнэ”  гэх зэрэг амьдралаас ургасан зүйлээ бодож бясалгаж бичээд байна уу гэж ойлгогдохоор. Сүүлд гаргасан "EX calling" дуу тань богино хугацаанд хит болсон. Хүмүүс хуучин найз охин жүжигчин Шүүдрээд тэр дуугаа зориулж хийсэн гэх юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би түрүүн юу ч бодолгүй юм хийчихдэг үе бий гэж хэлсэн дээ. Үнэндээ Шүүдрээг тайван орхихыг хүсч байсан ч гаргасан уран бүтээл маань олон хүнд ташаа ойлголт төрүүлсэн байна лээ. Хүн болгонд өмнөх хэн нэгэн байдаг, түүнийгээ сайн муугаар дурсдаг шүү дээ. Үүн дээр дөрөөлж, бүх нийтэд хамааруулан бичсэн дууг маань ингэж хүндээр тусгаж авна гэж бодсонгүй. Үнэндээ бүх хүний эксд зориулж бичсэн дуу юм шүү.

- Их л магтуулж, муулууллаа . Хүмүүсийн хэл амнаас залхдаг уу?

-Юм хийж байгаа хүнийг хүссэн хүсээгүй хов жив тойрдог. Би магтуулж, муулуулах зүйлээ өөрийн мэдэлгүй хийчихсэн байдаг. Уг нь өөрийнхөөрөө жирийн амьдарч байгаа нь л энэ шүү дээ. Гэхдээ урлагийн хүн өөрийгөө амьд байгааг мэдрэхийн тулд аль, алийг нь сонсож явах хэрэгтэй байх.

-Амьдралыг юутай зүйрлэх вэ?

-Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл. Яг л боксын ринг дээрх тамирчин шиг нам цохиулна. Эргэж боссон ч дахиад л нам цохиулна. Тэмцэж, тэсэж гарсан нь ялагч болох тийм л талбар байх. Ялагч болсон хүн бусаддаа үүдийг нь нээж өгөх ёстой гэж боддог. Цаашдаа мөрөөдлөө биелүүлэхийн тулд эмо төрхөө солиод шинэ Тэмпо болон гарч ирнэ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай