Х.ДАВААЖАРГАЛ: Ааваасаа өвлөсөн нумаар харваж, улсын наадамд таван удаа түрүүлсэн

Төрийн наадамд зургаан удаа түрүүлсэн ганцхан (Гавьяат тамирчин, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг), тав манлайлсан хоёрхон харваач байдаг. Тэдний нэг нь Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, дархан мэргэн Хишигтийн Даваажаргал (нөгөөх нь Гавьяат тамирчин Ш.Даваахүү) юм. Нэлээд хожим буюу 27 насандаа, хоёр хүүхдийн ээж болсныхоо дараа сурын харваатай амьдралаа холбосон ч ганцхан жил хичээллээд улсын наадамд түрүүлж, мэргэн цол хүртсэн бахдам амжилт түүнийх.

36 сумаас 35, 40 сумаас 39 онон, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн тэрбээр 2001 онд улсын наадамд хоёр дахиа түрүүлж хошой мэргэн болж, 2003, 2004, 2005 онд завсаргүй гурван удаа манлайлсан амжилтаар даяар дуурсах мэргэн цол хүртжээ. Төрийн наадамд дөрвөн жил дараалан түрүүлсэн Х.Оюунчимэг, Хөдөлмөрийн баатар А.Цэвээн агсны хүү, Гавьяат тамирчин Хүдэрчулуун тэргүүтэй шилдгүүд түүний амжилтад хүрээгүй байгаа гээд бодохоор улсын наадамд тав манлайлах босго хэр өндөртэйн илрэл болов уу.

Эрээний тэргэний үйлдвэр хэмээх сууринд өссөн Х.Даваажаргал багаасаа аав, ахынхаа цэц сорихыг харан, үндэсний сурд хорхойссон ч хичээллэж төвдөггүй байж. 1989 онд Дорнод аймагт болсон бүсийн чуулга уулзалтад аавтайгаа очихдоо анх удаа сум тавьсан ч юун онох манатай, хөвчинд нь гараа шавхуурдуулан, шөрмөсөө тасалсандаа их шантарчээ. Ах Х.Пүрэв нь тэр тэмцээнд түрүүлж, спортын мастер цолны болзол хангасан ч сурын харваа сэтгэлийг нь тэгтлээ их татсангүй.

Түүнээс хойш сур харвалгүй явсаар их сургууль төгсжээ. Нутагтаа арван хурууны бичээчээр ажиллаж байгаад аавыгаа өөд болсны дараа хотод ирэв. Тухайн үед тодорхой хийсэн ажилгүй байсан түүнд ах нь сурын харваагаар хичээллэхийг зөвлөсний дагуу 1995 онд нум эвшээлгэн, сум тавьж эхэлжээ. Ааваасаа өвлөсөн нумаараа улсын наадмын таван түрүү хүртсэн Х.Даваажаргал өнөөг хүртэл эл нумаараа харваж явна. Сурын харваагаар 23 жил хичээллэн, харваачдын өмөг түшиг, өндөр ээж, бахархал нь болж яваа түүнтэй ярилцлаа.


-Таны нум их зөөлөн юм. Сумны хол, ойр тусах нумны зөөлөн, хатуугаас шалтгаалдаг уу?

-Нумны хатуу, зөөлөн бус, харваачийн ур чадвараас шалтгаалдаг. Нум хийц, бүтцээрээ өөр, өөр. Хатуу нумаар харвах амаргүй. Бяр их шаардана, гар амархан цуцна. Харваач нумандаа дасчихдаг, дадчихдаг. Нуманд маань ийм сум таарна, чийг авчихсан үед тэгж, салхитай өдөр ингэж харвана гээд бүр гарт орчихдог. Энэ нумаар аав харваж байгаад ахад өвлүүлсэн. Ахаас би өвлөн, сур харваагаар хичээллэснээсээ хойш өдийг хүртэл харваж байна. Их зөөлөн нум л даа.

Аав энэ нумыг нутгийнхаа буриад хүнээс худалдаж авсан юм билээ. Нарийн, ширийнийг нь сайн мэдэхгүй ээ. Юугаар ч сольж, юутай ч зүйрлэж, хэмжишгүй нандин эд. Аав, ах хоёр минь харваж байсан гэж бодохоор сайхан санагддаг. Ааваасаа өвлөсөн нумаараа өдий хүртэл харван, амжилт, үйл хэргийг нь үргэлжүүлж яваагаараа бахархдаг. Хүмүүс намайг “Улсын наадамд таван удаа түрүүллээ. Мундаг юм аа” гээд магтахаар нь “Минийх биш нум сайтайгийнх” гэчихдэг юм (инээв). Зарим хүн “Үе үе гэмтчих юм. Нумаа “тэтгэвэрт” гаргаад, шинийг авчих” гэдэг. Юу гэж тэгэх вэ. Аавынхаа нумаар харвасаар байгаад зодог тайлна.

-Хэдэн жилийн өмнө өөр нумаар харвасан юм билээ. Ялгаа нь юу байв?

-Нумаа хоёр, гурван удаа засуулсан. Зөвхөн би л гэхэд 23 жил харваж байгаа болохоор аргагүй л дээ. Хэтэрхий зөөлрөөд, бага сага гэмтчихээр нь засуулсан юм. Тэр хооронд Өлзийдэлгэр ахын буриад нумаар харваж байлаа. Тэр нумаар хоёр наадамд цэц сорьсон. Аавынхтай адил зөөлөн болохоор нэг их ялгаа байгаагүй.

-Таныг сурын харваагаар хичээллэхэд ах тань их нөлөөлсөн гэдэг. Багадаа шантраад больсон ч 27 насандаа эл спорттой амьдралаа холбоход “Арай оройтсон байх” гэж бодогдов уу?

-Багадаа сурын спорт сонирхдог байсан ч хичээллэе гэж зоримог шийдэж чадаагүй. Өөрийн гэсэн нум, сумгүй байсан болохоор ч тэгсэн байх. Манай нутагт сурын харвааны тухай баримтат кино хийж, харваж буй дүрс авах гээд гуйхад хүртэл зөвшөөрөөгүй, би. Хөдөөний хүүхэд ичихгүй юү.

Одоо эргээд бодох нь ээ, тэр кинонд зургаа авахуулчих минь яав даа. Тэгсэн бол аав, ах нартайгаа харваж байгаа бичлэгээ үзээд гоё байхгүй юү. Аав үндэсний сураар хичээллэ гэж намайг шахдаггүй байв. Би эхээс олуулаа. Хоёр эмэгтэй хүүхэдтэйгийн бага нь. 1995 онд Улаанбаатар хотод ирээд, тодорхой ажилгүй байтал ах нэг өдөр “Миний дүү ингэж зүгээр суухаар сур харваад үзвэл яасан юм бэ” гэдэг юм байна. Шууд “Үгүй” гэж хэлж яаж зүрхлэх вэ. Ахаасаа эмээлгүй яах вэ.

“Харин ээ. Яах вэ. Надад нум байхгүй шүү дээ” гэтэл “Ааваасаа өвлөсөн ахынхаа нумаар харва. Энэ нум ахыг нь мастер цолд хүргэн, харваач болгосон” гэдэг юм байна. Тэгснээ намайг дагуулаад, сурын талбайд очив. 60 гаруй метрийн зайд нэг тоосго тавьснаа “Энэ бай шүү. Харва” гэснээ “Онохгүй байх” гэсэн янзтай, итгэл муутайхан харсан. Би эхнийхээ сумыг давуулсан ч дараагийнхаараа оночихлоо. Ах баярлаж байгаа гэж жигтэйхэн “Овоо шүү дээ. Маргаашнаас бэлтгэл хийнэ ээ, хоёулаа” гэсэн.

Тэгж сурын харваагаар хичээллэж эхэлсэн. Анхны багш минь Х.Пүрэв ах. Бэлтгэл хэрхэн хийх, нум, сумаа хэрхэн тохируулахаас авахуулаад бүх зүйлийг ах зохицуулна, зөвлөнө. Үүний сацуу аавынхаа үргэлжлэл болж, нутаг усныхаа нэрийг гаргах сан гэх хүсэл намайг зүгээр суулгаагүй, “Хэцүү байна” гээд шантрах эрх байгаагүй.

-Хожим хичээллэсэн ч ганцхан жилийн дараа улсын наадамд түрүүлсэн танаас өөр харваач бий юү?

-Энэ талаар сайн мэдэхгүй. Бараг байхгүй болов уу. Хожим хичээллээд амжилт гаргасан харваач олон ч ганцхан жилийн дотор шуугиулсан нь ховор.

-Та амжилтын амтыг богино хугацаанд мэдэрсэн тамирчин. Ганцхан жил хичээллээд улсын наадамд түрүүлснээр тань олон хүн бахархдаг. Төрийн наадамд өнгөлнө, мэргэн цол хүртэнэ гэх багцаа танд хэр байв?

-1996 оны наадмаас сарын өмнө “Түрүүлээд, мэргэн болж байна” гэж зүүдэлсэндээ их бэлгэшээсэн. Өндөр амжилт гаргаж, түрүүлэх сэн гэх бодол надад байгаагүй ээ. Сайхан оролцъё, өрсөлдье л гэж бодсон. Тухайн үед 36 сумаар харвуулдаг байлаа. Би улсын наадамд 32 онон, түрүүлэхдээ 21 инчийн зурагт, 1000 төгрөгөөр шагнуулсан. Эхний 32 сумаас 28 онож, спортын мастер болсон. Сүүлчийн дөрвөн сумаараа түрүүлэх болзол хангаж байлаа.

Тэгж улсын наадамд хоёр дахь удаагаа цэц сорихдоо спортын мастер, мэргэн цол хүртэж билээ. Эмэгтэй харваачдаас анхдагч болсон маань тэр. Наадмын дараа хэвлэлд ярилцлага өгөхөд зүүдэлж байгаа юм шиг санагдаж байсан шүү. Тухайн үед улсын мэргэн болсондоо бус, аавынхаа хүслийг биелүүлсэндээ их баярласан. Амьд байсан ч болоосой гэж бодохоор дэндүү харамсалтай санагдсан. Хөөрхий минь намайг түрүүлэхийг битгий хэл олигтой харвахыг ч үзэж чадаагүй.

Аавыгаа улсын наадамд өрсөлдөнө гээд явдаг байсныг тод санадаг ч амжилтынх нь талаар тийм ч сайн мэдэхгүй. Гэхдээ яах вэ, ээж, ах хоёроо баярлууллаа гэж бодохоор сэтгэл арай өег байсаан. Тэднийгээ үргэлж амьд байх юм шиг эндүүрч, аавынхаа амжилтын талаар асуучих ухаан төрөөгүй л байгаа юм даа. Их мунхаг байжээ.

-Аварга болох амархан, аваргаа хамгаалах хэцүү гэдэг. Улсын наадамд гэнэт цойлсон таныг хэр амжилт гаргахыг наадамчин олон чих тавин хүлээж байсан нь мэдээж. Та дараа жил нь IV байрт шалгарсныг эс тооцвол гурван жил дараалан тааруу өрсөлдсөн. Олны хүлээлт, гэнэт ирсэн амжилт танд сэтгэл зүйн дарамт болсон уу?

-Энэ талаар ярихаас аймаар. 1996 онд айрагдсан ч гурван жил дараалан VI байрт шалгарахад амар байгаагүй ээ. Бэлтгэл, ур чадвар өөлөх юмгүй байсан ч өрсөлдөгчдөө бус, өөртөө ялагдаад байлаа. Ерөөсөө сэтгэл зүйгээ удирдан, хянаж чадахгүй байсан л даа. Үүний сацуу “Азаар түрүүлчихэж” гэх олны шүүмжлэл байдлыг бүр ч дордуулсан. Ер нь тамирчин хүн залуудаа, хичээллээд удаагүй, “Тааруу амжилт гаргавал яана” гэж санаа зовохгүй, тэр мундаг, энэ шилдэг гэж сүрдэхгүй байхдаа л амжилт гаргах арай амар юм билээ.

-Та хоёр дахь түрүүгээ 2001 хүртсэн. Тийм хүнд байдалд орчихоод юунаас эхлэв?

-Би тэгсэн, ингэсэн гэхээс илүү ахын гавьяа үүнд их бий. Надад “За, бэлтгэл рүүгээ явъя”, “Одоо болно. Дуусгая” гэдэг хоёр л үг хэлнэ. Наадмын бэлтгэлээ тийм зааварчилгааны дор базаасан. Гэрт найз, нөхөд ирвэл “Гэртээ байхгүй байна” гээд уулзуулахгүй. Бэлтгэлээ сайн хийснээс гадна тийм, ийм гээд тайлбарлахын аргагүй төвлөрч чадсан. Наадам эхлэхээс сарын өмнө тэгж төвлөрөөд, дуустал нь тийм байдалтай байдаг байлаа. Сурын харваа сэтгэл зүй, өөрөө өөртэйгөө өрсөлддөг спорт. Бэлтэл дээр бараг харваач бүхэн 40 сумаас 40 ононо. Гэтэл тамирчин бүхэн түүнийгээ наадмын зурхайд давтаж чаддаггүй. Харвахдаа аль болох юм бодохгүй байхыг хичээх хэрэгтэй. Орчноосоо тасаарч, дэргэд нь юу болж байгааг ч анзаарахгүй төвлөрч байж л амжилтад хүрнэ.

-Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн наадамд түрүүлэхэд тань дархан мэргэн цол амласан ч олгоогүй юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-Тэр наадамд түрүүлэхдээ 40 сумаас 39 онон, улсынхаа дээд амжилтыг шинэчилж байлаа. Наадмын өмнө цол олгоно гэж зарласан. Гэтэл наадмын дараа хүртээгээгүй. Яагаад, юу болсон юм бол гэж асуугаагүй, хөөцөлдөөгүй ээ. Дархан мэргэн болоогүй ч 39 онон, анхдагч болсноороо бахархаж явдаг. Миний амжилтыг дөрвөн жилийн өмнө Х.Оюунчимэг мэргэн ахиулсан. Надад өнгөрсөн жил дархан мэргэн цол нөхөж олгосон. Сурын харвааны хамгийн өндөр цолонд хүрсэндээ бус, надтай хамт олон хүн дархан мэргэн болсонд олзуурхаж байна.

-Улсын наадамд зургаан удаа түрүүлсэн ганцхан харваач бий. Ч.Мөнхцэцэг мэргэний амжилттай зуузай холбох, ахиулах бодол танд бий юү?

-Байхгүй ээ. Шуналтай хүн л тэгж бодох байх. Хүндэлж, үлгэрлэж явдаг мэргэнийхээ амжилтыг шинэчилье гэхээс илүүтэй аль болох олон хүнд ярин, мэдүүлж явахыг хичээдэг. Би ер нь хэр баргийн зүйлд шунадаггүй. Бусдад аль болох алдаа дутагдлыг нь хэлж, чадлаараа зөвлөхийг хичээдэг. Үндэсний сурын харваагаар олон тамирчин хичээллэж байна. Бүгд улсынхаа наадамд түрүүлэх зорилготой. Тэдэнд тээг болон, “Дахиад түрүүлчих юм сан” гэж шунаад яах вэ.

Зүгээр л тэдэнд зааварлаж зөвлөн, үлгэрлээд явах надад хангалттай. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Амжилтдаа эрдэлгүй энгийн, даруу, төлөв байхыг илүүд үздэг. Одоо ч залуугийнх шигээ түрүүлэх юм сан гэж шунахаа больчихож дээ. Үүнд нөлөөлсөн нэг зүйл бий. 2004 оны эхээр ээж өөд болсон. Тэр жил улсын наадамд түрүүлснийхээ дараа УАШТ-д цэц сорилоо. Хана, хасаа харваа, нийлбэр дүнгээр манлайлах болов. Гэнэт гурван алтан медаль хүнддэх вий гэх бодол төрж, хоёрынх нь дэд аварга болохоор шийдсэн.

Тэгээд сүүлчийнхээ сумыг давуулж харваад, мөнгөн медаль хүртэв. Дараагийнхаа төрөлд өрсөлдөхдөө уг нь дутааж харватал оночихдог байгаа. Хоёр алт, нэг мөнгөн медальтай харьтал яг орой нь ах бурхан болсон. Нэг жил ээж, ах хоёроо алдах хэцүү юм билээ. Тэрнээс хойш “Олны цагаан хэл ам хэцүү юм байна. Амжилтад шунах дэмий” гэж бодох болсон. Тухайн үед өөрийгөө мундаг байна гэж ер тоож байгаагүй. Хүний хийдэг, бусдын хүрдэг амжилтад хүрлээ л гээд нэг их ойшоодоггүй байлаа.

-Одоо ер нь өөрийнхөө амжилтыг тоодог уу?

-Саяхан манай холбооноос харваачдын амжилтыг бүртгэсэн юм. Тэгээд нэг хүү миний амжилтыг тэмдэглэж авсан юм. Зөвхөн улсын наадам, УАШТ-д гаргасан амжилтаа хэлэхэд бүтэн нүүр дүүрэхэд өнөөх хүү “Та чинь залуудаа ёстой од явсан юм байна шүү дээ” гэхэд өөрийгөө нэг үнэллээ. Мундаг амжилт гаргажээ гэж өөрийгөө одоо л тоож байна.

-Олны танил бус болж, амжилтыг тань хүмүүс мартах вий гэж эмээдэг үү?

-Эмээдэггүй. Харин ч эсрэгээрээ сайхан шүү дээ. Үндэсний сурын харваанд гаргасан амжилт минь түүх болж үлдэнэ. Үүнийг хэн ч үгүйсгэн, баллуурдаж чадахгүй.

-Танаас цөөн түрүүтэй ч Гавьяат тамирчин болсон харваач олон бий. Улсын наадамд таван удаа түрүүлсэн харваачийнхаа гавьяаг үнэлсэнгүй гэж олон хүн шүүмжилдэг юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Танил тал, хэр хөөцөлдөхөөс шалтгаалдаг юм байлгүй дээ. Надаас цөөн түрүүтэй харваач Гавьяат болчихлоо гэж би барьцдаггүй. Алсдаа болох байлгүй дээ. Яах вэ, би Гавьяат болчихвол дөрвөн түрүүтэй харваачдын шагналын замыг нээх болов уу. Сурын харвааны спортоос олон Хөдөлмөрийн баатар, Гавьяат төрвөл л сайхан. Хүүхэд, залуус биднээс үлгэрлэж, урамшиж улам олон хүн эл спортоор хичээллэх ч юм бил үү.

-Арай залуудаа хичээллэсэн бол таваас ч олон удаа түрүүлэх байсан гэж харамсдаг уу?

-Харамсдаггүй ээ. Арай залуу байсан болоосой гэж бодох үе бий. Гэхдээ спортоос өөр зүйлд шунах байсан.

-Та хамгийн сүүлд 2005 онд түрүүлснээсээ хойш улсын наадамд дахин манлайлахын тулд шунаагүй гэж үү?

-Мэдээж өрсөлдөж байсан болохоор шуналгүй яах вэ. Ээж, ах хоёроо алдсанаас хойш миний бодол өөрчлөгдсөн. 2005 оноос хойш улсын наадамд цэц сорихдоо өөрийгөө огт шахаагүй. Нутаг усныхаа нэрийг гарган, цолоо дуудуулаад л дундуурхан хавьцаа амжилт гаргавал бол оо гэж бодож явдаг. Түрүүлэх, цол авах хүсэлтэй залуу тамирчдын зорилго биелэг. Тэр л надад сайхан. Улсын наадамд дахин манлайлъя гэж зорьвол санасандаа хүрэх л байх. Өдий хүртэл гаргасан амжилтуудаас хамгийн дурсамжтай нь 2001 оны наадам. Хэрвээ би дараа жил нь түрүүлсэн бол улсын наадамд таван жил дараалан манлайлсан, ховор амжилтын эзэн болох байлаа.

-Би таны оронд байсан бол зургаа, тэр ч бүү хэл долоон удаа түрүүлж, түүхэнд нэрээ мөнхлөхийн төлөө зүтгэх байсан болов уу. Хамгийн гол нь үндэсний сурын спортод шинэ хуудас нээхийн төлөө.

-(Инээв). Наадамчин олныг баясгаад, залуу харваачдад үлгэрлээд явбал л бол оо. Би яах вэ, хийдгээ хийчихсэн, амжилтын сайхныг мэдэрчихсэн хүн. Шинэ мэргэн төрж, залуу харваач түрүүлэхэд өөрөө манлайлсан юм шиг баярладаг, самсаа шархирдаг. Би ирэх амралтын өдрүүдэд Хэнтий аймагт болох УАШТ-д өрсөлдөнө. Нөгөөдөр (маргааш) Чингис хааны мэндэлсэн нутгийн зүг хүлгийн жолоо зална даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай