А.Гансүхийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж прокурор үзжээ

Зам тээврийн сайдаар ажиллаж байсан өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын албан тушаал хашиж буй А.Гансүхэд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас сэргээн шалгуулах болсон.

АТГ, цагдаагийн байгууллагаас энэ хэргийг нэлээд удаан хугацааны турш шалгаж өдий хүрсэн. Үндэсний аудитын газраас “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан”-д аудит хийснээ УИХ-д тайлагнах үеэр ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Монгол Улсын төсвийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон бусад олон хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн төрийн бүх л шатны албан тушаалтнуудын хариуцлагагүй, дур зоргоороо байдлаас болж Ухаахудаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулсан хөрөнгө ямар ч үр ашиггүй болсон. Монгол Улс маш их алдагдалд орж байна. Дээр нь зээлийн хүү болон ханшийн зөрүү гэх мэт нэмэгдэл зардал гарч, асар их хохирол амсах болчихоод байна. Төрийн аудитын байгууллага чиг үүргийнхээ дагуу баталгаажуулсан” гэсэн билээ.

Энэ хэрэгт холбогдсон А.Гансүхийг НПГ-аас “Яллагдагч А.Гансүх нь Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Концессын тухай хууль зөрчиж, Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 26-ны “Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан нэг, хоёрдугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлж, улмаар “Самсунг Си энд Ти” компанийг “Энержи ресурс рэйл” компанитай гэрээ байгуулаагүй байхад ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай хамтран 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд Ухаахудаг, Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулах талаар 91 дүгээр тушаал гаргаснаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ, Эс Си Ти И Си Эм (SCTECM) гэх нэртэй компанийн захирал Ли Жон Ёл нарын хооронд барилгын ажлын зураг төсөл худалдан авах гэрээ байгуулагдаж, Эс Си Ти И Си Эм төмөр зам барих санхүүжилтын хөрөнгөөс 55.1 тэрбум төгрөг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Яллагдагч А.Гансүх нь хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 264.2-т заасны дагуу зүйлчилж, шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.

Харин өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд “Эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн заалт байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурор гаргасан юм билээ.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай