Б.Баатархүү: Цагдаа нар иргэн ЗОДООГҮЙ

Замын-Үүд боомтын хилээр гарах гэсэн жолооч нарын дунд мөргөлдөөн үүсч, цагдаа нар хүч хэрэглэсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг мэдээлэлд Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийсэн юм.

Тэрбээр "Сүүлийн 2-3 жилийн хугацаанд БНХАУ-ын Эрээн хотын зүгээс Монгол Улсын хилээр өнгө үзэмж муутай, бүрэн бус тээврийн хэрэгслээр нэвтэрч, мөн хүн тээврийн авто машинаар ачаа зөөх зөрчлүүд илэрч байна. Зөрчлөө арилгах шаардлагыг Замын-Үүд сумын удирдлагад удаа дараа тавьж байжээ. Иймд ийм төрлийн зөрчил гаргасан 17-18 тээврийн жолоочийн хил нэвтрэх эрхийг хаасан. Үүнтэй холбоотойгоор тухайн жолоочид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Үүнтэй мөн тооны иргэд нэгдэж, 30 орчим хүн жагссан. Тэд энэ үеэр хуулийн дагуу хоёр улсын хилээр нэвтрэх гэсэн 14 том оврын автомашины 200 орчим иргэнийг нэвтрүүлэхгүй гэж, үйл ажиллагаанд нь саад учруулсан. Улмаар иргэдийн дунд маргаан үүссэн.

Хуулийн дагуу хил нэвтрэх гэж байсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагаас хэв журам сахиулах үйл ажиллагаа явуулсан. Мөн хилийн цэрэгтэй хамтран өөр замаар улсын хил нэвтрүүлэх арга хэмжээг авсан ч мөн жолооч нар саад хийхийг оролдож, тээврийн хэрэгслийнх нь урдуур орж хэвтэх, машинаараа замын хөдөлгөөнийг нь хаасан. Тодруулбал, 30 орчим настай Х гэгч иргэн биеийн байдал муудлаа гэж хэмээн газар унах зэрэг үйлдэл гаргасан. Үүнийг цагдаагийн байгууллага яаралтай тусламжийн төвд шуурхай дуудлага өгсөн. Эмч ирж үзлэг хийхэд тухайн иргэн нь ил харагдах шарх сорвигүй, ямар нэгэн гэмтэл, бэртэл  аваагүй гэдэг мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн. 

Монгол Улсын иргэнд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагдана гэж заасан. Иймд бусад зорчигчийн хөдөлгөөнд саад учруулах нь хууль тогтоомж зөрчиж байгаа хэрэг юм. Иймд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай