Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

Ирэх ням гаригт болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу хэвийн явагдаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос уламжлав. Уг сонгуульд хэрэглэх 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгож дууссан бөгөөд одоо тэдгээрийг хүлээлгэн өгч, санал авах байранд хүргүүлж байна.

Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж буй.

Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэжээ.

Нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 сум, дахин сонгууль гурван аймгийн дөрвөн суманд болно. Сонгуульд оролцохоор гурван нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авчээ. Нам, эвсэл болон нэр дэвшигчид сурталчилгаагаа энэ сарын 6-наас эхлүүлсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай