Анхаар: Багачууд ардаа гар буу нуусан байна

Үгүй ээ мөн, гайхалтай Дэлхийн тэмцээн болж байна аа. Аварга болох жагсаалтыг тэргүүлж буй олонх баг эхний тоглолтдоо бүдэрлээ шүү дээ. Үүнийг хэн ч таамаглаагүй. Ёстой л хар амралтын өдрүүд болж өнгөрлөө. Аргентин-Исланд 1:1, Бразил-Швейцарь 1:1, Герман-Мексик бүр 0:1. Түрүүлэх нигууртай баг тэмцээний эхэнд ялагдсан түүх байдаг л юм, 2002 оны Франц, 2014 оны Испанийн жишээний. Олон ч ДАШТ үзсэн, хуучны олон ч тэмцээнийг судалсан. Ингэж олуулаа будаа болсон тохиолдлыг би лав санахгүй байна. Хамгийн сонирхолтой нь, дээрх багууд нэг хэвэнд цутгасан мэт хэлбэр дүрс, хэв маягаар ялагдаж, мөн тэнцлээ. Франц хожлын гурван оноо авсан хэдий ч дээрх тодорхойлолтод багтах ёстой шигшээ.

Азын автогоолоор аврагдаагүй бол өдийд нөгөөдүүлтэйгээ сугадалцчихсан балбуулах байлаа. Бензин нь дууссан машин адил ихэнхдээ дороо хий эргэж, заримдаа угзчихаа алддаг байдал Францын тоглогчдод илт байсан. Олон одод нь багтаж шинээгүйдээ бус, бэлтгэлжилтийн түвшингийн нь байгаа байдал тийм. Гүйлтгүй баг тоглолтгүй байдаг нь хууль шүү дээ. Яг ийм төрх Аргентины багт тод харагдсан. Дасгалжуулагчийн нь сэтгэж байгаа нь тэр үү, эсвэл ахлагч нь азаргалаад байна уу, ямар ч л байсан 10 тоглогч бөмбөгөө зөвхөн Мессид л өгөх юм. Тэртээ тэргүй унаган бус байрлалд гарсан хүн юу хийж чадах билээ дээ. Хоосон нухсан, худлаа цохисон. Бүр пенальт алдсан. Банегаг төвд тоглуулж, Мессиг баруунд довтлуулах гээд нэг зориглочихгүй л байгаа юм даа, Сампаоли.

Мэдээж, Бразил, Германы ялалтад тэмүүлсэн тоглолтыг үгүйсгэж болохгүй. Тэд байдаг чадлаараа зүтгэсэн, байгаа хүчээ зарцуулсан. Гэвч “А” төлөвлөгөөндөө хэт найдсанаас болж “Б”, “В” хувилбараа хэрэгжүүлж чадсангүй. Уг нь бразил дасгалжуулагч Тите, герман көүч Лёв нар тактик боловсруулдгаараа алдаршсан улс шүү дээ. Францын Дешам, Аргентиний Сампаолид ч ийм чадвар бий. Гэтэл онолын заалтаас эсрэг дүн практикийн байдалд гараад ирлээ.

Үүнийг олон янзаар тайлбарлаж болно. Цаг агаар, цагийн зөрүү, дасан зохицол гэх мэт гадаад хүчин зүйлсийг олонтаа нэрлэдэг. Гэвч дээрх тайлбарууд өнөөгийн нөхцөлд огтоос таарахгүй. Хөлбөмбөг тоглох тэгш боломж сүүлийн тэмцээнүүдэд байгаагүй өндөр хэмжээнд Орост бүрдсэн. За яахав, цагийн зөрүүгээр шалтаглаж болох. Гэвч ДАШТ-д оролцож байгаа хөлбөмбөгчдийн 70 хувь нь Европийн лигүүдэд тоглодог болохоор 2-3 цагийн зөрүү бол тэдэнд юу ч биш. Тэгэхээр асуудлын гол нь дотоод хүчин зүйлд байна. Томчууд мөнхийн томоороо байх юм шиг сэтгэсээр ОХУ-д очсон байхад багачууд томорно гэсэн сэтгэл зүйтэйгээр тэмцээнийг эхлүүлсэнд л асуудлын цөм байх шиг. 2014 оны ДАШТ-д Кост-Рикагийн шигшээ яалаа даа. Хэсэгтээ Уругвай, Итали, Англиар туг тахиснаар барахгүй шөвгийн наймд шалгарсан шүү дээ. Нидерланд азаар пенальтаж л хожоогүй бол тэд хаа хүрэх байсан юм билээ. ДАШТ-д зориулж гурван сар бэлдсэний дүнд Кост-Рика тийм гайхамшгийг бүтээсэн байдаг. Яг ийм туршлагыг жижиг болон дундаж багууд энэ жил нэвтрүүлсэн нь илт байна.

Мексикийн дасгалжуулагч Осорио л гэхэд зөвхөн Германтай хийх өчигдрийн тоглолтод зориулж багаа бүтэн зургаан сарын турш бэлдэж. Үүний дүнд “Герман машин”-ы нэр хүндийг “Герман мопед” болтол буулгав. Хамгийн бахархууштай нь, Мексикийн шигшээ бусад буурай багуудын барьдаг тактикаас эрс өөр тоглосон. Хамгаалж болно, хамгаалахдаа ухаан зарж байна. Практикаас харахад, сөрөг дайрдаг жижиг улс хоёр, гурваараа л гоолын аз хайдаг байхад мексикүүд бүтэн багаараа довтолгоонд шилжиж байна. Өнөөх “Тотал хөлбөмбөг”-ийг төгсөөр нь хийж байна шүү дээ. Үүнийг баталгаажуулахын тулд, тоглолтын статистикийг харахад л хангалттай. Гоолын боломж, довтолгооны үр дүн, дамжуулалтын хүртээмж энэ тэрээрээ тэд Германы багаас илүү байлаа, илүү.  

Исландын жишээ. Дасгалжуулагч Халлгримссон чухам 2018 оны ДАШТ оролцуулах гэж багаа таван жилийн турш нүдсэн. Нүдсээр байгаад бүрэн автоматжуулчихаж. Япончууд роботоор машин угсруулдаг шиг. Мессиг хэдэн хүн барив аа. Хоёулаа, эсвэл гурвуулаа байлаа. Нэг хүнийг ийм олуулаа манана гэдэг Исланд шиг чадвар муутай багт хэт ахадсан тоо. Гэтэл Ди Мариа, Агуэро зэрэг  оддын хажууд өөр нэг исланд дагуул явж л байх юм. 14, 15-уулаа тоглоод байгаа юмуу хаашаа юм. Хамгаалж, хамгаалж гоол гэдэг хувилбар нь энэ. Үүгээрээ тэд Аргентин орныг алмайруулаад зогсохгүй, алаг дэлхийг ангайлгалаа. 350-хан  мянган исландаас айхтар том ухаан гарч байна шүү. Цаашдаа ч гарна. 2016 онд тийм байсан.

Бразилийн хувьд, өөрсдөө бүдэрч унасан. Хэт бардам  байсны сөрөг дагавар. Түүнээс хамаагүй илүү байна лээ. Довтолгооны тактик нь 2-3 хувирч, хагасуудын нь байрлал 3-4 өөрчлөгдөөд их л чамбай байна. Гүйлт нь ч дажгүй. ДАШТ-ий эрхийг тасархай авсан тоглогчдынхоо хөөрлийн хөөсийг л дасгалжуулагч Тите дутуу арчсан юм шиг байна.  Түүнээс биш юун Швейцарь энэ тэр. Тэрнээс нь цаадах нь цаашаа байхаар шигшээ байна лээ шүү.

Одоо томчуудаас Бельги, Английн тоглолт үлдэж байна. Өрсөлдөгчид нь Панам, Тунис. Цаасан дээр бол багачууд л даа, Австрали, Исланд, Швейцарь шиг. Гэвч багачууд ардаа гар буу нуусан байгааг бельги, англичууд эрх биш ойлгосон байлгүй дээ. Заримынх нь буу олон үсэрдэг сумтай байгааг ч ойлгосон байх. Яагаав, “Сомбреротой” дээрэмчид “Бенз” машиныг шүүрэн шанага болгоогүй юу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай