11 настай хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд амиа алджээ

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн V ангийн сурагч хүү хөлбөмбөгийн хаалганд даруулснаас амиа алдав. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өнгөрсөн 18-ны 18.00 цагийн орчимд найзуудтайгаа тоглохоор эмээгээсээ зөвшөөрөл авч, хөлбөмбөгийн талбайд очжээ.

Тэр хавьд сургуулийн талбайгаас өөр тоглох таатай орчин байхгүй тул хүүхдүүд ихэвчлэн тэнд өдрийг өнгөрүүлдэг гэнэ. Хэрэг гарах үеэр хөлбөмбөгийн талбай нээлттэй, сургуульд жижүүрээс өөр хүн байгаагүй аж. Хүү төмөр шонгоос нь барьж, бөмбөг өшиглөх үед хаалга дээрээс нь унасан гэж түүнтэй тоглож байсан хүүхдүүд хэлжээ.

Өөрөөр хэлбэл, хаалганы нэг талынх нь тулгуур төмөр байгаагүй учраас хүүгийн дээрээс унасан бололтой. “Тэр хаалга байнга унадаг, бид өргөж босгоод л тоглодог” гэж хүүхдүүд хэлэв. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Талийгаач нэг гудамжинд амьдардаг 4-5 хүүхдийн хамт хөлбөмбөгийн талбай руу очсон юм билээ. Нэг их удаан тоглоогүй гэсэн. Хамт очсон нэг хүүхдийнх нь ээж, аав сургуулиас холгүй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм байна.

Хаалгыг унахаас сэргийлж, бэхэлсэн байдал


Хаалганы төмөр унасан даруйд тэр хүүхэд дэлгүүрт очиж, энэ талаар дуулгасан гэнэ лээ. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэж дуулсан. Яаралтай тусламжийн машин ирэхэд хүү хэдийнэ нас барсан байсан бололтой. Улаанбаатарт, ялангуяа гэр хороололд хүүхдэд зориулсан тохижилттой талбай хомс. Хүүхдүүд сургуулийн гаднах талбайд л өдрийг өнгөрүүлдэг юм. Гэтэл засаж додомдоно гэж байхгүй.

“Гэр хорооллынхон ямар орчинд байх нь хэнд хамаатай юм гэсэн байдлаар ханддаг. Үүний уршгаар нэг хүүхэд амиа алдлаа. Нийслэл, дүүргийн удирдлага үүнд анхаарах болсон байлтай. Сургуулиудын гаднах талбай, орчны аюулгүй байдлыг шалгаасай. Манай хүүхэд осол гарсан газрын дэргэдэх сагсны талбайд байнга тоглодог. Шийт нь уначих вий гэж айгаад, хүүхдээ тийш зүглэхийг хориглосон” гэлээ.

ОСОЛ ГАРСНЫ ДАРАА ТУЛГУУР ТӨМӨР АЛГА БОЛСНЫГ МЭДСЭН ГЭВ

Тус талбайг 2012 онд ашиглалтад оруулсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр сургуулийн захиргаанаас засвар хийсэн гэнэ. Энэ талаар тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ “Ийм явдал болсонд бид үнэхээр харамсаж байна.

Тухайн өдөр би сургуулиас 17.00 цаг өнгөрч байхад гарсан. Тэгэхэд талбайд хүүхдүүд байгаагүй. Хүүхдүүд тэр хаалгыг эвдэрхий байсан гэж яриад байгаа. Өмнө нь унаж байсан удаагүй.

Харин нөгөө хаалга нь хөдөлгөөнтэй байсан. Түүнийг нь сургуулийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах үеэр биеийн тамирын багш болон мужаанаар засуулсан юм. Уг нь хөлбөмбөгийн талбайг бид байнга түгждэг. Даанч хүүхдүүд хашааг нь давж, эсвэл торыг нь тасалж ороод байсан тул цоожлохоо больсон. Хаалганы тулгуур төмрийг саяхан аваад явчихаж. Түүнийг бид уг осол гарсны дараа л мэдлээ.

Жижүүр, манаач нар хаалгыг харчихаад “Зүгээр байна” гэж бодоод л айхтар шалгаагүй байх. Сургууль тарлаа, хичээлийн байрнуудаа засъя гээд хаана хаанаа хариуцлага алдчихлаа” гэв. Мөн “Манай сургуулийн бага ангийн хичээл энэ сарын 7-нд, дунд болон ахлах ангийнхан нь 14-нд тарсан. Багш, ажилчид өнгөрсөн баасан гаригаас амарлаа. Сургууль амарсан тул хүүхдүүдээ хаана, юу хийж байгаад эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Хүү тухайн өдрийн 19.00 цагийн үед амиа алджээ. Хэрэг гарснаас 20 орчим минутын дараа уг хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн шалгаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай