Л.Мессийг зогсоосон кино найруулагч

Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний өдрүүдэд А.Головин, К.Роналду, П.Погба, Л.Месси, А.Бухаддуз нар хэвлэлийн хуудаснаа тодоор бичигдэж байна. Тэдний дундаас онцгой намтартай, эгнэшгүй гавьяатай нэгэн тоглогч бол Л.Мессигийн торгуулийн цохилтыг хаасан Исландын багийн хаалгач Ханнес Халлдорсон.

Хөлбөмбөг бол Х.Халлдорсоны хообий юм. Тэрбээр 14 настайдаа ууланд дугуйгаар явж байгаад аавтайгаа мөргөлдөж, мөрөө гэмтээжээ. Бэртэл нь бүрэн эдгэхгүй, ужгирсан учир Ханнес хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэх тухай бодох болжээ. Тэрбээр бэлтгэл дээр нэгдүгээр хаалгачдаа тусалж, киноны сургууль, бизнес клубт илүү анхаарал хандуулах болов.

2004 онд Х.Халлдорсон Исландын хөлбөмбөгийн гуравдугаар лигт, Рейкьявик хотын багт тоглож байлаа. Түүнд үүнээс дээшлэх боломж бараг үгүй мэт санагдаж байсан агаад сэтгэлийн хат, өөрийгөө зоригжуулсны ачаар өөдлөх замд орсон гэдэг. Тэрбээр нэг удаа тольны өмнө зогсож байгаад өөрийн зургийг авч, ахин ийм байдлаар амьдарч болохгүй гэж хэлжээ.

Тэр цагаас хойш бэлтгэлийн танхимаас салаагүй Ханнес гурван жилийн дараа Исландын нэгдүгээр лигийн “Орам” багийн хаалгач боллоо. Ахин дөрвөн жил өнгөрөхөд хүүхэд ахуй насныхаа шүтээн “Рейкьявик” багтай гэрээ байгуулав.

Исландын шигшээ багийн хаалгач болоод цаашид юу хийх тухайгаа бодож эхлэв. Норвегийн “Бранн” багт зээлээр тоглохын зэрэгцээ эх орондоо авьяаслаг найруулагч хэмээн нэрд гарч эхэлснээс гадна эхнэр нь амаржив. Ийм олон үйл явдал зэрэгцсэн болохоор өөрийгөө алинд нь ч зуун хувь зориулж чадаагүй хэмээн тэрбээр дурссан нь бий.

Найруулагчийн ажил түүний хувьд хөлбөмбөгтэй адил хообий нь боловч спортыг гүнзгий сонирхдоггүй гэдгээ өчжээ. Таван жилийн өмнө Исландын шигшээ Бельгийн багтай тоглохоор бэлтгэж байхад эсрэг багийнхаа алтан үеийнхнээс зөвхөн Э.Азарыг л мэднэ хэмээн Ханнес үнэнээ хэлсэн нь дээрхийг нотолно.

Тийм ч учраас хаалгачаас илүү найруулагч мэргэжилдээ сонирхолтой гэж Халлдорсон өгүүлсэн биз. Кинотой холбоотой амбийц, төсөл нь хөлбөмбөгийнхөөс давж гарсан гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Халлдорсон кино найруулагчийн карьераа 14 настайдаа эхлүүлжээ. Гэмт хэрэг илрүүлдэг, усны хувцастай мөрдөгчийн тухай “Сэлэгч” кино түүний анхны бүтээл.

Насанд хүрээд Халлдорсон “Leynilogga” хэмээх кино бүтээв. Уг кинонд Рейкьявик хотод бий болсон гэмт бүлэглэлийг мөрдөж буй ижил хүйстэн цагдаагийн тухай өгүүлдэг.

Х.Халлдорсоны бүтээсэн сурталчилгаа Исландын телевизээр байнга гардаг. Тэрбээр шар айраг, йогурт, Исландын агаарын тээврийн компани, алдарт IKEA компанийн рекламыг бүтээжээ. Мөн хоёр баримтат кино түүний урын санд бий. ДАШТ-ий өмнөхөн Исландын телевизэд зориулж, Коке коланы сонирхолтой реклам хийснийг мөн дурдах хэрэгтэй болов уу.

Ийм нэгэн сонирхолтой намтартай хөлбөмбөгч Л.Мессигийн цохилтыг хаажээ. Исландын шилдэг найруулагчдын нэг дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгтэй халз тулж, яллаа гэсэн ч болно. Видеотой ажилладаг чадвар нь түүнд торгуулийн цохилт хаахад нь тусалсан аж. “Месси цохихдоо юу бодож болох вэ гэдгийг би төсөөлсөн. Түүний өмнөх цохилтуудын бичлэгийг харж байсан учир яадгийг нь мэдэж байсан” гэж Ханнес ярьжээ.

Харин одоо Аргентиний багтай хийсэн тоглолт кино болон түүхэнд үлдэж, Халлдорсон гол дүрийнх нь нэг болон мөнхөрчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай