Зоригтой нэг алхам олон боломжийг нээдэг

Зоригтой нэг алхам олон боломжийг нээдэг

Цаг тутам шинэ зүйл туршин, мэдэхгүйгээ мэдэж, мэдэхийн төлөө илүү хичээхийн сайхныг оюутнууд мэдэрдэг. Сүүлийн жилүүдэд олон оюутан зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөж, ямар нэг сургалтад хамрагдан, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг болжээ.

Тухайлбал, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаад, дотоодоор аялах, сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийх нь ихэссэн. Өдгөө БНСУ-д ажиллаж байгаа, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Ч.Энхтунгалаг тэдний нэг. Түүнтэй цахимаар ярилцсанаа хүргэе.

-БНСУ-д өмнө нь очиж байв уу?

-Өнгөрсөн жилийн зун, өвлийн амралтаараа тэнд ажиллаж байсан. Одоо гурав дахь удаагаа ирчихээд байгаа нь энэ.

-Яагаад заавал Солонгосыг зорих болов?

-Зуны амралтаараа Солонгост ажилласнаар сургалтын төлбөрөө төлөх, цаашлаад мөнгө хуримтлуулах, хэлний мэдлэгээ ахиулах, аялах зэрэг олон зүйлийг зэрэг амжуулах давуу талтай. Би Монголд зуны гурван сар ажиллаад сургалтын төлбөрөө олохгүй. Харин энд нэг сарын дотор олох боломжтой. Тиймээс БНСУ-ыг зорьсон. Сургалтын төлбөрөө аав, ээжээрээ төлүүлэх биш, өөрөө олох нь сайхан санагддаг.

-Ажиллах хэцүү байна уу. Хэдий хэмжээний цалин авдаг вэ?

-Солонгосчууд их эртэч. Тиймээс тахиа, солонгос хүн хоёрын хэн нь эртэч вэ гэж бодож эхэлсэн шүү. Ямар

ч ажил өглөө эрт эхэлдэг. Би одоо эмийн үйлдвэрт ажиллаж байна. Хоёр цаг ажиллаад 15 минут амардаг. Өдөрт найман цаг ажиллаад, 210 000 төгрөг авна. Мөнгө хурааж, хуримтлуулах боломж их. Ачаалалтай ажилладаг хэдий ч орой нь цалингаа авахаараа ядарснаа мартчихдаг./Инээв/

-Аялж зугаалах цаг зав гарч байна уу. Хаагуур явж, юу үзэв?

-Одоогоор Сөүлийн 123 давхар барилгыг үзээд явж байна.

-Шинэ орчинд дасан зохицоход амаргүй. Чамд ийм бэрхшээл тулгарч байна уу?

-Хэл мэддэггүй болохоор эхэндээ ажил олгогчидтой ойлголцоход хэцүү байлаа. Тиймээс ажлаа тараад, ойр зуурын үг цээжилж, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд түлхүү анхаарч байсан. Одоо бол солонгосоор өөрийнхөө хэмжээнд ярьчихна.

-Солонгосчуудаас суралцаж, Монголд хэрэгжүүлмээр зүйл юу байна вэ?

-Онгоцны буудлаасаа эхлээд тэс өөр орчин намайг угтсан. Автобусны буудал дахь дэлгэцнээс нийтийн тээврийн унаа хэдэн минутын дараа ирэхийг харж болно. Автобус нь ч цагтаа ирнэ. Мөн маш олон мод тарьж, хотоо бүсчлэн хөгжүүлсэн. Жишээлбэл, аж үйлдвэрийн, аялал жуулчлалын бүс гэх мэт. Аль ч гудамж нь утасгүй сүлжээгээр интернэтэд чөлөөтэй нэвтэрдэг. Энэ мэтийн энгийн зүйлүүдийг нь ч болтугай Монголдоо бий болгочих юм сан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай