Д.Муратын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент энэ долоо хоногт хэлэлцэхээр дараалалд оруулжээ. Тодруулбал, УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг лхагва гаригт Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор, пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоол нь Д.Муратын, 47 дугаар тогтоол нь Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн агуулгатай. Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдсөн учир одоо Д.Мураттай холбоотой 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх юм.

Ерөнхийлөгчийн хоригт “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруутай, эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд УИХ-ын бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг парламент дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай” гэсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Мурат “Ерөнхийлөгчийн хоригийг би зөв гэж үзээд, дэмжиж байгаа. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад удахгүй буцаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг. Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай