Монгол залуусын орон хэмээх ДОРОМЖЛОЛ

Монгол залуусын орон. Олон сайхан залуус хотын гудамжаар зөрөлдөнө, хөгжилдөнө. Хаана л явна залуус, хаашаа л харна залуус. Ер нь тэгээд залуус зонхилсон улс гэдэг маань аль ч талаасаа харагддаг л даа, Сэтгүүлчид зурагт сайтаараа ярьж мэдээлнэ, мэргэжилтнүүд албан, албан бусаар хэлж сануулна. Залуус голлосон орон гэдгээрээ бахархаж байгаа маань энэ. Угаасаа хуучин цагт ийм байсан, өнөө цагт бүр ч түгээмэл болж. Бүр төрийнхээ хэмжээнд хавтгайрч байгаа юм биш үү. Засгийн газрын сайдууд нь индэрт гарч ирээд л мэдээлж байна, УИХ-ын гишүүд камер өөд харж байгаад л тунхаглаж байна. Монгол залуусын орон шүү, мэдтүгэй аюутугай гэж ирээд л. 

Гэтэл...! Ингэж хөөрцөглөхөөс урьтаж нэгийг бодон, хоёрыг тунгаан байж “Монголчууд маань хэд хүртэл насалж байгаа билээ" гэдгийг нэг сайн эрэгцүүлэх хэрэгтэй. 65-аас дээш насныхан хүн амын хэдэн хувийг эзэлж байгаагаа тоолох ёстой. Баримтгүй бахархагсад энэ статистикийг үзэж, хардаг л баймаар. Улсын үндэсний статистикийн хороо жилээр нь гаргадаг шүү дээ. Үүнийг сануулсаны учир нь залуусын орон гэж хөөрцөглөснөөрөө “Монголчууд богино насалдаг ард түмэн” гэдгээ гадныханд тойруугаар зарлаад байгаа бус уу. Зүдэрч, зүдэрч арай гэж гурван саяулаа болсон чинь насжилтын хязгаар хуучин хэмжээндээ л байна шүү дээ. 1989-2008 оны үзүүлэлтээр Монголын 65-аас дээш насныхныхны эзлэх хувь 0,67% л байж. Энэ нь ДЭМБ-ын гаргасан дундаж үзүүлэлтээс даруй 3-6 дахин бага тоо юм.

Ахмадууд нь хэдүүлхнээ байхад залуус нь олуулаа байхаас ч өөр яах билээ. Энэ байдал өнөөдөр ч гэсэн олигтой ахиагүйг Статистикийн хорооны албан дүн харуулж байна. Дэлхийн статистик бүр ч тодоор илтгэж байна. Дэлхийд  манайх 130-р байр хавьцаа л явна шүү дээ. 2015 оны хүн амны нэгдсэн тооллогоор 65-аас дээш настнууд ердөө 116 мянгуулаа байсан бол өнөөдөр хүн амын 1.44%-ийг л эзэлж байна. Иргэд тэтгэврийн насыг нэмэхийг эрс эсэргүүцдэг шалтгааныг эндээс л харж болно. За, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны зөрүү бол бүр талийж өгсөн. Саяхан 8 байсан тоо өнөөдөр 9 болж холдлоо гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж ярьж, анхааруулж сэрэмжлүүлсээр байгаа.

Эрчүүд 9 насаар бага насалж буйн шалтгааныг буруу хооллолт, зөрүү хэв маягтай холбон тайлбарлаж буй, мэргэжилтнүүд. Ээж, аавууд охиноо хоолны дэглэмд байлган бөөцийлж байхад хүүгээ ходоодных нь хэмжээгээр хооллож байна. Охидынхоо хуруу хумсыг гоёж гоодож байхад хөвгүүдээрээ хатуу хөтүү ажлууд хийлгэж байна. Том эрчүүд нь болохоор эхнэр, хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хог шавхрууг хаман идэж байна. Дээр нь бас замаа алдталаа архидаж, ухаан самууртлаа тамхидах. Үүнийг зан заншлын буруу хэв маяг гэнэ. Тиймээс дээрх бүх үйлдэл, эс үйлдлүүд монгол эрчүүдийн богино наслалт, нас богиносоор байгаагийн нууц ажээ. Хөөрхий минь, хүний төлөө явах тангараг өргөснөөрөө эрүүл мэндийн салбарынхан л энэ талаар жил бүр дуугарах юм даа. Гэвч иргэд анхаарч байгаа сэжүүр алга, Засаг бодлогоор дэмжиж байгаа ч сэжиг үгүй.

“Тэтгэвэрт гараад чад” гэж иргэдийн дунд хэллэгддэг үг өнгөн дээрээ хоржоон мэт ойлгогдов ч үнэн хэрэгтэй бодит амьдрал юм. Хөгшчүүд маань тэтгэвэрт суугаад хэдэн жил амьдарч байгааг бодох л хэрэгтэй. Бодох бус тооцоод гаргадаг байх шаардалгатай, Статиситикийн байгууллага нь. Хэвлэж гаргаад баримтгүй бахархагсдад тараах нь зүйтэй. Тэгж баймааж тэд ойлгох биз. Дээрээсээ бодлогоор дэмжихгүй л юм бол доороосоо хорогдсоор дуусах нь байна цөөхөн монголчууд. 3 саяулаа гэж юун бахархах. Энэ тоонд хүрэх гэж ээжүүд махийтлаа гүрийж, аавууд тахийтлаа хөдөлмөрлөсөн шүү дээ. Үүнд төр засгийн ямар дэмжлэг байсан юм. Дэмжлэг байсан сан бол гүрийж, тахийлгүйгээр өдийд 10 саяулаа сууж байхгүй юу. Тэгсэн бол харин чиг “Монгол залуусын орон” хэмээн бахархах байсан биз.
Тэгэхээр асуудлын өнгөн хэсгийг харж сагсалзахаасаа урьтаж нөхцөл байдлын нөгөө тал руу өнгийж харцгаая. Товчхондоо, ард түмнээ хэрхэн урт наслуулах тухай төр нь тулхтай тунгааж, засаг нь бодитой бодмоор юм даа. Ядахдаа ард түмнээ бага зовооё, бага мөлжие. Тэр цагт түмний нас уртсах ниргуутай.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай