Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ

Зүүн  хойд  Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн  хойд Азийн хотуудын дарга нарын форумд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд ОХУ-ын Улаан-Үд хотын даргад талархал илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын  дарга А.М.Голков хэлэхдээ “Бид автомашинаар Улаанбаатар хотыг зорин ирлээ. Ирэх замдаа Улаанбаатар хотын зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай  танилцсан.  Өндөр сэтгэгдэл төрлөө. Танай хотод бүхий л салбарт ажил өрнөж, бүтээн байгуулж байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Түүнчлэн байгаль, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд бүс нутагтаа санаачилга гаргаж,  Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах санал дэвшүүлж байгааг ОХУ-ын Улаан-Үд хотын  зүгээс дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бололцоо бий. Тиймээс Нийслэлийн  аялал жуулчлалын газрын даргыг Улаан-Үд  хотдоо урьж байна. Нөгөө талаар хоёр хот  худалдаа, эдийн  засгийн харилцаагаа тэлэхэд хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх нь чухал. Иймд Улаан-Үд хотоос Улаанбаатарт  төлөөлөгчийн газраа нээж, ажиллах албан тушаалтнаа томилоод байна. Мөн Улаанбаатар хотын залуусыг Улаан-Үд хотод болдог спорт, соёл урлагийн арга  хэмжээнд  өргөнөөр оролцуулахыг хүсч байна” гэлээ. Хоёр хотын  дарга нарын уулзалт дараагийн удаа  Улаан-Үд хотод үргэлжилнэ гэж итгэж байгаагаа онцолж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг урьж байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков нь “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” салбар хуралдаанд оролцож, Улаан-Үд хотын гадаа орчны агаарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай