Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг хоёр байнгын хороо дэмжив

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах боломжгүй гэсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн парламентын шийдвэрт тавьсан хоригийг хүлээж авах, эсэхийг өчигдөр Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хувь хүнтэй холбоотой асуудал учраас хаалттай дэгээр хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан ч дэмжигдээгүй тул хурал нээлттэй үргэлжлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд үүсэж болох эрх зүйн үр дагаврын талаар УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулж, хариулт авсан.

Ц.Мөнх-Оргил гишүүн “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцэх явцад хууль зүйн тодорхой гаргалгаа хийх шаардлагатай болж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч холбогдох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий хэмээн улсын ерөнхий прокурорын зүгээс тайлбарласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч боломжгүй гэсэн тайлбар өгч байсан. Тиймд УИХ-ын тухай хуульдаа үүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлж, өөрчлөлт оруулах нь дараа дараагийн парламентад чухал ач холбогдолтой” гэдэг байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ прокурорын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоол хүчингүй болно. Тэгэхээр прокурор дахин түдгэлзүүлэх саналаа УИХ-д өгөх шаардлага үүснэ. Д.Мурат гэм буруугүй нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг нь сэргээх боломжтой” гэсэн юм. Холбогдох албаныхан “Түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ-аас дахин сэргээсэн тохиолдол өмнө нь гараагүй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд боломжтой” гэсэн хариулт өгөв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн. Байнгын хороодын санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан тохиолдолд УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоол хүчингүй болж, улсын ерөнхий прокуроос дахин хүсэлт хүргүүлэх боломж нээгдэх юм.


Бэлтгэсэн: А.Амина

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай