Эмч нар: ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцруулахгүй бол маргаашаас эхэлж ажил хаяна

Эрүүл мэндийн салбарын 48.000 орчим ажилтны төлөөлөл Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар тус яамны гадна талбайд өнөөдөр жагсаал хийж байна. Түүнийг гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлж чадахгүй гэж үзэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт  хоёр заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа аж.

Шаардлагад:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ний дотор бүртгэх,
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах, 

Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдөр буюу маргаашнаас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай