Хотын төвд “морь харсан” төрийн албан хаагч хахуулийн хэрэгт холбогджээ

 Хотын төвд “морь харсан” төрийн албан хаагч хахуулийн хэрэгт холбогджээ

- Эд мөрийн баримтаар түүнээс 14 сая төгрөг хураав –

Нийслэлийн төв талбайн цэцэрлэг рүү “морь харж” байгаа зураг нь цахим орчинд шуугиан тарьсан төрийн албан хаагчийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй гэсэн мэдээлэл байна. Дашдоржийн Нэмэхбаяр гэх залуу нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллаж байсан бөгөөд төв талбай, Төрийн ордон руугаа харж байгаад шээсэн ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө ажлаасаа халагдсан юм. АТГ-ынхан уг үйлдлээс нь өмнө эрүүгийн хэрэгт сэжиглэн, нотлох баримтаа лавшруулан цуглуулж байсан аж. Түүний гэрт АТГ-ын мөрдөгчид саяхан нэгжлэг хийхэд бэлнээр 18 сая төгрөг гарч иржээ. Үүний 14 сая нь хахуульд авсан мөнгө гэдгээ Д.Нэмэхбаяр хүлээн зөвшөөрсөн талаар прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээлэв.

Д.Нэмэхбаяр нийслэлийн Өмчийн харилцааны газарт “Үдийн цай” хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалыг хашиж байхдаа тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс авлига авдаг байсан гэх мэдээлэл АТГ-ынханд ирсэн аж. Ингэхдээ тендерт шалгарсан байгууллагад зөвшөөрлийг нь гаргахгүй, гэрээний хугацааг сунгахгүй, зөвшөөрлийг нь цуцална гэх зэргээр сүрдүүлэн дарамталж авлигаа халаасалдаг байсан сурагтай.

Прокурорын байгууллагын эх сурвалж “Хясан боогдуулах замаар, аргагүй байдалд оруулж мөнгө авдаг байсан хэрэгт Д.Нэмэхбаярыг сэжиглэн шалгаж байгаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн бүх сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж, иргэдээс багадаа л 200 мянган төгрөг авдаг байсан нь тогтоогдсон” гэв. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тусгай сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүсээс хахууль авсан нь нотлогдоод байгаа гэнэ.

НӨХГ-ын эх сурвалжуудаас авсан мэдээллээр Д.Нэмэхбаяр Ажлаас халах тухай Б/29 дугаартай тушаал гарснаас хойш ажилдаа ирээгүй бөгөөд тус газрынхан одоо болтол тушаалын хувийг өөрт нь өгч чадаагүй юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай