УАЗ-ын жолооч нар танхайрч, хил нэвтрэхэд саад учрууллаа

Замын-Үүдийн боомтоор хил давах гэсэн хүмүүс өчигдөр “хөл хорионд” оров. Түүгээр зорчигч болон ачаа тээвэрлэдэг “УАЗ-469” машины жолооч нар “Гурвын” гэх хаалт орчимд зогсон, дугуйныхаа хийг гаргаж, гарц хаажээ. Цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийхээр очсон ч үл тоосон гэнэ. Үүний улмаас олон хүн хохирч буй талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-ынхан Замын-Үүдийг зорьсон хүмүүст анхааруулга өгч, галт тэрэгний тасалбар худалдахаа түр хугацаагаар зогсоожээ. Мөн Автотээврийн үндэсний төвтэй гэрээтэй компаниудын автобуснууд ч зорчигчдоо хил нэвтрүүлж чадаагүй аж.

Тэднийг ямар шалтгаанаар ийнхүү боомтын үйл ажиллагаанд саад учруулж буйг хил, гаалийнхнаас тодруулахад “БНХАУ-ын талаас өнгөрсөн онд эвдэрхий, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслээр зорчигч болон даац хэтрүүлэн ачаа тээвэрлүүлэхгүй байхыг бидэнд мэдэгдсэн. Мөн нэг машинд олондоо таван хүн тээвэрлэх шаардлага ирүүлсэн. Бид жолооч нарт боломж олгохын тулд уг шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг өдий хүртэл сунгалаа. Ингээд нэг сарын өмнөөс энэ тухай анхааруулж, зөрчлөө арилгасан тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилээр нэвтрүүлж байгаа. Гэтэл үүнийг эсэргүүцсэн цөөн хэдэн хүн ийн зөрчил гаргалаа” гэв.

Бүрэн бус суудлын автомашинаар ачаа зөөж зориулалт бусаар ашигладаг зэрэг зөрчлөө засах шаардлага хоёр жилийн өмнөөс тавьж, түүнийг нь биелүүлээгүй 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг тус улсын талаас хассан байна.

Энэ шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар цуглаан зохион байгуулах үеэрээ Улаанбаатараас Эрээний чиглэлд зорчиж явсан том оврын 14 автобусны хөдөлгөөнд саад учруулжээ. Үүний улмаас жагсагчид болон зорчигчдын дунд маргаан үүссэнийг Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид хилийн цэргийнхэнтэй хамтран тарааж, иргэдийг хил гаргах ажиллагааг зохион байгуулсан гэнэ.

Тухайн үед автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэж газар хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байсан иргэн Х гэмтлээ гэсэн мэдээлэл ирсний дагуу эмнэлгийн яаралтай тусламж дуудан үзүүлэхэд ил харагдах гэмтэл, шархгүй байсан бөгөөд нарийн шинжилгээнд хамруулж байгаа гэдгийг орон нутгийн эх сурвалж хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай