Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анхны монгол "Кадет"

Батальоны коммандер Э.Халигуун жагсаалыг ахлан алхаж байна


Миссүри Милитари Академи (MMA)-ийн кадетуудын авч болох хамгийн дээд цол нь батальоны коммандер юм. Тэгвэл энэхүү эрхэм хүндтэй цолыг Монголоос анх удаа Энхбаярын Халигуун авч байгаа юм.

Тухайлбал, Э.Халигуун 2018-2019 оны хичээлийн жилд ММА-н 130 дахь элсэлтийн кадетуудыг удирдан манлайлж, тэдний дэг журам, сахилга бат төдийгүй, сурлагын дүн зэргийг өндөр түвшинд байлгах хариуцлагатай үүргийг хүлээж байна. Мөн суралцагсдын хичээлийн болон чөлөөт цагаар хийгдэх үйл ажиллагааг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг хангах зэрэг маш хариуцлагатай албан тушаалыг хашихаар болжээ.

Кадет Э.Халигуун, ММА-н ерөнхийлөгч Тони Макжорж

Учир нь түүний манлайлал бусад кадет хэрхэн хөлөө олж амжилттай байхтай шууд хамааралтай. Батальоны коммандерын бас нэгэн үүрэг бол кадетуудыг комендантын албатай холбож, хамтран ажиллах юм. Энэ тухайгаа тэрбээр “Бусдын өмнөөс хариуцлага хүлээж, нэг нэгнээ ахан дүү мэт хүндэтгэн хайрлаж, огт танихгүй олон орны залуустай нэгэн гэр бүл мэт дотносож, хамтдаа суралцаж, хөгжинө гэдэг ММА-с олж авсан хамгийн үнэт зүйл юм. Үүнийг бид насан туршдаа санаж, харилцан бие биедээ тусалж байх болно. ММА-н кадетуудын нэг гэр бүл мэт халуун дулаан харилцаа нь кадетуудад илүү ихийг сурч мэдэх, биеэ дайчлах урам зориг өгдөг” гэв.

Энэ талаар түүнээс хоёрхон асуултад хариулт авсан юм.

  • Батальоны коммандер болсон тухайгаа анх сонсоход ямар байсан бэ?
  • Нуулгүй хэлэхэд, би баярласандаа уйлсан. Би тус Батальоны анхны монгол коммандер боллоо гэсэн бодол миний толгойноос салаагүй. Түүнчлэн би эх орон, эцэг эхийн нэр хүндийг унагаж болохгүй үргэлж өндөрт өргөх ёстой гэсэн бодол байнга орж ирж байсан.
  • Батальоны коммандер гэдгээ өөрийн үгээр тайлбарлаач?
  • Манай сургууль бидэнд багаар ажиллавал үргэлж илүү амжилтанд хүрдэг гэж сургадаг. Ийм учраас батальоны коммандер байна гэдэг нь бусад кадетуудад үлгэр дууриалал үзүүлээд зогсохгүй, хамтран нэг нэгэндээ санаа тавьж хамтдаа өсөж хөгжих бололцоог бий болгож, сургуулийн дэг журам, соёлыг хадгалахыг хэлнэ.

Э.Халигуун Германд олон улсын сургуульд сурч байгаад 9-р ангийн хоёрдугаар улирлаас ММА-д шилжиж орсон. Өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэл нь түүнийг өөр сургууль хайхад хүргэж, нэгэн төгсөгчөөс анх удаа ММА-гийн талаарх мэдээллийг авчээ. Ингэж ММА-д орох шийдвэр гаргасан түүхтэй аж. Сургуульдаа ирэхээс өмнө шинэ улс, цэргийн сургууль гээд юу хүлээж байгаагаа мэдэхгүй байсан тул бага зэрэг эмээж байсан ч ММА түүний цаашдын амьдралд нь академик боловсрол болон хувь хүний хөгжил, хувийн зохион байгуулалт талаас нь сайтар бэлтгэж чадна гэдэгт нь бат итгэж байсан гэнэ.

“ММА намайг маш ихээр өөрчилсөн. Өмнө нь би хичээлээ тийм ч их хийдэггүй байсан. Харин одоо Дельта Фи (Академик хүндэтгэлийн нийгэмлэг)-н гишүүн болсон. Энэ нь надад тааруу сурах эрх байхгүй гэсэн үг. Иймдээ ч хичээл сурлагадаа хэзээ хэзээнээс илүү анхаарч, хичээж байгаа.

ММА-д анх ирэхэд кадетууд хичээл хийх тусгай цагтай мөн тухайн цагтаа багш, академик зөвлөгч нараасаа ойлгоогүй хичээлээ чөлөөтэй асууж, хичээлээ давтдаг байсан нь миний анхаарлыг хамгийн ихээр татсан.

Зөвхөн академик сургалтад анхаарахаас гадна олон янзын спорт дугуйланд хамрагдаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болох боломжтой. Би сургуулийн хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн багт тоглодог” хэмээн тэрбээр ярив.

Э.Халигууны сэтгэлд тод үлдсэн дурсамжууд гэвэл 2017-2018 онд салаан дарга болж, удирдах манлайлах арга барилд анх суралцаж, өөрийн биеэр удирдагч манлайлагч байна гэдэг ямар хэцүү зүйл байдгийг мэдэрсэн явдал гэнэ.

Түүний хэлснээр “Би 10-р ангид байхдаа л Батальоны коммандер болохыг хүсч байсан. ММА-д цол нэмэх бүрт хариуцлага болон урам зориг нэмэгдэж байдаг. Түүнчлэн цол ахих нь бидний хэр шаргуу хөдөлмөрлөсний баталгаа болдог.

Надаас өмнө Батальоны коммандер байсан залуучуудаас үлгэр жишээ, урам зориг авч, энэхүү албыг нэр хүндтэй хашиж, ММА-д шинээр ирж буй кадетуудад үлгэр жишээ болохыг хүсч байна. Мэдээж хэрэг олон асуудал тулгарах нь гарцаагүй. Гэвч бид бүгд тухайн асуудлыг цаг тухайд нь хамтран ажиллаж, хамгийн зөв гарцыг олж байх болно” хэмээлээ.

Э.Халигуун ирээдүйд дипломатч болохыг хүсдэг бөгөөд ММА-д сурсан бүх зүйл нь түүнд их хэрэг болох нь гарцаагүй.

Тэрээр энэ зун эх орондоо очиж ТОEFL-н шалгалтанд бэлдэж, ирэх жилийн их сургуулийн бэлтгэлээ эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мэдээж хэрэг удаан уулзаагүй гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамдаа өнгөрүүлнэ. Э.Халигууны ээж нь ММА чамайг маш их өөрчилсөн гэж үргэлж хэлдэг гэнэ. Ингээд Э.Халигууны цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье. ММА-н талаар илүү мэдээлэл авах, суралцах сонирхолтой бол erdene.chuluunkhuu@missourimilitaryacademy.com энэхүү хаягаар захиа бичээрэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай