Т.Мөнхсарнай: Дуураймлууд хэзээ ч анхдагчийг гүйцэхгүй

Авьяаслаг бүсгүй Т.Мөнхсарнайтай ярилцлаа. Тэрбээр ур, ухаанаа шингээсэн бүтээлүүдээ үйлчлүүлэгчдэд хүргэдэг загвар зохион бүтээгчээс гадна дэлгэцийн уран бүтээлд зураачаар ажилладаг нэгэн юм.

-Та Урлах эрдмийн дээд сургуулийн “бүтээгдэхүүн”. Саяхнаас “Үүлэн” урлангаа байгуулж, хэрэглэгчдэд брэндээ хүргэж эхэлсэн гэсэн. Та ямар онцлогтой загварууд голчлон урладаг вэ?

-Би 2013 онд М.Энхжаргал багшийн удирдлагад загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн. Мундаг загвар зохион бүтээгчийн шавь болсондоо баярладаг. “Үүлэн” брэндээ үүсгээд жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Одоогоор тухайн үеийн трендээ дагахаас гадна монгол үндэсний хувцасны элементийг орчин үеийнхтэй сүлж, мөн принт буюу даавуу, торгон дээр уран зураг, ялангуяа дэлхийн дүрслэх урлагийн оргил болсон суут бүтээлүүдийг буулган орчин үеийн болон үндэсний дээл урлаж байна.

-Яагаад загвар зохион бүтээгч болохоор шийдсэн юм бэ. Багаасаа зурах дуртай, гарын уртай байсан уу?

-Охид багадаа хүүхэлдэйндээ хувцас урлаж, зурж тоглодог шүү дээ. Би ч тэдний нэг байлаа. Магадгүй бусдаас арай илүү уртай, түүндээ дуртай, тууштай байсан болов уу. Хоёрдугаар ангийн сурагч байхдаа л энэ мэргэжлийг эзэмшихийг мөрөөддөг байлаа.

-“Үнсгэлжин” гэх зэрэг өсвөрийн загвар зохион бүтээгчдийн уралдаан болдог шүү дээ. Сурагч байхдаа оролцдог байв уу?

-Олон удаа амжилттай оролцсон шүү. Уралдаанд оролцоод тэргүүн байр эзлэх болгонд энэ мэргэжилд улам л татагдаж, “Энэ л ирээдүйд миний хийх ёстой ажил” гэж боддог байв.

-Загвар зохион бүтээгч нар эрэгтэй, эсвэл ажил хэрэгч хувцас гэхчилэн аль нэг төрлийг дагнан урладаг. Та ямар төрлөөр дагнаж байгаа вэ?

-Одоогоор үндэсний хэв шинж агуулсан загваруудыг түлхүү урлаж байна. Ер нь аль аль төрлөөр нь өөрийгөө сорих дуртай. Яагаад ч юм илүү “амттай” санагддаг.

-Үндэсний хувцсыг хэт их эвдэж байна. Уламжлалт зүйл анх байснаараа байх нь зөв гэж үздэг хүмүүс бий.

Гэтэл сүүлийн үеийн тренд, орчин цагийн хандлагыг дагаад үндэсний хэв шинжийг нь алдагдуулалгүй өөрчлөх нь дээр гэдэг хэсэг ч бий. Харин та ямар бодолтой явдаг бол?

-Би үндэсний хувцасны хэв шинж, онцлогийг эвддэггүй. Элдэв янзын оруулга, чимэглэл хийж, янз бүрээр эсгэж үндэсний хувцсаа сэглэх дургүй. Загвар зохион бүтээгч хүн л юм хойно тухайн цаг үед тренд болж буй элементийг загварууддаа тусгах нь ойлгомжтой.

Эвдэхгүйгээр орчин үеийн байлгаж болно шүү дээ. Би тийм л аргуудыг эрэлхийлж загваруудаа урладаг.

-Бүтээллүүддээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?

-Би юу хийж үзээгүй билээ, юу хийх ёстой вэ гэж их боддог юм. Ер нь уран бүтээлч хүнд шинэ санаа байнга ундарч байдаг шүү дээ.

-Ямар үед бүтээлийн шинэ санаа тасралтгүй төрдөг вэ. Зарим үед толгой ажиллахгүй гацах тохиолдол бий биз?

-Яавал үргэлж шинэлэг байх вэ, ингэвэл, тэгвэл гоё юм байна гэсэн бодлууд эргэлдэж байдаг. Шинэ санаа, сэдвийг хаанаас ч олж болно шүү дээ.

-Гадаадын томоохон наадмын улаан хивсэн дээр алхах жүжигчин, дуучид гээд олны танил эрхмүүд ихэвчлэн таны урласан хувцсаар гангардаг юм билээ. Тэр хэрээр их үнэтэй байж таарна даа.

-Урлагийнхан гэхээс илүү өөрийн гэсэн ертөнцтэй, үзэл бодол нь хэдийнэ төлөвшчихсөн хүмүүс миний бүтээлээс худалдаж авдаг.

Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. Загвар зохион бүтээгчийн урлангаас “төрсөн” бүтээл нь нийтэд зориулсан, дэлгүүрт зардаг хувцас биш шүү дээ. Тиймээс илүү үнэтэй байх нь ойлгомжтой.

-Сүүлийн үед хувцас захиалгын газрууд олширсон. Хүмүүс ч загвар зохион бүтээгч, оёдолчныг эндүүрч, энэ нь загвар зохион бүтээгчдийг үнэгүйдүүлж буй мэт санагддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Үгүйсгэх аргагүй л дээ. Тэдгээр газарт ажиллаж буй оёдолчид ч гэсэн юм оёх чадвараа ашиглан амьдрах л гэж зүтгэж байгаа шүү дээ.

-Таны зохиож, урласан бүтээлийг хэн нэгэн дуурайлган оёж ашиг болох нь танд харамсалтай санагддаггүй гэж үү?

-Энэ асуудалд нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Тэд тэгж л хоолоо олж иддэг шүү дээ. Уг нь зохиогчийн эрх гэж ярих л ёстой. Гэхдээ би эсэргүүцлээ, тэмцлээ гээд манайд зохиогчийн эрхийг үнэлж, хамгаалж чаддаг ч биш дээ.

Түрүүлж сэтгэж, миний зохиосон загвар гэж бодон сэтгэлийн таашаал аваад л ашиглуулаад өнгөрөх үе бишгүй. Гэхдээ дуураймлууд хэзээ ч анхдагчийг гүйцэхгүй.

-Таны хань “Жаалхүү” фильмийн найруулагч Л.Таванбаяр. Та ч хэд хэдэн дэлгэцийн бүтээлд зураачаар ажиллаад амжжээ. Нөхөр тань кино урлаг руу “уруу татчихав” уу?

-Хүүгээ төрүүлчихээд гэртээ хэсэг суулаа. Тэр үед “Би яавал нөхөртөө тусалж чадах вэ. Юу хийх вэ” гэж боддог байв. Зураачийн ажил эзэмшсэн мэргэжилтэй минь ч ойр. Ингээд киноны хувцасны зураачаар ажиллаж эхэлсэн юм.

Кино бол хамтын уран бүтээл. Түүнийг өмнө нь ойлгодоггүй байж. Кинонд ажилласнаар би өөрийнхөө хүсэж буйг хүмүүст ойлгуулж, бусдын хэлэхийг сонсож, багаар ажиллаж сурч байна.

-Хэчнээн кинонд ажиллав?

-Найруулагч Л.Таванбаярын “Хүдэн”, “Хамгийн хөөрхөн охин”, Н.Элдэв-Очирын “Надаар тоглосон хайр”-т ерөнхий, “Логик” фильмийн “Диваажингийн нулимс”-т хувцасны зураачаар ажилласан.

-Гэр бүлээрээ нэг салбарт ажиллахад хэцүү юү. Эсрэгээрээ нэгнээ илүү ойлгож, дэм болдог болов уу?

-Харин ч амар санагддаг. Өөр салбарт ажилладаг байсан бол нэгнийхээ мэргэжлийн онцлогийг ингэтэл ойлгоо ч уу, үгүй ч үү. Ажлын явцад гэр бүлийн харилцаагаа хойш тавьж, бие биедээ уран бүтээлчийн үүднээс шаардлага тавина.

Нэгнийхээ хэлэх гэсэн санааг олон давтуулахгүйгээр ойлгодог болохоор их амар. Тухайн кинонд миний, нөхрийн минь нэр тамгалагдаж үлдэх учраас чадлаараа хичээж ажиллахыг чармайдаг.

-Киноны зураач нарын олонх нь эрэгтэй. Эмэгтэй ерөнхий зураач байдаггүй. Та ажиллах явцдаа чадах болов уу гэж эргэлзэх, басах хандлагатай тулж байв уу?

-Одоо ч тийм хандлага гаргадаг хүмүүс бий. “Эмэгтэй юм уу. Чадах уу” гээд л. Тэдний энэ хандлагыг ажлаараа л үгүйсгэнэ шүү дээ.

Сайн ажиллаж, алдаа гаргахгүй байж, хүсэж буй зүйлээ түс тас ойлгуулж байж л эмэгтэй зураач энэ ажлыг хийж чадна гэж харуулна. Би тэгж л ажиллахыг эрмэлздэг.

-Урласан хувцас тань хүмүүст таалагдаж, өмсөөд явж буйг харахад ямар санагддаг вэ?

-Мэдээж сайхан санагдалгүй яах вэ. Ур, ухаанаа гаргаж урласан миний бүтээл шүү дээ. Миний урласан хувцас тухайн хүний шүүгээнд хамгийн гоё, нандин хувцаснуудынх нь дунд байгаасай гэж хүсдэг.

-Тэгвэл ажилласан киногоо үзэхэд ямар мэдрэмж төрдөг бол?

-Яагаад ч юм надад кинонд ажиллах нь бүр ч илүү гоё мэдрэмж төрүүлдэг. Миний ажилласан киног олон хүн үзэж, хэлэх, харуулах гэсэн санааг минь ойлгох болохоор тэр байх.

-Кино урлагт бүр дурлачихсан уу. Цаашид киноны зураачаар үргэлжлүүлэн ажиллах уу?

-Зохиол, үзэгчдэд хэлэх гэсэн санаа нь таалагдвал ажиллаад байж яагаад болохгүй гэж. Өөр хэн ч байсан ажиллаж чадахаар биш, зөвхөн би л тохирох тийм уран бүтээлд ажилламаар байна. Тийм уран бүтээл таарвал л илүү шунах байх.

-Кино бүтээх явцад танд тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-Санхүүгийн бэрхшээл. Би киноны зохиолыг уншаад жүжигчдийн өмсөх хувцас, хэрэглэх зүйлс, хийх ажлаа төлөвлөж, зардлаа тооцон гаргадаг.

Тэр хөрөнгийг таналгүйгээр гаргаж өгсөн цагт л би хүссэнээр нь ажиллаж чадна. Зураач нарыг ид шидтэн, эсвэл бирд гэж боддог юм уу, “Чи аргалчих л даа” гэх хүмүүс бий. Бага зардлаар их зүйл хийж, бүтээх боломж хомс. Тийм тохиолдолд эвтэйхэн татгалздаг.

-Хувцасны зураачийн үнэлэмж хэр вэ. Кинонд энэ чиглэлийн хүн ажиллуулахгүй байх тохиолдол зөндөө шүү дээ.

-Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болж байна. “Хамгийн хөөрхөн охин” киноны жүжигчдэд тоглох дүрд нь зориулж олон хувцас урласан юм.

Гэтэл Гавьяат жүжигчин Б.Нармандах эгч “Өчнөөн жил кинонд тоглохдоо нэг ч удаа биенээсээ хэмжээ авахуулж, зориулан хувцас хийлгэж байгаагүй. Олонх найруулагч “Танд үүнтэй төстэй, нэг иймэрхүү хувцас байвал аваад ирээрэй гэж аргалдаг” гэсэн. Үүнээс л хувцасны зураачийн ажлыг орхигдуулдаг байсан нь харагдана.

-Загвар зохион бүтээгч, киноны зураачийн алинаар нь дуудуулах дуртай вэ?

-Эзэмшсэн мэргэжил минь учраас загвар зохион бүтээгч гэж дуудуулах дуртай. Мэргэжил минь надад илүү үнэ цэнэтэй.

-Хэрэв нөхөр тань найруулагч биш байсан бол та кино урлагт дурлах байсан болов уу?

-Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ сонирхох байсан байх. Би тайзны уран бүтээлийн, тэр дундаа бүжгэн жүжгийн хувцасны зураачаар ажиллахыг мөрөөддөг. Харин нөхөр минь надад тайзны биш, дэлгэцийн уран бүтээлд ажиллах боломж олгосон.

Цаашлаад илүү ажиллагаатай, сонирхолтой уран бүтээлд ажиллаж үзэхийг хүсэж байна. Ялангуяа хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжсэн, тэдэнд урам хайрлах кинонд ажиллахыг хүсдэг.

“Хамгийн хөөрхөн охин” киног хань минь тийм л зорилгоор бүтээсэн юм. Би ч энэ кинонд хамтран ажилласан.

-Загвар зохион бүтээгч хүмүүсийг хувцас худалдаж авдаггүй байх гэж боддог шүү. Та өөртөө, гэр бүлийнхэндээ зориулж олон хувцас урласан байх даа?

-Зөндөө. Хань, хүүдээ ч хувцас урладаг. Гэхдээ байнга биш ээ.

-Ямар загвар зохион бүтээгч, киноны зураачийн бүтээл танд таалагддаг вэ?

-Тэр энэ гэж цохох нэр байхгүй ээ. Маш олон загвар зохион бүтээгчийн шинэ цуглуулгыг харж, ажигладаг. Сүүлд гэхэд л “Gucci”-гийн шинэ цуглуулгад багтсан манай үндэсний дээлнээс санаа авсан загварууд нь их таалагдсан.

Киноны хувьд “Аравт” кинонд ажилласан зураачийн ажил их таалагддаг. Түүнээс ч болсон уу, сүүлийн үед түүхэн кинонд ажиллаж үзэх сэн гэж бодох болсон.

-Найруулагч нар кинонд ажиллуулах санал хэр тавьж байгаа вэ?

-Найруулагч нараас илүү тухайн кинонд ажиллах ерөнхий зураач нараас хувцасны зураачаар ажиллаач гэсэн санал их ирж байна.

-Нээрэн, гадаадын киноны хувцасны зураач нар кинонд ашигласан жижиг хэрэглэл, зохиосон загваруудаараа үзэсгэлэн гаргаж, шоу хийдэг юм билээ. Танд тийм бодол бий юү?

-Тийм тохиолдол байдаг юм билээ. Гэхдээ надад тийм бодол хараахан алга. Ихэнхдээ тухайн кинонд зориулж урласан хувцаснууд тус уран бүтээлийн продюсерын мэдэлд үлддэг шүү дээ.

Харин сүүлийн үед кинонд ашиглах хувцасны фондтой болохоор төлөвлөж байгаа. Ямар ч төрлийн кино бүтээж буй уран бүтээлч манай фондоос хүссэн хувцсаа олдог байхыг хүсдэг. Бага багаар цуглуулж, урлаж л байна. Нэлээд хэдэн жилийг үүнд зарцуулах байх аа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай