Я.СОДБААТАР: Байнгын хороог хаалттай хуралдуулах заалт байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч мэдээлэл хийсэнгүй. Тус бүлгийн дэд дарга Я.Содбаатараас хэлэлцсэн асуудлуудын талаар тодрууллаа.


-Нөхөн сонгууль болон ээлжит бус чуулган зарлах талаар ярилцсан уу?

-Энэ талаар ярилцаагүй. Харин Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, саналаа нэгтгэлээ.

-Дэгийн тухай хуулийн төсөлд байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулахаар тусгасан гэсэн мэдээлэл байна.

-Өргөн барьсан төсөлд тийм заалт байхгүй. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэгэнт тусгаагүй зүйлийг хэлэлцүүлгийн явцад оруулах боломжгүй. Ер нь хуралдааны дэгийг зохицуулахтай холбоотойгоор хуулийн төсөл боловсруулж, санал авах явцад ийм санаа гарч байсан. Одоо хэлэлцүүлгийн явцад ч зарим гишүүн ийм санал гаргаж байгаа. Дэлхийн жишгээс харвал парламентад байнгын хороод нь хаалттай хуралддаг юм билээ.

Энэ нь мэргэжлийн байнгын хороод улстөржилгүй, сонгогчдод таалагдах гэж бус, хэлэлцэж буй асуудлынхаа голыг олох боломж олгодог. Гэхдээ манайд нэгэнт нээлттэй явуулаад хэвшчихсэн учраас одоо хаалттай болгоно гэвэл нэлээд хүндрэл, хардалт гарахыг үгүйсгэхгүй. Харин хуралдааны танхимд асуудал үүсгэж байгаа гишүүдэд сануулга өгч, гаргах хүртэл арга хэмжээ авна.

Энэ мэт анхаарал татаж байгаа заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх, гишүүний ард буй иргэд хийгээд олонх, цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар ажлын хэсгийн түвшинд илүү нарийвчлан ярилцах байх.

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн хүрээнд банкуудад мөнгө өгөх гээд байна гэсэн хардлага бий болсон. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Яг энэ харилцаа бол өнөөдөр ямар ч хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаа юм. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанк банкуудын өөрийн хөрөнгийг өргөжүүлэхийн тулд 840 тэрбум төгрөг гаргасан байдаг. Гэтэл үүнийг хэн шийдэж олгосон, яаж эргэн төлөх вэ гэдэг нь асуудал дагуулж байгаа юм.

Тиймээс одоо хуультай болгоё гэж байгаа хэрэг. Ийм хуультай болсноор банкуудыг ямар процессоор хөрөнгөжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад тавьж буй шаардлагаа ойлгомжтой болгож, тэднийг хариуцлагажуулна. Энэ талаас нь харвал банкуудад хүнд тусаж болох юм.


Бэлтгэсэн: Б.Уран

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай